Эдийн засаг, энхтайваны институцээс гаргасан олон улсын терроризмын 2018 оны үзүүлэлт

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Эдийн засаг, энхтайваны институцээс гаргасан олон улсын терроризмын 2018 оны үзүүлэлт

Эдийн засаг, энхтайваны институцээс гаргасан олон улсын терроризмын 2018 оны үзүүлэлт

Австралид төвтэй Эдийн засаг, энхтайваны институц /IEP/ сүүлийн 17 жилийн турш терроризмын аюулын талаар судалгааг хийж, Олон улсын терроризмын индексийг /GTI/ 6 дахь жилдээ гаргаж байна. Дэлхийн хүн амын 99.6 хувийг бүрдүүлж буй 163 орныг хамруулсан 2018 оны GTI-г 12 дугаар сарын 5-нд нийтэллээ.

2017 онд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт терроризм хамгийн ихээр үйлдэгдсэн ч дэлхийн хэмжээнд терроризмоос болж амь үрэгдэгсдийн тоо 27 хувиар буурч 18,814 болсон нь гурван жил дараалсан эерэг үзүүлэлт болов. Дурдсан хугацаанд Иракд үхлийн тохиолдол 5500-аар, Сирид 1000-аар буурав. Ийнхүү буурах болсон нь тус бүс нутагт “Исламын улс” бүлэглэлийн террорист халдлага, дайралт буурсантай холбоотой. Терроризмын аюулын хэмжээ 46 оронд өмнөх үеэс дордсон ч 96 оронд буурсан нь 2004 оноос хойш жил ирэх тусам нөхцөл байдал сайжирч байгаа орнуудын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн жил болж байна. Терроризмын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө 2017 онд 2016 оны үзүүлэлтээс 42 хувиар буурч 52 тэрбум ам.долларт хүрэв.

IEP-н судалгааны баг улс төрийн хүчирхийлэл өргөн тархсан улс орнуудын зөрчил мөргөлдөөн, төрийн харгислал терроризмын үндсэн шалтгаан болж байгааг онцолжээ. Террорист үйлдэл газар авсан 10 орны тоонд Афганистан, Ирак, Нигер, Сомали, Сири, Пакистан, Египет, Конго, Төв Африкийн БНУ, Энэтхэг орж байна. Эдгээр оронд хүч хэрэглэсэн зөрчил мөргөлдөөн дурдсан хугацаанд хамгийн багадаа 1 гарч, наад зах нь 1000 байлдагч амь үрэгдсэн дайн бүхий нөхцөл байдал үүссэн байна. Мөн орнуудад 2017 онд гарсан үхлийн тохиолдлын 84 хувь нь терроризмын шалтгаантай бөгөөд улс төрийн харгислалын түвшин өндөртэй зарим оронд энэ үзүүлэлт 99 хувьд хүрчээ. Улс төрийн харгислалд  шүүхээс гадуур хүний амь хороох, эрүүдэн тамлах, шүүн таслах хурал хийлгүйгээр шоронд хорих зэргийг хамруулсан байна.

Олон улсын терроризмын индексийн дагуу /GTI/ дэлхийн хэмжээнд терроризмын нөлөө буурсан ч терроризм өргөн тархаж, нөхцөл байдал улам дордож буй зарим бүс нутагтай холбоотой үзүүлэлтүүдийг харуулбал:

Дэлхийн 19 оронд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдол 100 байгаа бол Афганистан, Ирак, Нигер, Сомали, Сири гэсэн орнуудад 1000;

2017 онд терроризмын шалтгаантай үхлийн тоо Сомалид 587, Египетэд 311;

2016-2017 онд Сомалид үхлийн тохиолдол 93 хувийн өсөлттэй;

Хамгийн багадаа 1 террорист халдлага болсон 98 орны 67-д үхлийн тохиолдол 1 буюу түүнээс дээш;

2017 онд үхлийн тохиолдол Мяньмарт 166,  Филиппинд 50;

2017 онд Афганистанд хамгийн олон үхлийн тохиолдол бүртгэгдсэнээр Иракийн өмнө орсон.

