“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г Засгийн газар, УИХ-д танилцуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.13-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г Засгийн газар, УИХ-д танилцуулна

“Эрдэнэс Таван толгой”-н IPO-г Засгийн газар, УИХ-д танилцуулна

News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-ыг онцолж байна.


Өнгөрсөн долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулж,  ахлагчаар Д.Сумъяабазар сайд ажиллаж байна. Ажлын хэсэг тогтмол хуралдаж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн тулгамдсан асуудлыг зохицуулан ажиллаж байгаа аж.

IPO багт ахлах шинжээч, шинжээчдээр дэлхийн топ их сургуулиудыг төгсч, АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, Австрали, Хонгконгийн банк, санхүүгийн байгууллага, томоохон компаниудад ажиллаж байсан ажлын өндөр туршлагатай найман мэргэжилтэн ажиллаж байгаа юм. Тэд  360 хоногт багтаан IPO гаргах үүрэг  хүлээсэн. Эхний үе шат болох 180 хоногийн хугацаа үндсэндээ  шувтарч байгаа гэнэ. Эхний шатны 180 хоногт хийх ажил нь дотроо найман үе шаттай. Д.Сумъяабазар сайд Засгийн газар, УИХ-д үе шаттайгаар ажлаа танилцуулах учиртай. Энэ дагуу хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг арванхоёрдугаар сард багтаан УИХ-д танилцуулах аж. УИХ, Засгийн газраас хувьцаагаа гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалах үүрэг өгсөн. Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж гэсэн гурван биржийг судалж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээрээс хамгийн боломжтой нь Хонконгийн хөрөнгийн бирж. Энэ хөрөнгийн бирж нь  бусад бүх хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдөх шаардлага тавьдаг.

IPO гаргах ажлын явц ямар байгаа талаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодруулахад тэрбээр “Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу маш сайн ажиллаж байгаа. IPO гаргах ажлын явц ямар байгаа талаар арванхоёрдугаар сарын 19-нд Засгийн газрын хуралдаанаар, 26-нд УИХ-ын чуулганд танилцуулна. Бид ажлын явцын  тайлангаа бэлдэж байгаа. Засгийн газар, УИХ-д танилцуулагдахаас өмнө дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

23.5 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУУЛИЙН ЦООРХОЙГООР УРСЧЭЭ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Тэрбээр жил гаруйн өмнө сайдад нэр дэвшихдээ “Алтаа олборлосон бол түүнийгээ Монголбанкинд тушаадаг байх ёстой. Татвар төлдөггүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхай эрхлэгчдийг хуулийн хүрээнд ажиллахыг шаардана” хэмээн хэлж байсан. Үүнийхээ дагуу тэрбээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар хэрэгжиж буй Ашигт малтмалын тухай хуулиар зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан эсвэл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөхөөр зохицуулагджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө

Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр 2012-2016 онд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг л төвлөрүүлсэн байна.

Үүнээс гадна УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр орсон хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болж байна. Энэ хугацааг дахин сунгахгүй бол алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага ажиглагдаж байгаа юм.

ХУУЛЬД ОРУУЛАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Батлагдсанаасаа хойш нийт 30 удаагийн өөрчлөлт орсон Ашигт малтмалын тухай хуульд дээрх зөрчлүүд үүсээд байгаа учир дахин өөрчлөлт оруулахаар болжээ.
  • Тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгажээ.
  • Аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банкинд хүлээлгэх заалтыг нэмж тусгасан байна.
  • Хуулийн төсөлтэй хамт Монголбанкны худалдан авсан алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг өөрөөр тогтоосон хуулийн заалтыг дагаж мөрдөх журмын хугацааг сунгахаар оруулжээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хуулийн төсөл батлагдсанаар Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх боломжийг бүрдүүлэх болно” гэдгийг тодотгож буй. Даваа гаригт  УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг хуулийн төслийг хэлэлцсэн ч  бүлгийн гишүүдийн олонх нь дэмжээгүй юм.

Өнөөдөр УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж