ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

ЖДҮ-чид хэдий болтол төрийн ажил гацаах вэ?

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид очих байсан жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хамаарал бүхий компанидаа авсан ичгүүргүй УИХ-ын гишүүдээс болж, УИХ-ын ажил ч хэвийн үргэлжлэх боломжгүй болов.

УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнгөрсөн хоёр долоо хоногийн өмнөөс өнөөдрийг хүртэл гурван ч удаагийн хуралдаан зарласан ч ирц нь бүрдэхгүйгээс хурал нь хойшиллоо. Хэрэв уг хуралдаан болсон бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан юм.

Олон нийтийн зүгээс эл асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэхийг шаардаж ирсэн бөгөөд “Боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах саналыг ч гаргах болсон.

Харин эдийн засагчид хэрэв энэхүү бага хүүтэй зээл жинхэнэ эзэддээ хүрсэн бол ажлын байр олноор бий болж, эдийн засгийг бодитойгоор тэтгэх байсан гэж мэдэгдэж буй. Тухайлбал, эдийн засагч Б.Отгонтөгс “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн нэг тэрбум төгрөгийн зээлээр 1000 хүн амьдралаа залгуулж, 100 компанийг шинээр байгуулах боломжтой” хэмээн үр өгөөжийг нь онцолсон.

Мөн эдийн засагч Т.Доржханд “ 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрт ЖДҮХС-гийн зээлийн хүү буурсан. Хэрэгцээт зээл нь хамгийн ихдээ 100 сая төгрөг байсныг дээш өсгөсөөр 2 тэрбумд хүргэсэн.  Салбарын сайд нь, эсвэл орон нутгийн төвшинд Засаг дарга нар нь шийдвэр гаргаад авчихдаг тогтолцоог бий болгосон. Ингэснээр Засгийн эрхэнд гарсан улс төрчид зөвхөн өөрсдөдөө зориулаад 500-600 тэрбум төгрөгийг ойр тойрныхоо хүмүүст хуваарилсан байна. Алдагдсан боломжийг зөвхөн ажлын байраар тооцоолж үзье. Олон улсад 10 мянган ам.доллараар нэг ажлын байрыг бий болгоно гэж үздэг.  500-600 тэрбумаар тооцож үзэх юм бол дор хаяж 20-иод мянган ажлын бий болгох боломжтой байлаа” гэж ямар их боломж алдагдсаныг ажлын байраар жишээ аван тайлбарласан билээ.

Бизнес эрхлэгчид ажлын байраа өргөтгөх, техник технологи шинэчлэх болоход бага хүүтэй, урт хугацаатай зээл шаардлагатай байдаг. ЖДҮХС-гийн зээлийн хүү жилийн гурван хувь. Арилжааны банкны бизнесийн зээлийн жилийн хүү 20 гаруй хувьтай байдаг. Тиймээс үе, үеийн Засгийн газраас зээлийн хүүг бууруулж, бизнес эрхлэх таатай боломжийг олгохыг хүсэж ирсэн. Гэтэл УИХ-д сонгогдсон түшээд нь мэдээлэлд ойр байгаагаа ашиглаж, бага хүүтэй зээл авч, ард түмний боломжийг хулгайлаад зогсохгүй, төрийн ажил гацаадаг байна шүү. Ичих булчирхай байна уу, ЖДҮ-чид ээ!.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж