Энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн 25 жилийн ойд зориулан зохион байгуулагдсан “Орчин үеийн парламентын үүрэг оролцоо. ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл- 25 жил олон талт хөгжлийн замаар” сэдэвт олон улсын чуулга уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүндэт зочноор оролцов.
Уг арга хэмжээнд 150 орчим зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд анх удаа ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дээд болон доод танхим нь хамтарч ажилладаг гадаад орны парламентын бүлгийн дарга, дэд дарга нарыг урьж оролцуулж буйгаар онцлогтой юм. Өнөөдрийн байдлаар Холбооны зөвлөл нь 96 орны парламетын бүлэгтэй хоёр талын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Уг арга хэмжээг нээж ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.Матвиенко үг хэлэв. Тэрээр парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нь дэлхийн нийтэд үүсээд буй хямралын өнөө үед чухал болохыг онцлов. Мөн тэрээр Парламент гэх ардчилалын институцид хууль бус, шударга бус, улс төржсөн гадны нөлөөлөл ихсээд байгаа өнөө үед Парламентын тогтвортой, ардчилсан үйл ажиллагаанд хамгаалалт дутагдаж байна. Энэхүү хамгаалалтыг бий болгоход Парламентын “гэр бүл”-ийн гол зорилго оршино гэдэгт итгэлтэй буйгаа В.Матвиенко илэрхийлэв.Түүнчлэн энэхүү олон улсын чуулга уулзалт нь ОХУ-ын Үндсэн хуулийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгааг онцлон тэмдэглэв.
Тус арга хэмжээнд Өмнөд Африкийн Үндэсний Зөвлөлийн дарга Танди Модисе, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Г.Карасин, Олон улсын парламент хоорондын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг, Афганистан, БН Солонгос Улс, Пакистан, Япон, БН Казахстан, БН Тажик, Азербайжан Улсын Парламентын бүлгийн дарга, дэд дарга нар үг хэлж хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагаа, өнөө цагт парламентын эсрэг аливаа хоригийг үүсгэхгүй байх талаар шийдвэртэй үйл ажиллагаа явуулах шаардлагатайг тэмдэглэв. Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий Хорооны дарга, Швейцарийн Холбооны Улсын Холбооны Хурлын Швейцари-Оросын парламентын бүлгийн дарга Филиппо Ломбарди “Энх тайвны нам” байгуулахыг уриалав.
Мөн ТУХН-ын орнуудын Парламентын бүлгийн дарга нар болон Черноморийн Эдийн засгийн хамтын ажиллагааны парламентын Ассамблейн Ерөнхий Нарийн бичгийн дарга Асаф Гаджиев үг хэлж олон улсад тулгамдаж буй улс төр, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөв.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Холбоотой мэдээ