Монголын Засгийн газар давж заалдана

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Монголын Засгийн газар давж заалдана

"Хан ресурс"-ын асуудлаар давж заалдах боломжтой

Ураны нөөцөөр Монголдоо нэгдүгээрт жагсдаг Дорнодын ордод ОХУ-тай хамтран үйл ажиллагаа явуулахаар канадуудын эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг нь хүчээр булааж авсныхаа хариуд Монголын Засгийн газар "Хан ресурс" компанид 100 сая ам.доллар өгөхөөр болоод байгаа. "Хан ресурс" компани Монголын Засгийн газраас 285 сая ам.долларыг нэхэмжилж, олон улсын Арбитрийн шүүхэд хандан заргаа авч, 100 сая ам.доллар авахаар болсон. Энэ асуудлаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг өнөөдөр хэвлэлийнханд хандаж мэдээлэл хийлээ.

-Монгол Улсын Засгийн газар Арбитрийн шүүхэд ялагдал хүлээж гадаадын компанид багагүй мөнгө төлөхөөр болсон. Энэ асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ хэргийн нэхэмжлэгч нь "Хан ресурс", “Төв Азийн уран” гэх хоёр компани нэхэмжлэгчээр оролцсон. Энэ маргааны гол асуудал бол байдаг. 2011 оны нэгдүгээр сарын 10-нд Арбитрийн маргаан үүссэнээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд гурван удаа шүүх хурал болсон. Эхний шүүх хурал 2011 онд манай Засгийн газрын хүсэлтээр хэргийг харъяаллын маргаан, нөхөн төлбөрийн маргаан гэж хоёр хуваахаар болсон. 2012 оны тавдугаар сард харъяаллын маргаан болж "Энэ хэрэг нь Арбитрийн хэргийн маргаан мөн байна, тодорхой зөрчлүүд гарсан байна" гэдгийг тогтоосон. Гуравдахь хурал буюу нөхөн олговрын асуулыг шийдвэрлэх маргаан 2013 оны арваннэгдүгээр сард болсон. Айлын талаас лицензийг хууль бусаар хурааж авсан гэж гомдол мэдүүлсэн. Манай улсын Засгийн газраас "нэхэмжлэлийн дүн хэт өндөр байна" гэж хандсан. Шүүхийн шийдвэр дөнгөж өчигдөр гарсан. 100 гаруй хуудастай шүүхийн шийдвэр ирсэн байгаа, бүрэн танилцаж амжаагүй байна. Шүүхийн шийдвэрээр манай улсаас 80 сая ам.долларын төлбөр болоод Арбитрийн зардлыг төлөх шийдвэр гарсан.

-Давж заалдах боломж бий юу?

-Дараагийн шатны арга хэмжээг хэрхэн авах талаар Засгийн газраас шийдвэр гаргана. Давж заалдах эрх нээлттэй. Тухайн компанитайгаа тохирох асуудал ч мөн нээлттэй. Аль замыг сонгохыг Монгол Улсын Засгийн газар шийдэх юм.

-Давж заалдах хугацаа гэж бий юу?

-Тодорхой хугацаа байдаггүй. Гэхдээ мэдээж урт хугацаа байхгүй болов уу.

-Лиценз манай улсын эзэмшилд байгаа юу?

-Шүүхийн шийдвэрээр тухайн ордын лицензийг хураан аваагүй. Энэ лиценз Монгол Улсын Засгийн газарт хадгалагдаж байгаа учраас сонирхсон улс орнууд, компаниуд энэхүү ураны лицензийг авах, олборлох, ашиглах, хөрөнгө оруулах бололцоо нээлттэй. Магадгүй Арбитрийн шүүхэд гаргасан зардлыг гаргуулах замаар хөрөнгө оруулах боломж нээлттэй байгаа.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж