Авто техникийн төвлөрсөн худалдаа явагддаг Да хүрээ захын орчмоос дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ.
Мөнгө ховор, машин их
Жилийн жилд л баярын өмнө автомашины үнэ өсдөг. Наадмаар хүмүүс хөдөө гадаа явж амрахыг чухалчлан машин авахаар яаравчилдаг бол Цагаан сарын өмнө айл хэсэхдээ такси барьж, хүний машин царайчлахгүй гэж зүтгэдэг. Тиймээс эрэлт мэдэгдэхүйц нэмэгдэж, тэр үед зарах машин хангалттай байгаагүй тохиолдолд “Үл үзэгдэгч гар”-ын зохицуулалтаар үнэ хөөрөгддөг юм. Харин баяр өнгөрсний дараа хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, машины үнэ хямдардаг. Улс орон эдийн засгийн хямралд автаж, бэлэн мөнгө “нүдний гэм” болж байгаа энэ үед автомашины лизинг урьдчилгаагүй болж, үнэ нь ч хямдарч байгаа билээ. Тиймээс “Автомашины үнэ навс унажээ” гэсэн яриаг шүүрэн авч, Шархадыг зорьсон нь тэр л дээ.
Автомашин, сэлбэг авахаар Техникийн захыг зорьж байгаа хүмүүс, Шархаданд гэртэй иргэд замын түгжрэлээс эрхгүй зүрхшээдэг. Учир нь Шархад чиглэлийн автозамын хөдөлгөөн техникийн захуудын ачааллаас шууд шалтгаалдаг юм. Түгжрээ их байвал “Зах ч пиг байгаа юм байна”, бага байвал “Зах хүн багатай байх нь” гэсэн дүгнэлтийг очиж явахдаа л хийж байгаа юм. Өчигдөр Шархадны зам харьцангуй сэлгүү байв. Техникийн зах ч хүн багатай.
Монголд явж байгаа машинуудыг ерөнхийд нь “Хотод унахад тохиромжтой”, “Хөдөө унахад тохиромжтой” гэж хоёр ангилж болно. Хотод унадаг машинууд нь 1500, үсрээд 2000 сс-ээс илүүгүй багтаамжтай суудлын тэрэгнүүд байх бөгөөд зарагдаж байгаа машины ихэнхийг бүрдүүлнэ. Харин хөдөөгийнхөн мост, фүүлтайм гэх зэргээр нэрлэдэг дөрвөн дугуй нь зэрэг зүтгэдэг машиныг их худалдаж авдаг байна.
Үнийн хувьд 1500 мотортой суудлын тэрэгнүүд 5-12 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд үнийг тодорхойлогч гол хүчин зүйл нь машины үйлдвэрлэгдсэн он гэнэ. Тухайлбал, 2000 онд үйлдвэрлэгдсэн, Монголд гурван жил явсан probox машиныг “Таван сая төгргөгөөс ярина” гэж байсан бол 2014 лнд үйлдвэрлэгдсэн нь 12 сая төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Иргэд авсан машинаа 1-2, ихдээ гурван жил унаад оныг нь наашлуулж шинэчлэх “тактик” баримталдаг. Тэд хуучин машинаа худалдаж авч байгаа машиныхаа үнэд оруулах сонирхолтой байдаг бөгөөд ченжүүд ч нэг их цааргалдаггүй аж. “Үнэхээр гайгүй, үнээ барихаар байвал давай, хамаагүй” гэх аж.
2006 оны, 10 сая төгрөгний үнэтэй машин сонирхлоо гэхэд 2000 оны машинаа 6 саяд бодож өгөөд, дээр нь дөрвөн сая төгрөг нэмж өгөөд машинаа авах жишээний.
Түгээмэл унадаг машинаас 2006 онд үйлдвэрлэгдсэн Spacio найман сая, 2002 оны Тоёота Королла 7.5 сая, 1999 оны Тоёота Раум 4.5 сая, 2004 оных нь 10 сая, Тоёота Приус 20 8.5 сая. 2006 оноос хойш үйлдвэрлэгдсэн Приус 20 гэрэл нь түмбэгэр, арай л загварлаг болж ирдэг бөгөөд үнэ нь 500 мянгаар илүү байдаг байна.
2006 оны цэмбэгэр Вингроад 6.5 сая төгрөгийн үнэтэй байсан нь хямдхан мэт санагдаж, худалдагчтай нь яриа өдөв. Тэрбээр машинаа бүхий л төрлөөр зарах гэнэ. Лизингээр бол лизингээр, бэлнээр бол бэлнээр, машин оролцуулбал машин оролцуулж гээд бүх л төрлөөр хамтран ажиллаж болох аж. “Машин оролцуулж авья” гэвэл “Болно. Ямар машин юм бэ. Би чамаас авсан тэр машинаа ялгаагүй, эргүүлээд л зарна. Тиймээс үнээ барьж л байвал хамаагүй” гэнэ.
Хөдөөний иргэдийн авч унадаг гэх мосттой жийпнүүдийн хувьд “Raw-4”, “Harrier” зэрэг дунд оврын жийп дунджаар 13-30 сая, “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй нь 15- 16, “Pajero” 22, “Toyota 4wd” 16, дизель хөдөлгүүртэй “Land-100” 43, “Range rover” 45 сая төгрөгийн үнэтэй байв. Хөдөөнийнхөн гэлтгүй хотынхон ч авч унах дуртай, моодноос гардаггүй гэж хэлж болох “Тоёота Ланд 80” 10-30 сая төгрөгний үнэтэй байв. Бензин хөдөлгүүртэй нь хямд, дизель хөдөлгүүртэй нь үнэтэй байдаг гэнэ.
“Хотын”, “Хөдөөгийн” гэдэг ангиллаас гадна “гоёлын” гэж үздэг өөр нэг хэсэг тэрэгнүүд байна. Тэр нь Тоёота Кроун, Гранд Марк 2, Мерседес бенз, Тоёота Веросса зэрэг ганган тэрэгнүүд. Эдгээр нь 14-25 сая төгрөгийн үнэтэй байлаа.
Автомашины үнэ хямдраагүй, цаашдаа ч хямдрахгүй гэнэ үү
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга ойрмогхон ар, араасаа Япон улсад айлчилж, эдийн засгийн салбарт олон талаар хамтарч ажиллахаар болсон билээ. Шинзо Абэ манай хоёртой маш олон гэрээнд гарын үсэг зурсны дунд Японоос Монголд нийлүүлэгдэж буй техникийн татварыг бууруулах талаар байгуулсан гэрээ байсан нь монголчуудыг баярлуулсан гэж хэлэхэд буруудахгүй биз. Монгол улсад явж байгаа хагас сая машины талаас илүү нь 2000 оноос өмнө үйлдвэрлэгдсэн, салж унах шахан салгалж байгаа тэрэгнүүд байгаа, хэрвээ хямд машин орж ирвэл улс нийтээрээ паркаа шинэчлэх боломж бүрдэх учраас хүн бүр олзуурхаж хүлээж авсан юм.
Үүнээс гадна автомашины онцгой албан татварыг ам.доллараар тооцдог байсныг энэ оны нэгдүгээр сарын 23-наас эхлэн болиулж төгрөгөөр тооцдог болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 500-13000 ам.доллар байсан татварыг 725 000-18750 мянган төгрөг болгож бууруулсан юм. Өмнө нь банкны тухайн өдрийн ханшаар тооцдог байсан бол сая өөрчлөлт оруулахдаа 1450 төгрөгөөр тооцон гаргасан нь иргэдийн нуруун дээр ирэх ачааг бага ч болов хөнгөлсөн. Ийм хоёр ч хүчин зүйл үйлчлэхээр болсон учир автомашины үнэ буурна гэсэн хүлээлт үүсээд байгааг буруутгах аргагүй. Япон улсын хөнгөлөлт арай хэрэгжиж эхлээгүй байгаа бол ОАТ төгрөгөөр тооцогдоод багагүй хугацаа өнгөрсөн учир нөлөө нь гараад эхэлчихсэн байх учиртай байв. Тэгвэл ОАТ-ын өөрчлөлтөөс гарах ашиг өөрөө машин оруулж ирж байгаа иргэдэд л хамаатай болохоос дотоодоос худалдаж авч байгаа хүмүүст хамааралгүй бололтой.
Нэрээ хэлэхээс цааргалсан нэгэн ченжээс татварын өөрчлөлттэй холбоотойгоор үнэ хямдарч байгаа эсэхийг асуухад “Одоогоор хямдарсан юм алга. Онцгой албан татварыг төгрөгөөр болгосон нь бидэнд мэдээж тодорхой хэмжээгээр ашигтай туссан. Гэхдээ үнээ буулгаж барихаар их хэмжээний биш” гэж өгүүлэв. Японы талын хөнгөлөлтийг авснаар үнэ буурах эсэхийг асуухад “Одоо яг хилээр орж ирж байгаа машинууд л тэр хөнгөлөлтөд хамрагдаж байгаа байх даа. Түүнээс биш энд зарагдаж байгаа машин дунд хөнгөлөлттэй орж ирсэн машин алга. Тэгээд ер нь, Япон хичнээн татварын хөнгөлөлт үзүүллээ гээд энд тэгж их хямдрахгүй болов уу даа” хэмээн өгүүлсэн юм.
13000 ам.долларын ОАТ төлөх иргэн хуучны хуулиар 25 сая төгрөг төлөх байсан бол шинэчилсэн хуулиар 18 сая төгрөг төлөхөөр болсон. Долоон сая төгрөг бол бага мөнгө биш. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд ОАТ-ыг төгрөгөөр төлж эхэлснээр 250 мянган төгрөгөөс зургаан сая 500 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Тэгвэл энэ мөнгийг халаасандаа үлдээгээд машинаа хуучин үнээр нь зарах, эсвэл үнээ тодорхой хэмжээгээр буулгаад хурдан зарах эсэх сонголт нь ченжүүдийн хувийн хэрэг гэнэ.
“Эзэн нь олдвол түрээд ч болтугай аваад явдаг”
Шөнө нэлээд хүйтэн хоносон бололтой, зогсоол дээр хоносон машинууд өглөө асахгүй худалдагчдынхаа нүүрийг түлж байв. Ээлжлэн нэг нэгнийхээ машиныг холбож асааж байх нь байсгээд таарна. Сонирхсон хүмүүст “Уг нь сайн тэрэг дээ. Яагаад асахгүй байгаа юм бол” гэх ухааны тайлбар тавьж зогсох тэдгээр ченжүүдийн нэгний машин зарагдахыг харлаа. Асаах гэж нэлээн оролдсон доо. Үзээд л байсан, үзээд л байсан. Худалдаж авах гэж байгаа эхнэр нөхөр бололтой хүүхэн, залуу хоёр нэлээд л тэвчээр гаргаж байх шиг харагдсан юм. Гэтэл асаагаад унаад яваад өгдөг юм байна. Зарагдах машины талаар “Эзэн нь ирвэл чирээд ч хамаагүй аваад явна” гэлцдэг ченжүүдийн үг үнэхээр үнэн бололтой.
Машин сонирхож яваа хүмүүсээс үг өдөж үзлээ. Ерөнхийдөө худалдан авагч ховор байсан гэдгийг дээр хэлсэн.
Иргэн Ц.Ганбат: Машины үнэ буугаагүй байна
Баярын дараа машины үнэ буудаг болохоор энэ үед машинаа шинэчилчих санаатай явж байна. Машины үнэ ерөнхийдөө өндөр л байна. Өнгөрсөн жилийн өдийд ам.доллар ид өсч, машины үнэ тэнгэрт хадаж байсан. Сүүлийн үед тэгж огцом өсөөгүй ч ерөнхийдөө өндөр хэвээрээ л байна даа.
“Үнэ хямд машин хайж явна, он хуучинтай байсан ч хамаагүй. Хөл дүүжлэх юмтай болох санаатай” гэх эхнэр нөхөр хоёртой уулзахад “Ихэнх машин эзгүй байна. Цонхон дээр наасан машины талаарх мэдээлэл тодорхой бус байна. Бидэнд хамгийн гол чухал мэдээлэл бол үнэ. Гэтэл цонхон дээрх наалтад үйлдвэрлэсэн он, холбоо барих утас, моторын үзүүлэлтийг бичсэн ч үнэ алга. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, түлш зарцуулалт, үнэ, утас гээд холбогдох бүх мэдээллээ бичсэн танилцуулга байвал сайн байна” гэж ярилаа.
Ченж Баагий: Хүмүүс он залуутай машин унах сонирхолтой ч үнийг нь дийлэхгүй байна
Нэрээ “Зүгээр л Баагий гээд тавьчих” хэмээн танилцуулсан ченж залуутай хөөрөлдлөө Тэрбээр “Машины үнэ хямдраад л байна. Ерөнхийдөө сагах гэдэг нь болж байх шиг. Приус бол бүр хог шиг болчихлоо шдээ. Хүмүүс он залуутай машин унахыг их эрмэлздэг болсон байна. Гэтэл он залуужих тусам үнэ нэмэгддэг. Тиймээс иргэд бэл хүрэхгүй асуудал их гарч байна. Он залуу хуучин машиныг лизингээр л их авч унаж байна.
Манайхан хуучин машин оруулж ирэх тусам татвар өндөр, харин он нь залуу байвал бага авна гэдэг. Гэхдээ энэ нь ихэнхдээ худлаа болдог. Шинэ, хуучин машинаас адилхан л татвар авдаг юм. Хэрэв үнэхээр шинээс нь татвар бага авдаг байсан бол бид аль болох он залууг нь оруулж ирэхийг бодно биз дээ. Яг оруулаад ирэхээр гаалийн татвар өндөр байдаг. Хоорондоо 3-5 оны зөрүү гарахад л таван сая төгрөгийн зөрүү бий болдог юм.
Ченж Оргио: Автомашины үнийн 40 хувь нь татвар, тээврийн зардалд явдаг
Автомашины үнийн дүнгийн 40 хувь нь татварт явдаг. Нэг жижиг машин ачихад тээврийн зардал нь 1.8 сая төгрөг болдог юм. Тэгээд 1500 хөдөлгүүртэй машины улсын татвар таван сая, нийт 6.8 сая төгрөгийг татварт төлдөг. Үүнээс гадна Японд тээвэрлэнэ, ачина. Бэхэлгээ хийлгэхэд л 400 ам.доллар болдог гээд бод.
Ингэхээр татварыг хөнгөлж байж л автомашины үнэ буурах боломжтой байгаа биз. Түүнээс биш бид хямд зарах ямар ч нөхцөл байхгүй. Нөгөө талаар валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалж байна. Тухайлбал, “Prius” маркийн машин гэхэд л өнгөрсөн онд валютын өсөлтөөс шалтгаалж 400 мянган төгрөгийн зөрүү гардаг байсан бол одоо 800 гаруй мянга болсон.
Энэ мэт шалтгаанаас болж автомашины үнэ нэмэгдэж байгаа. Иргэд өөрсдийнхөө боломж, нөхцөлд тааруулан аль болох хямдыг нь сонгож авдаг. Тэгээд олонхи нь бэлэн мөнгөөр худалдан авахгүй. Ихэнхдээ лиз и нгээр худалдаа хийдэг.
Албан ёсны ес, албан бус “наян” зах…
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах моторс, Мөнгөн хүлэг, Сутайн буянт ХХК гэсэн 9 зах ажиллаж байна. 10 000 орчим түрээслэгчтэй эдгээр захуудаар өдөрт 60 000-100 000 хүн үйлчлүүлдэг.
Дээрх есөн захын Да хүрээ, Дизель хүрээ гэх мэт таван зах нь Шархад орчимд үйл ажиллагаа явуулдаг. Албан ёсны захууд нь л энэ болохоос хашаа болгон л зах бололтой. 20-30 машины багтаамжтай хашаа зөндөө. Хөл толгой нь мэдэгдэхгүй олон хашаанд жижиг, жижиг захууд ажиллаж байна. Удирдлагууд нь ч ажлын байрандаа байдаггүй бололтой.
Бид тэр хавьдаа хамгийн том нь болох Да хүрээ захын захиргаагаар орж, захын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хотын захад ашиглалтад орж буй төвлөрсөн зах руу нүүр асуудалд ямар байр суурь бармиталж байгаа талаар мэдээлэл авах гэсэн боловч хариулт өгөх ёстой хүмүүс нь эзгүй байж таарсан юм. Мягмар гарагт тус захын захиргааны ажилтнуудын тал нь үдээс өмнө, тал нь үдээс хойш ажилладаг юм байна. Хариулж мэдэх том дарга нар нь үдээс хойш ажилдаа ирдэг гэнэ.
Техникийн захын байцаагч нарт ченжүүдээс илүү цагдаа нар саад болдог
“Да хүрээ” зах дотор явж байтал захын ажилтнууд бололтой, ижил хувцас өмссөн хүүхэн, хар хүн хоёр нэгэн машины улсын дугаарыг тайлж авч, машины эзэн “Муусайн ажлын садаанууд” хэмээн хараас урсгаж зогсохтой таарлаа. “Ичээч, та нар жорлонд хүртэл наад үнэмлэхээ үзүүлдэг шүү дээ”, “Машинаа ч аятайхан тавьчихаж чадахгүй, та үүдний байцаагчтай харьцалгүй энд орж ирсэн биз дээ”, “Би ажлаар явж байна, та нар шиг юмнууд яаж ойлгох юм” гэлцэн хэрэлдэх аж. Цагдаагийн үнэмлэх үзүүлсэн гэх хижээл эр улсын дугаараа булааж аваад явсны дараа байцаагч нараас ажлынх нь талаар сонирхсон юм.
Да хүрээ захад хаалга болгон дээр байцаагч байх бөгөөд машинтайгаа орохын тулд 1000-2000 төгрөг хураалгах учиртай гэнэ. Тэгмэгц байцаагч зогсоолыг нь зааж өгөөд явуулдаг юм байна. Нийтдээ 10 байцаагч ажилладаг ажээ. Түрээслэгчид, үйлчлүүлэгчдийн зүгээс хэр их зөрчил гаргадаг, архи дарс уудаг эсэхийг сонирхоход “Манай энд зөрчил гарах нь ховор, бараг байдаггүй гэж хэлж болно. Түрээслэгчид, ченжүүд архи дарс ер уудаггүй. Харин цагдаа, хууль хүчний байгууллагын үнэмлэх үзүүлсэн ийм нөхөд л бидний ажилд үнэхээр хүндрэл учруулдаг.
Гадна хаалгаар үнэмлэхээ үзүүлээд орж ирдэг. Орж ирсэн хойноо машинаа хаа хамаагүй тавьдаг. Шаардлага тавихаар “Ажлаар явж байна” гэдэг. Яг ш дээ, яг л тэд нар ажлаар явж хараглдаач. Алгын чинээ зах дотор өдөрт хэдэн арваараа ажил гүйцэтгэж явна гэж юу байсан юм бэ“ хэмээн ширэв татах ажээ. Байцаагчид тайвшрахыг зөвлөөд саллаа. Бидний буцах цаг ч болсон байв.
Б.БОЛОР
Эх сурвалж: www.mminfo.mn