Германы Дресден хотын цагдаагийн газрын архиваас В.Путины Ардчилсан Германд тагнуулчаар ажиллаж байх үеийн ажлын үнэмлэхийг нь олсон байна.
ОХУ-ны Ерөнхийлөгч В.Путин нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д байх үедээ Ардчилсан Германы Дресден хотод томилогдон ажиллаж байжээ. Германы цагдаагийн газрынхан хуучнаар зүүн Германы Үндэсний аюулгүй байдлын яам буюу СТАСИ болон ЗХУ-ын КГБ-ын хамтын ажиллагааны тухай судалгаа хийх үеэрээ түүний ажлын үнэмлэхийг олсон байна.
ЗХУ-ын КГБ-ийн хошууч байсан В.Путин нь ажлын шугамаар Зүүн Германы Үндэсний аюулгүй байдлын яамтай ойр ажилладаг байсан тул түүнд энэхүү ажлын үнэмлэхийг олгосон аж. Тухайн үед Дресден дахь КГБ-ийн төлөөлөгчийн газарт алба хааж байсан хүмүүсийн 30 нь Ардчилсан Германы СТАСИ-тай ойр ажилладаг байжээ.
Зүүн Германы Төрийн аюулгүй байдлын яам буюу СТАСИ нь төрийн албан тушаалтнуудаас гадна энгийн ард иргэдийг мөрдөн шалгах, тэднийг тагнах ажлыг явуулдаг байсан.
В.Путин нь анх 1985 онд Ардчилсан Герман дахь КГБ-ийн төлөөлөгчийн газар томилогдон, дөрвөн жил ажилласан бөгөөд энэ үед түүний хоёр охин нь мэндэлжээ. Харин 1989 онд Зүүн Германд коммунист дэглэм нуран унаснаар тэрбээр эх орон руугаа буцсан. Дараа нь КГБ-ын залгамж байгууллага болох Холбооны аюулгүй байдлын яамны дарга болон дэвшиж, 2000 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болсон юм.
В.Путин Дресденд үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хошуучаас дэд хурандаа болон тушаал дэвшиж байв. Тэрбээр герман хэлээр чөлөөтэй ярьдаг байсан. 1989 оны арванхоёрдугаар сард Зүүн Германд ардчилсан жагсаал хөдөлгөөн ид өрнөж байх үед Дресден дахь КГБ-ийн байрны гадаа цугласан жагсагчидтай ярилцаж, тус байрыг ЗХУ-ын өмч, газар нутгийн хэсэг хэмээн тайлбарлан, буцааж байжээ.
Эх сурвалж: ВВС