УИХ-ын гишүүн С.Оюун НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн ерөнхийлөгчийн хувьд Нью-Йорк хотноо “Олон улсын зэрлэг амьтны өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд урилгаар оролцон нээлтийн үг хэлэв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн зэрлэг амьтны өдөр” болгон зарлаж гишүүн улс орнууд болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, даян дэлхийн болон бүс нутгийн байгууллагууд жил бүр тэмдэглэж уг өдрийн зорилго, үйл ажиллагааг сурталчилж байхыг уриалжээ.
Энэ сарын 3-4-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн даргын санаачлагаар “Олон улсын зэрлэг амьтны өдөр”-ийг тэмдэглэн НҮБ-ын төв байранд болон АНУ-ын Зэрлэг амьтныг хамгаалах холбооны Зэрлэг амьтны хүрээлэнд цуврал арга хэмжээг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Хөгжлийн хөтөлбөр зэрэг төрөлжсөн байгууллага, Дэлхийн зэрлэг амьтныг хамгаалах холбоо зэрэг олон улсын болон төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.
Энэ жилийн арга хэмжээ нь “Зэрлэг амьтны эсрэг гэмт хэргийн төлөө анхаарал хандуулъя” гэсэн уриатай юм. Зэрлэг амьтны хүрээлэн дээр олон нийтэд зориулан зохион байгуулсан нээлттэй арга хэмжээний үеэр 200 гаруй хүн оролцож мэдээлэл авч зэрлэг амьтны хууль бус худалдааны тухай илтгэл сонсож видео кино үзэв.
Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн С.Оюун даргалан чуулсан НҮБ-ын Байгаль орчны ассамблейн анхдугаар чуулганаар Зэрлэг амьтны хууль бус худалдааг зогсоох чиглэлээр тогтоол гаргасан нь энэхүү арга хэмжээний ач холбогдолыг ихээхэн нэмэгдүүлсэн байна.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон Олон улсын Интерпол байгууллагын судалгаагаар зэрлэг амьтны болон ойн хууль бус бэлтгэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэн жилд 200 гаруй тэрбум ам.долларын хэмжээнд хүрсэн гэсэн тооцоо гарсан байна. Зэрлэг амьтны хууль бус худалдаа нь нэг улс орны хүрээнээс хэтэрч улс хоорондын болон тив дамнасан хууль бус ажиллагаа болон өргөжих болжээ. Уг асуудал олон улсын аюулгүй байдлын болон тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлын нэг гэж үзэж НҮБ-ын Аюулгүй зөвлөл болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бага хурал зэрэг өндөр түвшинд хэлэлцүүлж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ирсэн байна. Герман, Габон зэрэг улс санаачлан зэрлэг амьтны хууль бус худалдааг таслан зогсоох чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төсөлбол овсруулан 2015 онд батлуулахаар ажиллах байна.
Мөн уг арга хэмжээнд Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч урилгаар оролцжээ.