Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй намынх нь дотоод асуудлаар ярилцлаа.
-МАН-ын бүлгийн хагарал танай бүлэгт халдварлаж Засгийн газрын санал хураалтаас үүдсэн АН-ын хагарал сөрөг хүчний хүчийг сулруулж байна. "Жоомоо шатаах гэж байгаад гэрээ шатаав" гэгчийн үлгэрээр бүдүүн бүлгийн хөлд АН үрэгдчих вий дээ гэсэн санаа зовнил ч олон нийтийн дунд байна?
-Манай бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй ээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Мурат нар намын Удирдах зөвлөлөөс гаргасан улс төрийн шийдвэрийг зөрчсөн. Намын дүрмийн дагуу тэд үүндээ зохих шийтгэлээ авсан. Түүнээс биш манай бүлэг хагарлын хэмжээнд очсон асуудал байхгүй. Хувь хүний өөрийнх нь улс төрийн ёс суртахуун, хариуцлагагүйгээс үүдэлтэй асуудал.
-Бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл оногдуулж, харин Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх тушаал гаргаж зөрүүтэй хандсан нь ямар учиртай юм бэ?
-Аливаа гэм бурууд хэм хэмжээ гэж бий. Ж.Батзандан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр намын байр суурь, дотоод асуудлаар ноцтой мэдэгдлүүд хийсэн. Мөн үндэслэл нотолгоогүй зүйлсийг гаргаж ярьсан. Удаа дараа ийм үйлдэл гаргасан учраас намын гишүүнчлэлээс нь хассан. Харин Л.Болд, Б.Мурат хоёрын хувьд зөвхөн санал хураалтын үеэр эсрэг кноп дарсан. Тиймээс энэ үйлдэлд нь тохирсон улс төрийн болон төрийн албан тушаалд сонгогдох эрхийг нь дөрөв хүртэлх жилээр түдгэлзүүлсэн. Энэ шийдвэрийг С.Эрдэнэ гэдэг намын дарга дангаараа гаргаагүй. Манай намын хяналтын эрх бүхий дээд байгууллагын хурлаар хэлэлцэгдэж улмаар гарсан дүгнэлтийг үндэслэн би тушаал гаргасан.
-Энэ явдлаас хойш УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Мурат нар тантай уулзсан уу?
-Ганц нэг таарсан. Нэгэнт цагаан цаасан дээр хараар бичсэн намын Үндсэн дүрмээ ягштал баримтлах үүрэг хүлээж, энэ намын нэр дээр УИХ-д сонгогдсон хүмүүс үүрэг, хариуцлагаа хүлээх ёстой.
-УИХ-ын гишүүн намынхаа эсвэл сонгогчдынхоо эрх ашгийн алийг нь хамгийн эхэнд авч үзэх ёстой юм бэ. Танай намын улс төрийн шийдвэрээс харахад төрийн дээр нам гарсны илрэл биш гэж үү?
–Аль алийнх нь эрх ашиг чухал. Ж.Батзандан, эсвэл Л.Болдыг ард түмэн сайндаа сонгоогүй. Сонгогчид сонголтоо хийхдээ эхлээд намынх нь хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дараа нь тухайн нэр дэвшигчийн ёс суртахуун, нэр хүнд зэрэг хувь хүн талаас нь харж сонголтоо хийдэг. Сүүлийн үед намгүй төртэй болъё гэж ихэд ярих боллоо. Дэлхий дээр намгүй төр гэж хаана ч байхгүй. Энэ бол олон түмнийг төөрөгдүүлэх гэсэн, тархийг нь угаах гэсэн явуулга. Аливаа улс оронд нийгмийн тодорхой идэвхтэй гишүүд нэгдэн нийлж улс орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулж хуулийн хүрээнд улс төрийн сонгуульд өрсөлддөг. Өөрөөр хэлбэл, өөрсдийн үзэл бодлоороо нийлсэн хэсэг хүмүүс нэг нам болж тэдгээр олон нам хоорондоо өрсөлдөж сонгогчдын олонх саналыг авсан нам нь мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлдэг. Ийм л улс төрийн хуультай. Улс төрийн нам гэдэг бол тухайн улс орны уураг тархи, хөгжлийн бодлогыг боловсруулсан институц. Тухайн улсын улс төрийн нам нь хэр хариуцлагатай, чадвартай, боловсон хүчинтэй байна тэр хэрээр улсын хөгжлийн бодлого нь тодорхойлогддог. Төр нь мөн л тийм байна. Гэтэл өнөөдөр эрх барьж байгаа МАН бодлогогүй, боловсон хүчний нөөцгүй, төр барих чадваргүй болчихсон. МАН-ын дотоод зөрчил нь өнөөдөр төрийн зөрчил болж хувирсан. Уг нь улс төрийн намууд өндөр хариуцлага хүлээдэг. Тэр ч үүднээс тухайн намаас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн намынхаа мөрийн хөтөлбөр, дүрэмд захирагдах учиртай. Хууль дүрмээс гадуур, намын бодлого шийдвэрээс гадуур дураараа авирлах нь өөрөө ийм эмгэнэлт байдалд хүргэдэг.
-Гурван гишүүндээ улс төрийн хариуцлага оногдуулахад танд амар байгаагүй л болов уу?
-Тэгэлгүй яах вэ. С.Эрдэнэ гэдэг хүн энэ шийдвэрийг гаргаагүй. Үндсэн дүрмийн хороо хуралдаж дүгнэлтээ гаргаж тэдэнд ийм ийм шийтгэл ногдуул гэдгийг надад даалгадаг юм. Надад даалгасан тогтоол ирсэн учраас би намын даргын хувьд Үндсэн дүрмээ мөрдөж тушаалаа гаргасан. Бид цагаан цаас дээр хараар бичсэн намын үндсэн дүрмээ л дагасан. Энэ дүрмийг сахиулах ч үүрэгтэй.
-УИХ-ын гишүүн Л.Болд бүлгээсээ гарахаа мэдэгдсэн. Ингэснээр танай нам УИХ-д бүлэггүй болох эрсдэлд хүрлээ?
-Бид аливаа эрсдэлээс айхгүй. Бүлэггүй болно л биз. Ямартай ч ажиллаад явчих байх. Бүлэгтэй байхын давуу тал нь УИХ-ын чуулганы хуралдаанаас завсарлага авах, санхүүжилт авах хоёр л байдаг юм. Үнэмлэхүй олонхтой байгаа үед манай намын бүлэг завсарлага авахаар үнэмлэхүй олонх байнга шоглодог. Манай хүссэн завсарлага бүрийг тэр бүр өгдөггүй. Эсвэл нэг, хоёрхон цагийн завсарлага өгдөг. Олонхоороо хүч түрсэн, дарамталсан үйл ажиллагаа явуулж ирсэн. Тиймээс бүлэггүй болсноор алдаад байх зүйл байхгүй.
Л.Болд бүлгээсээ гарлаа гээд дураараа гарчихдаг зүйл биш. Намын шийдвэр гарна. Тэр хүн үнэхээр намаасаа гарч байгаа юм бол төлөөллийн зарчмаа мөн бодолцох ёстой. Ямар төлөөллөөр УИХ-д орж, хэний сонголтоор орж ирсэн юм гэдгээ бодох ёстой. Хэрэв үнэхээр энэ намд байхгүй, гаръя гэж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч мөн адил татгалзах ёстой.
Л.Болд 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын мөрийн хөтөлбөрт суурилж АН-ын нэр дэвших эрх дээр сонгуульд өрсөлдөж манай намын мянга мянган гишүүдийн хүч хөдөлмөр, оролцоотойгоор УИХ-д сонгогдсон. Нэг удаа ч биш нэлээн олон удаа энэ хүн АН-ын нэр дээр сонгогдсон. Мөн олон улсад ч гэсэн ардчиллын нэрээр түүний нэр хүнд өнөөдрийг хүртэл маш сайн явж ирсэн. Л.Болд энэ бүхнээ үгүйсгэж, АН-ын гишүүн байж болохгүй гэж хэлээд гарч байгаа бол УИХ-ын гишүүнээсээ ч гэсэн мөн адил татгалзах ёстой, ёс зүйн хувьд. Хэрэв ийм дээрээ тулах юм бол бид ч гэсэн асуудлыг холбогдох газарт нь тавина.
-Таныг намын гишүүдээ дур зоргоороо хасч АН-ыг ганц хүний тоглолттой нам болгосон гэх ярианд ямар тайлбар өгөх вэ?
-Үгүй дээ. Бүх зүйл хамтын шийдвэр. Сая хэдхэн хоногийн өмнө манай намын Их хурал мөн Үндэсний бодлогын хорооны тавдугаар хуралдаан боллоо. Түүнчлэн намын эмэгтэйчүүд, залуучуудын чуулган ч боллоо. Энэ бүхэнд гишүүдээ хассан, шийтгэл оногдуулсан тухай асуудлаар нэг ч яриа гараагүй. Яагаад гэвэл Үндсэн дүрмийн хүрээнд асуудал шийдэгдсэн гэдгийг бүгд маш сайн мэдэж байгаа.
-Мөн АН таны хувийн компани болсон гэх шүүмжлэл ч бий?
-Би 180 мянган гишүүнтэй намын дарга болохоос ямар нэгэн компанийн захирал биш. Олон мянган гишүүний хүсэл сонирхол, сонголтоор би намын даргаар сонгогдсон. Би өнөөдөр ямар нэгэн компани байгуулаад өч төчнөөн мянган хүнийг ажилтан болгон авч дураараа авирласан зүйл огт байхгүй. АН байгуулагдаад 30 дахь жилийнхээ босго дээр ирсэн. Энэ хугацаанд хат сууж халуун чулуу долоож, ялж, ялагдахын зовлон, жаргалыг амссан улс төрийн хүчин. Манай намд маш олон лидер, туршлагатай улстөрчид бий. Хэн нэгэн хүн дураараа авирладаг орон зай манай намд байхгүй.
-Монголд улс төрийн нам гэхээсээ илүүтэй нам дамнасан бүлэглэл бий болчихлоо гэдгийг хэн хүнгүй л шүүмжилдэг. Таныг ч гэсэн МАНАН-гийн бүлэглэлд дуугарч байна гэж танай намын зарим гишүүн хэлэх болсон?
-МАНАН гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. МАНАН гэж эзэн биетэй зүйл байх ёстой доо. 2004 онд МАН, АН хоёр нийлээд бүдүүн 62-ын бүлэг гэж Эвслийн Засгийн газар байгуулсан. Үүнийг МАНАН гэж хэлээд байгаа юм уу, би гайхаж байна. 2008 онд С.Баяр манай Н.Алтанхуяг дарга хоёр мөн Засгийн газар байгуулж хамтраад явсан. Эсвэл энийг МАНАН гээд байгаа юм уу, яг юуг МАНАН гэж хэлээд байгаа нь тодорхойгүй. 1937 оны улс төрийн их хэлмэгдүүлэлтээр дургүй хүнийхээ духан дээр Лхүмбийн хэрэг гэж наагаад бууддаг байсан. Гэтэл өнөөдөр нийгмийн сэтгэлзүйд хий хоосон МАНАН гэдгийг үүсгээд аль дургүй улстөрчийнхөө духан дээр нь МАНАН гэж наадаг болсон. Одоо хүн болгоны амнаас МАНАН гэж үг гарах боллоо. Уг нь эзэн биетэй байх ёстой. Ямар хууль дүрмийг зөрчиж МАНАН гэдэг бүлэглэл бий болгов, тэр бүлэгт нь хэн хэн байдаг зэрэг нь тодорхой байх ёстой. Гэтэл ийм зүйл алга. Нийгэмд зориуд хиймэл айдас, үзэн ядалтыг бий болгох гэсэн үйл явдлын нэг гэж би МАНАН-г тайлбарлана. Сүүлийн үед сошиал орчноор дамжуулж гаднын улс гүрнүүдийн зохион байгуулалттай явуулгатай мэдээллүүд манай дотоодын улс төр, нийгэм эдийн засгийн амьдралд хэт хутгалдаж орох боллоо. Түрүүн хэлсэнчлэн, намгүй төр гэж хэнийг хэлээд байгаа юм.
-Намууд нь хоорондоо хэрэлдэнэ. Сүүлдээ нам дотроо хэрэлдэж талцах энэ байдал нь улс төрийн намаас намгүй нийгэмд шилжих нөхцөлийг бүрдүүлж байна л даа?
-Намгүй төр гэж морь унасан толгойгүй хүнийг хэлдэг. 76 бие даагч гарч төрийг байгуулах юм уу. 76 бие даагчийг хэн зохион байгуулалтад оруулж тэд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх үү. 76 шуудайд хийсэн үхрийн эвэр 76 тал руу харна. Монгол төрийн ой санамж, оюун ухааныг үгүй хийх, улсын бодлогын цөмийг байхгүй болгох гэсэн оролдлого явж байна гэж би харж байгаа. Тийм учраас Монгол Улсын хөгжлийн төлөө санаа зовнидог Монгол хүн бүр үүнийг харах цаг нь болсон. Нүдээ нээх цаг нь ч болсон. Хэн нэгний явуургүй, хутган үймүүлсэн үзэл сурталд бүү автаасай гэж хүсч байна. Бид хөгжлийнхөө замд алдаж, онож байгаа зүйл бий. Гэхдээ бид ямар нийгмээс өнөөдөр ямар нийгэмд шилжсэн бэ гэдгээ ойлгох ёстой. Өмнө нь өнөөдрийнх шиг хэзээ ч бие даасан тусгаар улс байж чадаагүй. Сүүлийн 300 жил Монгол Улс үндсэндээ бусдын эрхшээл дарлалд байсан. Бид тэр дарангуйлал дунд олон сайхан эх орончдоо цаазаар авахуулж, маш их баялаг хөрөнгөө гаднынханд татвар болгож өгсөн.
1921 онд Ардын хувьсгал ялсан гэж ярьдаг боловч яг үнэндээ барын амнаас чонын ам руу орсон. Бид коммунист дарангуйлалд 90 орчим жил байсан. Тэгвэл 1989 онд ардчилсан хувьсгалын үр дүнд жинхэнэ туурга тусгаар Монгол Улсыг байгуулж чадсан.
Өнөөдөр ардчиллын ололт амжилтаа үгүйсгэж байгаа хэдий ч хэнээс айхгүй хэлэх гэсэн үгээ хэлж чадаж байгаа нь ардчиллын ололт. Мөн бид хэнээс ч асуулгүйгээр монгол төрийнхөө бодлогыг дотооддоо өөрсдөө тодорхойлж чадаж байна. 76-г сайн, муу хэлж байгаа ч Монголын ард түмэн л сонгосон. 76-аар дамжуулж Монгол төрийнхөө бодлогыг тодорхойлж байна. Мэдээж энэ сонголтод алдсан, оносон зүйл олон бий. Гэхдээ аливаа зүйл хөгжлийнхөө явцад сайжирдаг жамтай. Өнөөдөр юм болгоныг харлуулдгаа болих хэрэгтэй. Бид ололт, амжилтаа дүгнэж чадаж байж улс орон хөгжих болохоос бус ололт бүрээ үгүйсгэдэг, алдсан алдаагаа уул хангай шиг дөвийлгөдөг байж болохгүй. Залуу хойч үеийнхээ оюун санааг дандаа муу муухайгаар угаагаад байвал ирээдүйд итгэх итгэл, ирээдүйн сайн сайхны тухай хэн бодох юм бэ. Хэн хүсэл мөрөөдлөө ил гаргах юм. Бараг өнөөдөр сайн сайхан зүйл ярьсан нэгнийгээ барьж идэх нь холгүй болчихсон. Энэ нийгэмд баян нь, ядуу нь, дундаж нь ч байна. Үнэхээр хөдөлмөрлөе гээд зорьсон хэсэг нь сайхан амьдарч чадах тийм нийгэмд л амьдарч байна. Боломжийн цалинтай ажлын байр зөндөө байна. Зөвхөн Оюутолгойд орвол ажил хийнэ гэдэг хандлагатай байж болохгүй л дээ. Хүсэл эрмэлзэлгүй залуус олширчихсон. Бүгд дээд боловсролын диплом өвөртөлчихсөн өөрийгөө дээд боловсролтой гэж бодчихоод хар ажил хийхгүй гэцгээдэг. Хар ажил гэж байдаггүй юм. Ажлыг тухайн хүн хийж чадаж, эзэн болж чадвал ямар ч ажил хэнийг ч баян тарган болгох боломжтой.
–Ингэхэд та намынхаа хууччуултай хэр ойр ажиллаж байна вэ. Лидерүүдээсээ хөндий гэх юм билээ?
-Ойр байна гээд би бүлэг, фракцуудыг хүлээн зөвшөөрч тэдний амаар, дохио заавраар нь ажиллаад явах боломж байхгүй л дээ. Би намын даргад нэр дэвшиж дотоод сонгуульд өрсөлдөж байхдаа АН бүлэг, фракцгүй нам байх ёстой, зөвхөн гишүүдийнхээ оролцоо дээр тулгуурласан бодлогын нам байна гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Үүнийг манай гишүүд ч дэмжсэн. Тиймээс өнөөдөр гишүүдийн оролцоотой, бодлогын нам байлгахын төлөө л явж байгаа. Үүний тулд ямар нэгэн бүлэг, фракцыг толгойлж байгаа хүмүүстэй ойр холбоотой байх албагүй. Би хэнийг ч цаашаа гэж хөөгөөгүй мөн хэнийг нь ч ямар нэгэн дүрмийн бус зүйл дээр хамтаръя, хуйвалдъя гэж дуудаагүй. Дүрмийн хүрээнд л ажиллаж байна. Энэ бүхнийг юу гэж ойлгох нь сонин биш. Би өнөөдөр намынхаа хууччуулаас цэрвээд байгаа ч зүйлгүй. Дээр хэлсэнчлэн, манайд маш олон чадалтай улс төрийн лидерүүд, туршлагатай олон мянган гишүүд бий. Тэднийхээ дадлага, туршлага, нэр хүндэд тулгуурлаж АН явж байгаа.
Холбоотой мэдээ