Тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг түр хойшлуулав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.12) хуралдаан 10 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 6 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолдоо,  Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … эрхэлсэн ажил, албан тушаал … -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд … төрийн байгууллагын бусад шийдвэр … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, хүчингүй болгожээ. Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн  Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.

Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо дэгийн туульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулав.

Уг хуулийн төсөл нь хоёр заалттай бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол Төрийн албаны тухай хуулийн 46.4 дэх хэсэгт заасан хугацаанд өргөдлөө гаргаж төрийн албанаас болон ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Асуулт асууж, үг хэлсэн гишүүд нэгэнт цэцийн тогтоол гарч хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон гарц, боломжийг ашиглаад Сонгуулийн тухай хуулийн бүрхэг, тодорхойгүй, ойлгомжгүй заалтуудыг нэг мөр болгож цэгцлэх шаардлагатай, ингэхдээ ээлжит сонгуулийн хугацааг эргэн харж шат шатны төлөөллийн байгууллагууд нь мэдэж зохицуулдаг болгох, сонгуульд нэр дэвшиж өрсөлдөөд ялагдсан төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнууд төрийн албанд эргэж ордог, төрийн алба хаагч болдог явдлыг тодорхой хугацаанд хориглосон хуулийн хаалт хийж өгөх нь зүйтэй, энэ үүднээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж дахин сайтар нягталж ярилцах нь хэрэгтэй байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтож, ирэх мягмар гараг гэхэд төслийн талаарх томьёоллыг бэлэн болгосон байх үүргийг ажлын хэсэгт өгөв.

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ

Төрийн албаны тухай хууль 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм байна. Үүнээс эхний дөрвөн дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нар санаачлан боловсруулж, энэ сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаалагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 65 дугаар зүйлийн 65.7 дахь хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг Улсын Их Хурал батална” гэж заасныг үндэслэн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын 1995 оны 6 дугаар сарын 2-ны ѳдрийн 35 дугаар тогтоолоор Тѳрийн захиргааны албаны зѳвлѳлийн дүрмийг анх баталж мөрдүүлсөн бол дараа нь Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 28-ний ѳдрийн 85, 2009 оны 12 дугаар сарын 04-ний ѳдрийн 87 дугаар тогтоолоор Зѳвлѳлийн үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан байна.

Тѳрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 онд баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний ѳдрѳѳс эхлэн дагаж мѳрдѳхѳѳр шийдвэрлэж, энэ хуулиар төрийн албаны чадахуй (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн албан тушаалд тавигдах шаардлага, төрийн албаны шалгалт авах, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, түүнийг албан тушаалд шатлан дэвшүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албан хаагчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцаанд уг зарчмыг удирдлага болгож зохицуулсан. Үүнтэй уялдуулан Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг чадахуйн зарчмыг хангуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаагаа хараат бус, бие даасан байдлаар явуулах чиглэлээр өргөтгөн тодорхойлжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын хариуцлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн хамгаалал, эрх зүйн болоод эдийн засгийн баталгааг хангахад Төрийн албаны зөвлөлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлсэн байна.

Энэ үндсэн дээр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дѳрѳв дэх дүрмийн тѳслийг Тѳрийн албаны тухай шинэ хуулийн зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн баталж мѳрдүүлэх шаардлагатай болсныг төсөл санаачлагч илтгэлдээ онцлов.

Төрийн албаны зөвлөлийн шинэ дүрмийн төсөлд: Төрийн албаны стандартын удирдлагыг улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг халж, Зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаар үйл ажиллагаагаа явуулж, нэгд, төрийн жинхэнэ албаны ерөнхий ба тусгай шалгалтыг зохион байгуулах, хоёрт, хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх, гуравт, маргаан хянан шийдвэрлэх, дөрөвт, сургалт, судалгаа зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн санг эрхлэх, тавд, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэхээр тусгажээ.

Мөн хуульд шинээр тусгагдсан хүний нөөцийн аудит хийх, төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах, төрийн албаны шинэтгэлийн бодлого,стратеги,хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санг эрхлэх, төрийн байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийхэд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн албаны ёс зүй, жендерийн эрх тэгш байдлыг хангахад хяналт тавихад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн төрийн албаны салбар зөвлөл, Ажлын алба, сургалт, судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн нэгжийн зохицуулалтыг шинэчлэн тусгасны зэрэгцээ Зөвлөлөөс бусад байгууллага, иргэдтэй харилцах үйл ажиллагааны арга, хэлбэрийг дүрмийн төсөлд тусгаж зохицуулжээ.

Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Дараа нь  “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн юм. Төрийн албаны тухай шинэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах,  гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно” гэж заасан.

Дээрх байгууллагуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталснаас хойш 9 жил мөрдөж байгаа агаад энэ хугацаанд өөрчлөлт ороогүй байгаа. Тиймээс энэхүү ангилал, зэрэглэлд хамрагдсан төрийн зарим байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, албан тушаалын нэр өөрчлөгдсөн тул ангилал, зэрэглэлд нэмж тусгах, бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан албан тушаалыг хасах зайлшгүй шаардлага үүсэж байгаа аж. Энэ шаардлагын үүднээс “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолоор баталсан ангилал, зэрэглэлийг шинэ хуульд нийцүүлж өөрчлөлт оруулахаар энэ тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг харгалзан 6 байгууллагын одоо мөрдөж байгаа бүтцээс хасагдсан 11 албан тушаалыг ангилал, зэрэглэлээс хасах, шинэ хууль батлагдсантай холбогдуулан 10 байгуулагын 19 албан тушаалыг шинэчлэн боловсруулсан ангилал, зэрэглэлд нэмэх, ижил түвшинтэй чиг үүрэг гүйцэтгэдэг атлаа хоёр өөр ангилал, зэрэглэлд байгааг жигдлэх үүднээс 4 байгууллагын 7 албан тушаалын ангилал, зэрэглэлийг ахиулахаар тогтоолын төсөлд тусгасан байна.

Үргэлжлүүлэн “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэл”-ийг Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг одоо мөрдөж байгаа.

Тѳрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-д өөрчлөлт оруулах талаар төрийн холбогдох байгууллагуудаас санал авч, ирүүлсэн саналуудыг багцалж үзэхэд албан тушаалыг зэрэг зиндаа ахиулах санал зонхилж байгаа аж. Гэхдээ зэрэглэл ахиулах үндэслэл хангалтгүй, ирүүлсэн саналын дагуу зэрэг зиндааг ахиулсан нөхцөлд нэгэнт тогтсон одоогийн зэрэглэлд ихээхэн өөрчлөлт орж, зохистой харьцаа алдагдахын зэрэгцээ түүнд шаардагдах цалин, урамшууллын нэмэгдэлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр 2019 оны улсын төсөвт тусгагдаагүй байна гэж Төрийн албаны зөвлөл үзсэн байна. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа ангилал, зэрэглэлийг үндсэнд нь хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ талаарх тогтоолын төслийг боловсруулжээ.

Эцэст нь “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Журмын шинэчилсэн найруулгын төслийг Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Улсын Их Хурлын 2003 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албан тушаалд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам” зэрэг хууль тогтоомжийг үндэслэн боловсруулжээ.

Журмыг хэлэлцэж баталснаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох, төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах, буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт бий болох юм байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцхийг дэмжив. Иймээс эдгээр тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж