Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас хүүхэд бэртэж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.12-нд нийтлэгдсэн

Эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас хүүхэд бэртэж байна

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн хүүхдийн тасгийн гадаа бага насны хүүхдээ тэвэрсэн хүмүүс эгнэн суужээ. Ээж, аавдаа тэврүүлсэн хүүхдүүд маш их өвдөлтийг тэсвэрлэж ядахдаа чарлан уйлж байлаа. Эмчийн өрөөнд орсон хүүхэд ч мөн адил уйлж байгаа нь сонсогдоно. Эцэг, эхчүүдээс хүүхэд нь юунаас болж бэртэж, гэмтсэнийг асуусан ч бүгд хариулт өгөхөөс татгалзав. Уйлж буй хүүхдээ тайвшруулахыг дор бүрнээ хичээцгээнэ.

Ёолон орилох гурав орчим насны охиноо ээж нь эмчийн өрөөнөөс тэврэн гарч ирэв. Ээж нь мөн адил уйлж байлаа. Бид ГССҮТ-ийн хүүхдийн II тасгийн эмч Б.Энхбаатараас хүүхдүүд ихэвчлэн юунаас болж бэртэж, гэмтэж байгааг тодрууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн хувьд биеийн тамирын хичээл дээрээ сагс, волейбол тоглож, бэлтгэл хийж байгаад гэмтсэн хүүхдүүд их ирж байна. Мөн эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж түлэгдсэн хүүхдүүд ч их байна. Хүүхдүүд халуун цай, хоол, халуун усанд ихэвчлэн түлэгддэг. Халтирч унаснаас бэртэх нь ихэсч байна. Мөн энэ үед сүлд модны гэрэл, чимэглэл үмхэж бэртдэг. Өнгөрсөн жил ийм тохиолдол их гарч байсан. Гэрлэн чимэглэл нь дэлбэрснээр хэлтэрхий нь аманд нь, арьсанд нь зоогдон үлдэж, түлэгддэг. Харин өнөөдөр тийм тохиолдлоор хүүхэд ирээгүй байна. Бага насны хүүхэд ундааны таг, жижиг тоглоомыг хамар, амандаа хийж, бэртэх тохиолдол их байдаг. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулъя” гэлээ.

Эмч жижүүрээсээ буух цаг болсон ажээ. Өрөөнөөс гарахаар алхахад дараагийн өвчтөн орж ирэв. Гарахаар алхаж явсан эмч буцаж, өвчтөнийг үзэв.

Удалгүй дараагийн жижүүр эмч орж ирэв. Эмч орж ирснээс хойш багахан ч завсарлагагүй ажиллаж байлаа. Энэ хэмжээгээр бэртэж гэмсэн хүүхдүүдийн цуваа тасардаггүй ажээ. ГССҮТ-ийн хүлээн авах эмч А.Амгаланбаатараас дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг авлаа.

Тэрбээр “Бага насны хүүхдүүд гацуур модны гэрэл, чимэглэл үмхэж бэртэх нь их байдаг. Энэ жилийн хувьд ийм тохиолдол гараагүй байна. Харин эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд түлэгдэх тохиолдол их гарч байна. Зарим өндөр хөгжилтэй оронд ийм хайхрамжгүй байдлаас болж хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд эцэг, эхийг нь баривчилдаг шүү дээ. Мөн шинэ жилийн үеэр ээж, аав нь архидан согтуурсан үедээ хоорондоо муудаж, нанчилдахад хүүхэд нь тэднээс айж гадаа зогссоноор осгож, амиа алдсан харамсалтай тохиолдол ч бий. Эдгээр эрсдэлийг бий болгохгүйн тулд эцэг, эхчүүд дор бүрнээ хичээх хэрэгтэй байна” гэсэн юм.  Эмч дараагийн өвчтөнөө хүлээн авах босон тул бидний яриа ингээд өндөрлөв.

Гэрэл зургийг А.Чимэдцэрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж