Хүүхдийн номын борлуулалтын оргил сар эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номын борлуулалтын оргил сар эхэлж байна

Хүүхдийн номын борлуулалтын оргил сар эхэлж байна

ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТЫГ БУУРУУЛАХАД НОМ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ

Аль ч номын дэлгүүрт орсон хүүхдийн номын тасгуудаар хөл хөдөлгөөн тасрахгүй байгаа нь Шинэ жилийн баяр наашилж буйн шинж. Сүүлийн үед эцэг, эхчүүд баяраар хүүхдэдээ чихэр, жимсний оронд ном бэлэглэх хандлага нэмэгдсэн нь сайшаалтай. Энэ удаад бид хүүхдийн номын зах зээлийг онцоллоо.

ХҮҮХДИЙН НОМЫН БЕСТСЕЛЛЕР НЬ ТАНИН МЭДЭХҮЙН КАРТ

“Интерном” дэлгүүр хамгийн борлуулалт сайтай номын жагсаалтаа тогтмол зарладаг. Арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар Марк Мэнсоны “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” хэмээх хувь хүний хөгжилд зориулсан зөвлөгөө бүхий ном тэргүүлсэн бол удаах байранд хүүхдийн танин мэдэхүйн карт оржээ. Энэхүү карт нь улс орнуудын далбаа, таван хошуу мал, монгол гэр ахуй гэсэн чиглэлийн 23 нэр төрлийн зураг бүхий дүрстэй тоглоом юм. Харин Рози Дикинсийн “Уран зураг” хүүхдийн ном арванхоёрдугаар байранд орсон нь хүүхдэд зориулсан номын хамгийн эрэлттэй нь аж. Уг ном нь дэлхийн хамгийн алдартай 30 гаруй уран зургийг багтааж, уран бүтээлчдийнх нь амьдрал, үзэл санаа, дүрслэх урлагийн урсгалуудын талаар товч дурджээ. Энэхүү номд хүүхдүүд өөрсдийн зураг, бүтээлийг интернэтэд оруулах тусгай веб сайтуудын хаягийг байршуулсан байна.

Харин “Аз хур” номын дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай хүүхдийн номыг “Хүүхдэд зориулсан дэлхийн газарзүйн атлас” тэргүүлжээ. Удаах байранд “Пороро” буддаг ном, “Миний дэлхий” цувралын “Миний анхны 100 амьтан” танин мэдэхүйн ном орсон байна. Эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг бол 5-6 настнуудад зориулсан “Ховилтой дэвтэр”. Зориулалтын ховилын дагуу үсэг тоог дарж бичдэг уг дэвтэр аль ч номын дэлгүүрт борлуулалт сайтай байна.

ЖАГСААЛТААР БАТАЛСАН ЗААВАЛ УНШИХ БЕСТСЕЛЛЕРТ БАГТДАГГҮЙ

“Монголын Психотроникийн хүрээлэн”-гээс санаачлан эрдэмтдийн баг ажиллаж монгол хүүхдийн заавал унших 68 номын жагсаалт гаргаж, БСШУЯ-аар батлуулсан. Уг жагсаалтад ардын аман зохиолоос эхлээд дэлхийн болон монголын сонгодог зохиолууд, өгүүллэг, тууж багтсан байна. Монголын хүүхэд залуусын оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх уг жагсаалтын бага насны ангилалд нь Монгол ардын үлгэрүүдээс гадна ханс Кристиан Андерсений “Ах дүү Гриммийн үлгэрүүд”, Б.Ренчин гуайн орчуулсан Сетон томпсоны “Чин зоригт адгуусан амьтдын үлгэр”, С.Лагерлефын “Галуу дагасан гайхамшигт аян”, “Шидэт дэнлүү” зэрэг багтжээ.

Харин 14-өөс дээш насны хүүхдүүдэд зориулсан жагсаалтад Л.Түдэвийн “Оройгүй сүм”, “Үгсийн нууц уурхай”, Ч.Лодойдамбын “Солонго”, “Шаргачин”, Л.Өлзийтөгсийн “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, Д.Урианхайн “Учрахуй ба хагацахуй” зэрэг ном багтсан. Түүнчлэн Ч.Айтматовын “Цайран харагдах хөлөг онгоц”, “Улаан алчууртай хонгор минь”, У.Шекспирийн “Эмгэнэлт жүжгүүд”, Р.Гамзатовын “Миний дагестан”, Л.Н.Толстойн “Дайн ба эх”, Жек лондоны “Мартин иден”, “Хуурмаг нарны түмэн зөргөөр”, Михаил Шолоховын “Донын өгүүллэгүүд”, А.С.Пушкины “Хүүрнэл зохиолын түүвэр” гэх мэтчилэн дэлхийн сонгодог зохиолууд орж буй. Гэвч эдгээр заавал унших номууд дэлгүүрүүдийн бестселлерийн жагсаалтад багтаагүй бол эрдэмтдийн гаргасан жагсаалтад ороогүй Ж.К.Роулингийн “Харри Поттер” цувралууд, Стиг Ларссоны “Луун шивээст охин”, Л.Оюунгэрэлийн “Жаран цагаан хонь” гэх мэт уран зохиолын ном бестселлерийн тавцангаас буусангүй.

НОМЫН ТӨРӨЛ БАЯЖСАН НЬ БОРЛУУЛАЛТЫГ ӨСГӨЖЭЭ

Номын дэлгүүрүүд шинэ жилийн бэлэгт санал болгох олон төрлийн номын худалдаа санаачилжээ. тухайлбал “Аз хур” номын дэлгүүрийн төв салбарт ням гараг бүр “Номтой шинэ жил” хэмээх өвлийн өвөө, урлагийн тоглолт, циркийн үзүүлбэртэй худалдаа зохион байгуулах аж.

ЗУРАГ ЧИМЭГЛЭЛ ИХТЭЙ, МЭДЭРЧ ХҮРЧ ҮЗДЭГ НОМЫГ БАГАЧУУД ХАМГИЙН ИХ СОНИРХДОГ

Тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд сонирхолтой ном бэлгэнд өгөх юм байна. Түүнчлэн “Мир” номын дэлгүүрт “Номтой нөхөрлөе” аян зохион байгуулж, 500 мянган төгрөгийн үнэ бүхий гэр бүлийн багц, сонгодог зохиолын багц номын шагналтай азтан тодруулах аж. Интерном дэлгүүрийн хувьд “Харри Поттер ба Галт цом” цувралын дөрөвдүгээр боть энэ сарын 12-нд худалдаанд гармагц урамшуулалтай онлайн захиалга авах юм.

Зураг чимэглэл ихтэй, мэдэрч хүрч үздэг, мөн олон төрлийн комик цуврал номыг хүүхдүүд хамгийн ихээр сонирхдог. Товчхондоо урт үлгэр, өгүүллэгээс илүүтэй богино хэлбэрээр бичигдсэн, зураг ихтэй ном бяцхан уншигчдын эрэлтийг хангадаг аж. Харин өсвөр насныхан уламжлалт тууж, түүхийн зохиолыг биш орчин үеийн сэдэвтэй, гэмт хэрэг, зөгнөлт зохиолыг голчлон сонирхдог гэдгийг ном борлуулагч нар хэлж байна.

Ер нь номын зах зээлд хүүхдэд зориулсан бүтээл жил ирэх тусам орон зайгаа тэлсээр байгаа. АНУ-д гэхэд хүүхдийн номын борлуулалт өнгөрсөн таван жилд 11.3 хувиар өсөж, 3.67 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй. Харин уран зохиолын бус номын борлуулалт 2012 онд 181 ам.доллар байсан нь 2017 онд 233 сая ам.доллар болж өссөн судалгааг Association of American Publishers байгууллага гаргажээ.

Ийнхүү багачуудад чиглэсэн зах зээл хурдтайгаар өсөж буй нь нэг талаас техник, технологийн хөгжилтэй холбоотой. Нөгөө талаас харвал, эцэг эхчүүд хүүхдээ гар утас, компьютерийн тоглоомоос хол байлгахын тулд төрөл бүрийн сонирхолтой ном худалдан авч өгөх болжээ. Цаашид ч энэ хандлага улам нэмэгдэх төлөвтэй байгааг номын худалдаа эрхлэгчид онцоллоо.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж