УИХ-ын нэр бүхий гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэхээр болсноо зарлав. Ингэхдээ тэд 22-уулаа нэгдэж, бүрэн эрхээсээ түдгэлзсэнээр Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой эсэхээ шалгуулах гэнэ. Харин тэр шалгалтыг нь хэн хийх, хэрхэн шалгах нь тодорхойгүй ч түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгнө.
УИХ-ын гишүүд нэг, нэгээрээ түдгэлзэх хүсэлт гаргаж байсан тохиолдлууд бий. Гэхдээ 22-уулаа зэрэг түдгэлзэх саналаа гаргаж байсан нь үгүй. Одоогийн байдлаар гарын үсэг зурагчдыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, М.Билэгт, Ж.Мөнхбат, А.Ундраа нарын гишүүд тэргүүлж буй.
Нөгөө талаас УИХ-ын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаандаа суухгүй, УИХ-ын даргыг огцортол тэмцэхээ суултаар илэрхийлэх болсон. Энэ үйл явцыг бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдээд байгаа гишүүд төрийн эрх барих дээд байгууллагыг бойкотолж байна гэж үзэж байгаа.
Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, бүрэн эрхээсээ түдгэлзсэн. Гэхдээ УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өөрийн бүрэн эрхээсээ түдгэлзэхээр хүсэлтээ гаргаж байв. УИХ-ын хамгийн ахмад гишүүдээс бүрддэг Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас УИХ-ын гишүүн өөрөө түдгэлзэх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн юм.
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хэлснээр хуулийн хайчинд орсныг хэлж байсан. Тухайн үед тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлийг заасан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон. Одоогоор Монгол Улсын Их Хурлын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт ороогүй байгаа юм байна. Тиймээс дээрх хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа түдгэлзэх асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй гэж байв. Гэхдээ өнөөдрийг хүртэл холбогдох хуульд өөрчлөлт оруулаагүй байгааг мөн онцлоё. Ийн үйл явцын дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, албан ёсоор чөлөөлөгдөж байсан юм. Тэгэхээр түдгэлзэх 22 гишүүний хувьд ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн үг. Тэд ч үүнийг сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өөрийн хүсэлтээр түдгэлзэх санал гаргаж байгаа боловч хууль эрх зүйн зохицуулалтгүй учраас энэ асуудал “шоу” хийгээд өнгөрөх магадлал өндөр буй. Ялангуяа УИХ дахь олонх байнгын хороо, чуулганыхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа үед бүр ч боломжгүй л асуудал болж хувираад байна.
Ш.ЧИМЭГ