ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

ХҮН: УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоо нотлохыг шаардлаа

Хөдөлмөрийн үндэсний намаас /ХҮН/  өнөөдөр /2018.12.12/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд  ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга   “Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол” гэх  хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа дуулгав.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ, АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ НАРЫГ ОРЛОГОО НОТЛОХЫГ ШААРДАЖ БАЙНА

Тэрбээр “Эхний ээлжинд УИХ-ын 76 гишүүнийг бүгдийг нь нэг  бүрчлэн шалгана. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг хөрөнгө оруулгын мэдүүлгээ /ХОМ/ нотол гэж шаардаж байна.

Учир нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хоёр  тэрбум төгрөгийн байр худалдаж  авахдаа 750 сая орчим төгрөгийг  өмнөх байраа зарж цуглуулсан бол  350 сая орчим төгрөгийг эхнэрийнхээ  компанийн тоног төхөөрөмж зарж олсон гэсэн. Харин 150 мянган ам.долларыг “Чингис хаан” банкнаас зээл авсан” гэж ярьсан.  Түүний хэлсэн үнийн дүнг  нь бодоод үзэхээр 500 сая төгрөг дутаад байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг орлогоо нотлохыг шаардаж байна.

Мөн сөрөг хүчний Ардчилсан  намын дарга С.Эрдэнэ  ХОМ –т мэдүүлснээр 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувь  эзэмшдэггүй хүн юм байна. Гэтэл энэ хүний  хөрөнгөний талаарх мэдээлэл интернетэд дүүрэн байна.

Тухайлбал,  2006 оны сонгуулийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын төв барина  гэж эхлүүлсэн барилга нь "Шонхор тауэр"  болоод хамгийн  сүүлд нь  Ардчилсан намын байр буюу “Ардчиллын  өргөө” болоод дууссан. Түүнийг Тамир гэх нэртэй групп, Гурван тамир сургууль, Их тамир ахмадын сувиллын газар, мөн Хандгайтад дөрвөн давхар хаустай гэх мэдээллүүд  интернетэд   байна.  Баабар сэтгүүлч хүртэл “С.Эрдэнэ энэ их мөнгийг нийгмийн  даатгалын сангаасаа мөнгө завшаад баяжсан” гэж бичсэн байдаг.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ХОМ-т мэдүүлснээр  ямар ч компанийн хувьцаа эзэмшдэггүй, бизнес эрхэлдэггүй гэж байна. Тэгвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөө тайлбарлана уу гэж хүсэж байна. Барьцтай байхын тулд дээрх  хоёр хүн дээр жишээ татаж ярилаа. Цаашдаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бүх хүмүүсийг ээлж дараатай системтэйгээр шалгаж ил болгоно” гэв.

УИХ-ЫН  ГИШҮҮДИЙН 50 ГАРУЙ ХУВЬ  НЬ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД

Эдийн засагч Т.Доржханд  “Улстөрчидтэй бид маш хатуу тэмцэнэ. Бидний хардаж байгаагаар УИХ-ын  гишүүдийн 50 гаруй хувь  нь төрөөс төрсөн тэрбумтнууд. Өнөөдөр маш том хулгайнууд ил гараагүй хөшигний ард байна. Концессын асуудал, үнэ тогтворжуулалт, бондын хулгайнууд байна. Эдгээр нь хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх хулгайнууд.  Гэтэл яагаад энэ бүхэн илрэхгүй байна вэ гэхээр бид системтэйгээр санхүүгийн  шинжилгээг нь хийж чадахгүй байна.  Тэрхүү системийн  тооцооллыг бид өөрсдөө хийнэ. Ард олонд ил болгоно. Бид нар ч шахна, нийгмийн зүгээс ч шахаарай.  Үүний үр дүнд тэд ХОМ-ээ  нотлохоос өөр аргагүй болно. Бид үр дүн гарна гэдэгт маш их итгэлтэй байгаа” гэв.

ШУДАРГА БУСААР ИДЭЖ УУХАА БОЛЬЁ

Эдийн засагч Б.Мөнхсоёл “Монгол Улсад авлига хээл хахууль газар авсан байна. Үүний эсрэг бүгдээрээ тэмцье. Иргэн бид бүгдээрээ татвар төлдөг. Өргөн хэрэглээнийхээ барааг дэлгүүрээс авдаг. Тухайн  дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд аж ахуй нэгж дэлгүүрийн татварын зардал өртөг шингэсэн байгаа. Бүх хүн бизнесийн байгууллагад ажилладаг эсэхээс    үл хамааран хэрэглэгч гэдэг утгаараа бүх хүн  татвар төлөгч. Бүгд татвараа төлөөд улсын төсвийг бүрдүүлж байгаа. Улсын төсөв эргээд  татвар төлөгч буюу Монгол Улсын иргэн бүрт  шударга зөв оновчтой хуваарилагдах ёстой. Гэтэл  эмнэлэгт очихоор жирэмсэн эхчүүд төрөх эсвэл эмчлүүлэх эмнэлгийн сул ор алга. Өвөл болохоор яригддаг утааны асуудал гэхчлэн иргэдийг бухимдуулдаг асуудал их байна. Энэ бүх асуудал нь  эргээд Монгол Улсыг сайхан авч явна гэсэн эрх баригчид буюу улс төрийн намууд  бодлого боловсруулагч шийдвэр гаргагчидтай шууд холбоотой. Бид бүгд дээр, дооргүй бие биеийнхээ төлөө нэгдээд сайхан амьдаръя. Нэг нь нөгөөгөөсөө шударга бусаар идэж уухаа больё. Бүгдээрээ дор дорноо зөв аргаар шударгаар хөдөлмөрлөөд ядаж дундаж давхарга нь  илүү байх Монгол Улсыг бүтээе гээд зориод явж байгаа болохоос өөр ямар нэгэн зорилго байхгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж