Япончууд оны эцсээр тухайн жилийн онцлогийг илэрхийлсэн ханз үсгийг тодруулж тэр оны бэлгэ тэмдгээр тодорхойлдог уламжлалтай. Ингэхдээ Японы ханз үсгийн холбооноос уралдаант санал асуулга зохион байгуулдаг байна. Энэ жилийн онцлох ханзаар “Гамшиг”-ийг илэрхийлсэн ханз тодорчээ.
Нийт 193 мянган хүн санал асуулгад оролцсоны 20 мянга гаруй нь “гамшиг” гэсэн ханзыг илгээсэн байжээ. 2018 он Япон улсад 200 хүний амийг авч одсон аймшигт үерээр эхэлж, Хоккайдо аралд хэд хэдэн газар хөдлөлт, цунами болсон учир шүүгчид ч санал нэгтэйгээр уг ханзыг сонгосон байна. Мөн энэ зун Япон улсын түүхэн дэх хамгийн халуун зун болж 150 гаруй хүн их халалтын улмаас нас барж, 80 мянга гаруй хүн эмнэлгийн байгууллагад ханджээ.
2018 оны ханзыг Киото хотын Буддын шашны хамгийн алдартай сүм болох Киёомизүгийн лам 1,5х1,3 метрийн хэмжээтэй тусгай “ваши” цаасан дээр бичжээ. Уг ханзыг бичихдээ цагаан зүсмийн морины сүүлээр хийсэн 4,5 сантиметрийн голчтой бийр болон Нара мужид тусгайлан үйлдвэрлэсэн бэхээр бичсэн байна.
Өнгөрсөн 2017 онд Солонгосын Хойгийн байдал ширүүсч, Умард Солонгосоос хэд хэдэн пуужин харвасантай холбоотойгоор “умард зүг” гэсэн утгатай ханз оны бэлгэ тэмдэг болж байсан бол 2016 онд Рио Де Жанейрогийн Олимпын наадамд гаргасан Японы тамирчдын амжилтыг бэлгэдэн “алт” гэдэг утгатай ханз тухайн оны бэлгэ тэмдэг болж байжээ.
Эх сурвалж: www.afp.com
Холбоотой мэдээ