Охины захидал аавыгаа ганцаардлаас аварч, хүссэн багт нь авчир
NHL буюу Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчин Жордан Леопольд саяхан “Миннесота”-д солилцоогоор ирсэн. Тэгвэл түүнийг багаа солих гол “ажил”-ыг 11 настай охин Жордин Леопольд нь хийсэн гэнэ. “Колумбус”-д тоглодог аавыгаа Миннесота дахь гэртээ ирэхэд нь туслахын тулд охин “Миннесота”-гийн удирдлагад захидал бичжээ.
“Аав минь тэнд гэр бүлгүйгээ их ганцаардаж байгаа. Ээж ч, эгч ч, дүү ч тэнд дэргэд нь байхгүй. Дасгалжуулагч нь ч хангалттай тоглох цаг өгөхгүй байгаа гэсэн. Харин бид бүгдээрээ Миннесотад амьдардаг. Та солилцоо наймааны цонх хаагдахаас өмнө аавыг минь багтаа авч чадах уу?” гэх утгатай үгсийг 11 настай охин Жордин бичсэн ажээ. Энэ захидлыг фэйсбүүкт тавьсан бөгөөд сэтгэгдэл бичсэн хүмүүс “Алив, охины хүсэлтийг бодоод Миннесотагийн баг солиод авчих л даа, аавыг нь” гэх мэтээр маш олон хүн дэмжжээ.
Тэгээд ч охины захидлыг үндэслэн “Миннесота”-гийн удирдага Жордан Леопольдыг Жастин Фолкаар сольж, өчигдөр багтаа авлаа. Сэтгэл хөдөлгөм хоккейн ертөнцийн өнөөдрийн гол мэдээлэл болоод байна. “Колумбус”-ын дасгалжуулагч Ярмо Кекайлайнен твиттертээ энэ талаар “Дандаа дан бизнес л боддоггүй юм шүү” гэж бичсэн байна.
Эх сурвалж: http://horom.mn