АНУ-ын TIME сэтгүүл шинэ оны босгон дээр тухайн жилийн онцлох хүмүүсийн жагсаалтыг гаргадаг билээ. Ингэхдээ сайн болон муу аль ч талаараа тухай жилд хамгийн их дуулиан, шуугиан тарьсан хүмүүс болон бүлэг, багийг нэрлэх нь бий. Энэ жилийн жагсаалтын онцлог нь ажил үүргээ гүйцэтгэж яваад өөрийгөө эрсдэлд оруулсан, үнэн мөнийг туйлбартайгаар эрэн сурвалжилсан сэтгүүлчдээс хэд хэдэн хүн багтсан юм. Энэ жилийн жагсаалтад нийт дөрвөн сэтгүүлч болон нэг сонины редакц орсон байна.
Оны онцлох хүмүүсийн жагсаалтад багтсан сэтгүүлчдийг “үнэн шударгын дайнд тууштай байр сууриа хамгаалагчид” хэмээн онцолсон аж. Тэдний нэг нь Саудын Арабын иргэн, “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги байсан бөгөөд TIME сэтгүүл анх удаа нас барсан хүнийг оны онцлох хүнээр тодруулж буй нь энэ юм. Түүнчлэн Филиппиний улс төрийн бодлогыг шүүмжлэн бичдэг байсан Мария Ресса, Мьянмарын рохинжа үндэстний үнэн дүр төрхийг илчилсэн Ройтерс агентлагийн сэтгүүлч Ва Лон болон Кья Со нар, энэ оны зургадугаар сард зэвсэгт халдлагад өртөн, таван ажилтан нь амь насаа алдсан АНУ-ын Capital Gazette сонины редакцын хамт олон багтсан байна.
Ингээд оны онцлох арван хүний жагсаалтыг тайлбарын хамт хүргэж байна.
- Дональд Трамп
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нь 2016 онд ч бас оны онцлох хүнээр нэрлэгдэж байв. Тэрбээр энэ жил өөрийн явуулсан улс төрийн бодлого, шийдвэрүүдээрээ олны анхаарлыг сайн, муу аль аль талаар нь татсан юм. Тухайлбал, Хятад улстай худалдааны дайныг эхлүүлсэн, Цагаан ордны боловсон хүчинд ойр ойрхон шинэчлэлт хийсэн, Төв Америкийн цагаачдын цувааг эсэргүүцсэн, цагаачлалын бодлогыг шинэчилсэн, ЗХУ, АНУ-ын 1987 оны дунд тусгалын пуужинг устгах тухай гэрээнээс гарахаа мэдэгдсэн, АНУ-ын иргэншил олгох зарчимд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан, мөн оны сүүлийн саруудад сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс үүдэлтэйгээр Саудын Арабт хориг арга хэмжээ авалгүйгээр АНУ-ын худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьсан гээд анхаарал татсан олон бодлого, шийдвэр, алхмуудыг хэрэгжүүлсэн юм.
- Тусгаарлагдсан гэр бүлүүд
Трампын засаг захиргааны явуулсан хууль бус цагаачдыг хорьж, саатуулах бодлогын уршгаар АНУ-ын хил дээр 2000 гаруй гэр бүлийн гишүүдийг тусгаарласан юм. Тухайлбал, эцэг эхийг нь хууль бусаар цагаачилсан хэргээр шоронд хорих үеэр тэдний олон мянган хүүхдийг холбооны асрамжид түр байлгасан. “Үл тэвчих бодлого” хэмээн нэрлэгдсэн тус бодлогыг энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэл хэрэгжүүлсэн билээ.
- Владимир Путин
ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар илт давуу ялалт байгуулж, тус албыг хаших хугацаагаа дахин зургаан жилээр сунгаж чадсан В.Путин нь энэ оны TIME сэтгүүлийн онцлох арван хүнд багтжээ. Мөн 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон хэрэг, ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг Их Британид хордуулсан, Украины асуудал хурцадмал байдалд шилжсэн хэргүүдтэй холбоотойгоор тэрбээр энэ оны турш олны анхаарлын төвд байсан юм.
- Роберт Мюллер
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга асан Роберт Мюллер нь 2017 оны оны онцлох хүний санал хураалтад мөн өрсөлдөж байсан аж. Тэрбээр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон хэргийг болон сонгуулийн үеэр Д.Трампын кампанит ажилд хяналт, шалгалт хийж байсан юм. Роберт Мюллер нь Трампыг сонгуульд ялуулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон тухай олон нийтэд мэдээлснээр шуугиан тарьж байв.
- Райн Күүглэр
Кино найруулагч, 32 настай Райн Күүглэр нь энэ жил ихээхэн амжилтыг олоод буй Марвелийн кино болох “Хар ирвэс”-ийг найруулсан. Хар ирвэс нь үзэгчдийн дунд хамгийн их алдар нэрийг олоод буй анхны хар арьст баатар юм. Тус кинонд Африкийн Ваканда гэх улсын тухай өгүүлэх бөгөөд Ваканда нь гаднаасаа ядуу тарчиг мэт харагдавч яг үнэндээ техник технологийн хамгийн өндөр дэвшилд хүрсэн улс байдаг тухай кинонд гардаг юм.
- Кристин Бласей Форд
Өдгөө 52 настай, Калифорнийн их сургуулийн сэтгэл зүйн профессор Кристин Форд нь бэлгийн хүчирхийллийн золиос болсон эмэгтэйчүүдийн бэлэг тэмдэгт тооцогддог. Тэрбээр АНУ-ын Сенатын өмнө зөвхөн үнэнийг хэлэх тухай тангараг өргөснийхөө дараа Дээд шүүхэд нэрээ дэвшүүлээд байсан шүүгч Бретт Каваног бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. Кавано нь 1980-аад оны үед Мэриланд муж улс дахь хувийн орон сууцдаа хийж байсан үдэшлэгийн үеэр бүсгүйг дотно харьцаанд орохыг албадсан байна.
- Жамаль Хашогги
Саудын Арабын иргэн, “Вашингтон пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги нь аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт орсныхоо дараа амь насаа алдсан юм. Саудын Арабын төр засгаас явуулж буй бодлого, хүний эрхийн зөрчлийн тухай шүүмжлэн бичдэг байсан түүний үхэлд олон улсын зүгээс Саудын хунтайж Мухаммед бин Салманыг буруутгаж байгаа боловч хэргийг одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа юм.
- “Амьдралын төлөөх жагсаалын” идэвхтнүүд
АНУ-ын Флорида мужид өнгөрсөн Валентины баяраар зэвсэгт халдлага гарч, 17 хүн амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Үүний дараа тус сургуулийн сурагчид #NeverAgain буюу “дахин хэзээ ч ийм хэрэг гаргуулахгүй байх” нэртэй хөдөлгөөнийг өрнүүлж, тэр нь АНУ даяар өрнөсөн “Амьдралын төлөөх жагсаал” болж хувирсан юм. Жагсаалын гол зорилго нь АНУ дахь буу, галт зэвсгийн хяналтын асуудлыг сайжруулах, дахин ийм аймшигт хэрэг гаргахгүй байх урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад төр засгийг уриалах байв.
- Мүн Жэ Ин
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нь энэ жил болсон Пёнчаны өвлийн олимпын үеэр Өмнөд Солонгосыг зорин ирсэн Ким Жон Уны эмэгтэй дүүтэй нь уулзсаныхаа дараа Хойд Солонгосын удирдагчтай нийт гурван удаагийн дээд хэмжээний уулзалтыг хийсэн. Түүнчлэн энэ онд 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайныг “энхийн гэрээ” байгуулан албан ёсоор дуусгаж, АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг түүхэндээ анх удаа зохион байгуулахад зуучлагчийн үүрэгтэй оролцсон тул Мүн Жэ Инийг оны онцлох хүмүүсийн жагсаалтад багтаажээ.
- Меган Маркл
Жүжигчний мэргэжлээр ажиллаж байсан Меган Маркл энэ оны тавдугаар сард Английн хунтайж, II Элизабет хатан хааны ач хүү, Диана гүнжийн хүү Харритай хуримаа хийсэн билээ. Меган Маркл нь Холливүүдийн жүжигчин, өмнө нь хүнтэй гэрлэж байсан, мөн өнгөт арьстан гэдгээрээ олны анхаарлыг татсан юм. Хааны ордонд хөл тавьсан хойно нь ч түүний хийж буй үйлдэл бүрийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа юм.
TIME сэтгүүл нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй сэтгүүлийн нэг бөгөөд 1927 оноос хойш жил бүр оны онцлох хүмүүс болон бүлэг хүмүүсийг нэрлэсээр ирсэн аж. Түүнчлэн АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар бараг бүх жилийн жагсаалтад багтсаар ирсэн байна.
Оны онцлох арван хүнийг тодруулахдаа TIME сэтгүүл нь урьдчилсан жагсаалтыг эхэлж гаргаад, шилдгүүдийг шалгаруулахын тулд уншигчдын саналыг хураадаг байна.
Эх сурвалж: Time.com
Холбоотой мэдээ