МУСТА Дуучин С.Бичүү хэдхэн хоногийн дараа "Будаггүй уруулын амт" анхны бие даасан тоглолтоор фенүүдтэйгээ уулзах гэж байна. Тоглолт гуравдугаар сарын 05-ны өдөр 19.00 цагаас АСА циркэд болно. "Би чамд хайртай", "Будаггүй уруулын амт", "Өвөл хайр", “Дахиж би дурламааргүй байна”, “Гурван жил”, “Сүүлчийн зогсоол” зэрэг хит дуунуудаараа олонд танигдсан дуучин С.Бичүүтэй удахгүй болох тоглолт, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. Түүнтэй Улаанбаатар чуулгад тоглолтынхоо бэлтгэлийг хийж байх үеэр нь уулзсан юм.
-Анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. С.Бичүүгийн урлагийн салбарт 10 гаруй жил хүчин зүтгэхдээ олонд хүргэсэн уран бүтээлийг нэг дороос сонсч, мэдрэх нь. Тоглолтын онцлог юу байх бол?
–Баярлалаа. Зориглоод анхны бие даасан тоглолтоо хийхээр барьж авсан. Уран бүтээлээ хийсээр ирсэн арав гаруй жилийн хугацааны тайлангаа тавих гэж байна гэхүү дээ. Урын санд байгаа уран бүтээлүүдээсээ багаараа ярилцаж байгаад хүмүүст сайн хүрсэн, одоо ч сонсох дуртай, сайн хөгжмийн найруулгатай 20 гаруй уран бүтээлийг сонгосон. Бүх дуугаа амьдаар, амьд хөгжимтэй дуулна. Зарим дууныхаа хөгжмийн найруулгыг өөрчилж баяжууллаа. Тоглолтод нэг үеийн уран бүтээлчид болох МУГЖ Жаргалсаыхан, Тake off хамтлаг, дуучин Сэлэнгэ, миний анхны уран бүтээл дээр хамтарч дуулж байсан дуучин Орхонцэцэг, амьд хөгжмийн болон бүжгийн хамтлаг, циркийн уран бүтээлчид гээд өргөн бүрэлдэхүүнтэйбаг оролцоно. Ямар ч гэсэн миний тоглолтыг зорьж ирсэн хүмүүсийг уйдаахгүй гэдэгт итгэж байна.
–Тоглолтоо “Будаггүй уруулын амт” гэдэг хит болсон дууныхаа нэрээр нэрлэсэн байна. Энэ дууг дуулсан түүхээсэээ хуваалцаач?
-2003 оны үед гарсан дуу. Миний хувьд 3-р курсийн оюутан байхад Батхуяг ах маань анх сонсгож байлаа. Тухайн үед би дандаа хүний дуу дуулаад л явдаг байсан. Дууны үг, аялгуу маш их таалагдаад, энэ дууг дуулсан. Олон нийтэд ч сайн хүрсэн. Ерөнхийдөө урлагийн амьдралаар явах замыг засч, урам өгсөн. Үүний дараа хөгжмийн зохиолч Балхжав ахаасаа Өвөл хайр гэх уран бүтээлийг авч байлаа. Энэ дуу маань ч одоо ч залуусын дуртай дуу хэвээрээ байгаа.
-Уран бүтээлийн нас гэж бий. Урт настай уран бүтээлийн онцлог юу байдаг гэж та боддог вэ?
-Сайн уран бүтээл төрөх нь зөвхөн дуучнаас хамаарахгүй. Тухайн уран бүтээлийн шүлэг, хөгжмөөс их шалтгаалдаг гэж би боддог. Дуучнаас илүү үг,аялгууг мэдэрч бүтээсэн уран бүтээл олон жилийн дараа ч үнэ цэнээ алддаггүй. Харин цаг үеийн стиль, имиж хөөцөлдөөд гаргачихсан, эсвэл хүчээр хүмүүсийн аманд аялагдсан дуунууд сарын дараа, жилийн дараа мартагдах нь бий. Будаггүй уруулын амт дууны тухайд нэрнээсээ эхлээд их содон. Дээрээс нь миний хоолойнд тохирсон, сайн яруу найрагч, хөгжмийн зохиолчийн бүтээл учраас хүмүүст сайн хүрсэн байх.
-Таны хувьд байнга шинэ уран бүтээлээр “бөмбөгдөөд” байдаггүй. Гэхдээ урлагт үнэнч хэвээрээ л байдаг юм шиг санагддаг?
-Олон шинэ дуу ар араас нь гаргаад, рекламдаад байхыг хүсдэггүй. Гол нь чанартай, сайн уран бүтээл сонгож ажиллахыг хүсдэг. Сайн уран бүтээлийг зүгээр нэг олчихгүй. Шинэ дууны санал байнга ирдэг ч тэр болгоныг хүлээж аваад дуулаад байдаггүй. Өнөөдөр дургүй дууг нь 1000 удаа сонсгоход дуртай болж байна. ийм хандлага байгаа нь үнэн. Үүнтэй би эвлэрдэггүй. Хүмүүс намайг “чи яагаад алга болчихов” гэж асуух тохиолдол бий. Өнөөдрийг хүртэл С.Бичүү гэдэг хүн уран бүтээлээс хөндийрөөгүй, урлагтаа үнэнч явж байгаа.
-Бие даасан тоглолт хийх мөрөөдөл гэхиймуу санаа хэзээ төрсөн бэ?
-Урлагийн амьдралыг сонгосон хүн болгонд ийм мөрөөдөл байдаг байх. Миний хувьд тодорхой төлөвлөж байгаагүй ч цаг үеийн тохироо нь бүрдэхгүй, янз бүрийн асуудлаас хойшилж байсан. Ингээд найз нөхөд, уран бүтээлчид, гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр өнгөрсөн есдүгээр сард төлөвлөгөөгөө гаргаад ажилласан. Миний хувьд хоёр ч цомог гаргасан, чамгүй олон бие даасан уран бүтээлтэй мөртлөө нэг ч удаа тоглолт хийж, уран бүтээлээ тайлагнаж байгаагүй. Тиймээс энэ удаа зориглоод нэлээд сэтгэл гаргаж бэлтгэлээ базаасан. Мөрөөдөл маань энэ жил жинхэнэ утгаараа биелэх гээд байна. Энэ дашрамд хэлэхэд “Хаан хүнс импекс” компанийн захирал н.Чимэд-Очир, “Роял” академийг үүсгэн байгуулагч Н.Учрал, “Эрдэнэ” дизиан хэвлэлийн компани, “Эрхэс” энтертайнмент гээд дэмжиж тусалж байгаа бүх хүнд баярлаж, талархаж байгаагаа хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
Уншигч таныг хайртай хүнтэйгээ, дотно хүмүүстэйгээ хайрын дуунд уярах үдэшт хүрэлцэн ирэхийг урьж байна.
О.СЭРГЭЛЭН