Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2018.12.12/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний арваннэгэн сард хийсэн статистик мэдээллийг танилцууллаа. Энэхүү мэдээллийг тоймлон хүргэж байна.
БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД 24,2 МЯНГА БАЙНА
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 35.3 мянга, үүнээс 24.2 /68,6%/ мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 /31.4%/ мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 24,2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 77 /0,3%/ хүнээр өсч, өмнөх сараас 3,1 мянган хүнээр буурчээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 483 /2,0%/ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол 232 /48.0 %/ нь эмэгтэйчүүд байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сард 5900 хүн ажил хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлжээ. Тэдний 50,7 хувь нь ажлаас чөлөөлөгдсөнөөс шалтгаалж, шинээр ажил хайж ирсэн бол 0,1 хувь нь хөдөлмөрийн насанд хүрч, ажил эрхлэхээр Асрамжийн газраас гарсан иргэд байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57,7 хувийг 15-34 насны залуучууд эзэлжээ. Энэ үзүүлэлт Өмнөговь, Ховд, Өвөрхангай, Сэлэнгэ, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговь, Хэнтий, Дундговь, Дорнод зэрэг аймагт улсын дунджаас 0,6-21,5 пунктээр илүү байна.
НДШ ТӨЛЖ БУЙ ААН-ИЙН ТОО ӨСЧЭЭ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны гуравдугаар улиралд нийт 40 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651,1 мянган ажилчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2,1 мянгаар, өмнөх улирлаас 0,4 мянгаар өссөн бол ажилчид өмнөх оны мөн үеэс 44,8 мянгаар, өмнөх улирлаас 14,6 мянгаар тус тус нэмэгджээ.
Цалинг бүсээр авч үзвэл төвийн бүсэд 861,2 мянга, хангайн бүсэд 851,8 мянга, зүүн бүсэд 764,6 мянга, баруун бүсэд 670,7 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 170.6-361.1 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод хөдөлмөр эрхлэгчдийн сарын дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 124,4 мянган төгрөгөөр их байна.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нэг сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 75,9 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 6,2 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Ингэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газар, хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1,2 сая төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 140,5-198,4 мянган төгрөгөөр их байна.
БАНКНЫ СИСТЕМИЙН ХЭМЖЭЭГЭЭР ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨСӨВ
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 80,2 тэрбум төгрөгөөр өссөнийг статистик тоонд дурджээ.
Мөнгөний нийлүүлэлт 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 18,6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 321,8 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3,8 их наяд төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 974,0 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 70,1 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 80,2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5,8 хувийг эзэлж, өмнөх сараас 0,5 пунктээр, өмнөх оны мөн үеэс 0,8 пунктээр тус тус буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2018 оны арваннэгдүгээр сарын эцэст 2,0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 106,6 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 911,0 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Чанаргүй нийт зээлийн өрийн үлдэгдлийн 12,4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3,8 пунктээр өссөн байна.
Монгол Улс 2018 оны эхний арваннэгдүгээр сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11,9 тэрбум ам доллар, үүнээс экспорт 6,5 тэрбум ам. доллар, импорт 5,4 тэрбум ам. долларт хүрчээ. Харин 2018 оны арваннэгдүгээр сард экспорт 535,9 сая ам.долларт, импорт 495,9 сая ам. долларт хүрч, өмнөх сараас экспорт 126,1 сая ам. доллараар, импорт 28,6 сая ам. доллараар тус тус буурчээ.
Мөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1,8 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Агаарын тээврийн салбарын орлого 2018 оны эхний арваннэгдүгээр сард 395,9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 37,9 тэрбум төгрөгөөр өсчээ.
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ӨВЧЛӨГЧИД 3,1 МЯНГААР БУУРЧЭЭ
Улсын хэмжээнд 2018 оны эхний арваннэгдүгээр сард 70,5 мянган эх амаржиж, 71,0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3130-аар, амьд төрсөн хүүхэд 3164-өөр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний арваннэгдүгээр сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 18 /2,0%/-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1188 болж, өмнөх оны мөн үеэс 64-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны арваннэгдүгээр сард 76 болж, өмнөх сараас таваар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 100 болж, өмнөх сараас гурваар тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарсныг өнөөдрийн судалгаагаар танилцууллаа.
Эхийн эндэгдэл 2018 оны эхний арваннэгдүгээр сард 18 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна. Харин 100 мянган амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний арваннэгдүгээр сард 25 болж, өмнөх оны мөн үеэс хоёроор буурчээ.
Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын тохиолдол өнгөрөгч сард нэг гарч улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын тохиолдол нийт 267 болсон байна.
ХҮСНЭГТЭЭР:
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд, ажил хайж буй шалтгаанаар, дүнд эзлэх хувиар, 2018 оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн, ажилд зуучлагдан орсон иргэд, сараар
Нийт болон хөгжлийн бэрхшээлтэй бүртгэлтэй ажилгүй иргэд, бүсээр, дүнд эзлэх хувиар, 2018 оны 11
дүгээр сарын эцэст
Амьд төрөлт, сараар, мянган хүүхэд
Холбоотой мэдээ