2017 онд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдлын дор хаяж нэг нь 169 террорист бүлэглэлийн аль нэгтэй нь холбоотой байгаа бол шинээр үүссэн 42 бүлэглэл сүүлийн 3 жилийн хугацаанд хүний амь хороогоогүй байна. 2017 онд хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, халдлага үйлдсэн бүлэглэлээр Сири дэх “Hay’at tahrir al-Sham” орж байгаа бөгөөд 177 хүнийг хороосон аж.

Афганистаны “Талибан” бүлэглэлийн террорист халдлага энгийн иргэд рүү чиглэх нь буурч, 2017 онд 2419 цагдаагийн болон цэргийн албан хаагчийг хороосны зэрэгцээ халдлагын тоо 2016 онд 369 байсан бол 2017 онд 386 болжээ.

Дэлхийн хэмжээнд терроризмын аюул буурч байгаа ч Хойд Америк, Баруун Европд хэт барууны үзэлтнүүдийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Дэлхийн 67 оронд терроризмоос болж амь үрэгдсэн тохиолдол хамгийн багадаа 1 бүртгэгдсэн бол, Хойд Америк, баруун Европд хэт барууны үзэлтнүүдийн террорист үйлдэл нэмэгдэж, 31 удаагийн халдлагаар 17 хүн амь үрэгдсэн байна. 2013-2017 оныг нэгтгэн үзвэл Хойд Америк, баруун Европд 127 удаагийн халдлагаар 66 хүн амь үрэгджээ. Халдлагын дийлэнхийг хэт барууны үзэлтнүүд, цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд, исламын шашинтнуудыг эсэргүүцэгчид үйлдсэн байна. Европ тивд 2016 онд 168 хүн амь үрэгдэж байсан бол 2017 онд 75 хувиар буурч 81 болсон бөгөөд Франц, Герман, Бельгид зонхилж байна. Энэ хандлага 2018 онд хэвээр үргэлжилж, 10 дугаар сарын байдлаар үхлийн 8 тохиолдол бүртгэгджээ. Үзүүлэлт ийнхүү сайжирсан нь “Исламын улс” бүлэглэлийн цэрэг армийн ээлж дараалсан ялагдал, Европын орнууд сөрөг терроризмын үйл ажиллагааны санхүүжилтээ нэмэгдүүлсэн, тагнуулын техник төхөөрөмжийг  терроризмтой тэмцэхэд өргөнөөр ашиглах болсонтой холбоотой. Дурдсан арга хэмжээнүүд бүлэглэлийн өргөн хэмжээний террорист халдлага зохион байгуулах, төлөвлөх чадварыг бодитойгоор бууруулахад нөлөөлж байна. Гэхдээ, Европ тивд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдол буурсан ч террорист халдлагын тоо нэмэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас 9 дүгээр сард гаргасан терроризмын жилийн тайланд, 2017 онд дэлхийн хэмжээнд террорист халдлагын тоо 2016 оноос 23 хувиар, үхлийн тохиолдол 27 хувиар тус тус буурсан гэжээ. Мөн “Исламын улс” бүлэглэл дангаараа нийт террорист халдлагын 23 хувийг үйлдэж, үхлийн тохиолдлын 53 хувьтай холбогдож байна. Гэхдээ террорист халдлага буурсан ч хэлбэрийн хувьд нарийн төвөгтэй болж, АНУ болон түүний холбоотнууд руу чиглэсэн терроризмын аюул занал нэмэгдэж байна. “Исламын улс” бүлэглэл газар нутгаа алдсан нь бүлэглэл илүү тархаж, нууц үйл ажиллагаа явуулахад хүргэв. Тэд интернет ашиглан алсын зайнаас өдөөн хатгах байдал руу шилжиж, уламжлалт цэргийн үйл ажиллагаагаар илрүүлэхэд хүндрэлтэй болж байгааг уг тайланд онцолсон байна.

Эх сурвалж: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж