Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг сургуулиудын барилгын ихэнх нь насжилт өндөр, тиймээс нуран унах эрсдэл ихтэйг мэргэжлийн хяналтын байцаагчид анхааруулдаг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэгийн барилга хуучирч муудсанаас болж дээвэр нь нуран унахад ойрхон болжээ. Таазных шаврууд нурж, хүүхэдтэй хичээллэх боломжгүй болоод байгаа гэнэ. Тус цэцэрлэг ийм эрсдэл дунд хоёр жилийг үдсэн бөгөөд төр засгаас өнөөг хүртэл дорвитой арга хэмжээ аваагүй байгаа гэнэ. Үүнээс болоод айлын нялх хүүхдүүдийн амь эрсдвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуулталд одоогоор хариулах эзэн олдохгүй байна.
54-р цэцэрлэгийн хувьд 1965 онд дөрвөн бүлэгтэйгээр анх байгуулагдснаас хойш 1984 онд нэг өргөтгөл хийсэн. Түүнээс хойш 40 гаруй жилийн хугацаанд их засвар хийгдээгүй байгаа юм байна. Цэцэрлэгийн ангийн тааз нурах үед дүүргийн онцгой байдлын хэлтэс болон мэргэжлийн хяналтын газрын хэлтэс, Нийслэлийн боловсролын газрын барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай нар ирж цэцэрлэгийн барилгын одоогийн төлөв байдал нь ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг хангахгүй засварлах шаардлагатай хэмээн дүгнэлт гаргасан аж. Дүгнэлтийн дагуу холбогдох газруудад нь цэцэрлэгийн барилгад шинэчлэл, засвар хийх хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч одоог хүртэл ямарч дорвитой арга хэмжээ авагдаагүй байна.
Тус цэцэрлэгийг гаднаас нь харахад л дээр үеийн, бүх юм хуучирч муудсан нь илэрхий байлаа. Үүдээр нь ороход л анги болгоны таазанд цууралт өгсөн, шал нь явах тоолонд чихарч, хэзээ мөдөхгүй нуран унахад бэлэн гэдэг нь илт харагдаж байсан юм. Үйл ажиллагаагаа явуулж байгаа зарим ангид ороход шал нь хууларсан, нойлын өрөөний хана, таазны шохой ховхорсон модон шалны хүрээгээр ялзарч цөмөрч доош суулт өгсөн зэрэг дүр зураг харагдаж байлаа. Тус цэцэрлэгийнхэн үргэлжийн айдас дунд ажиллаж байгаагаа өгүүлсэн. Тиймээс хэзээ мөдгүй нуран унахад бэлэн барилгад дунд хичээллэж байгаад төр засаг анхаарлаа хандуулах цаг болжээ.
Тус цэцэрлэгийн нярав С.Оюунжав хэлэхдээ “Жил бүр цэцэрлэгт урсгал засвар хийдэг ч төсөвт тусгагдсан урсгал засварын зардал нь хүрэлцдэггүй. Олон жил болсон болохоор маш чийгтэй, агааржуулалтын систем муу байдаг. 200 гаад хүүхэд явж байна. Цэцэрлэг хомс байгаа энэ үед хүүхэд авахаас өөр аргагүй байна” хэмээн ярьсан юм.
Мөн эцэг эхчүүд цэцэрлэгийн барилгаа хэзээ нурж унах бол гэдгээс айж явдгаа ярив.
54-р цэцэрлэгийн сургалт хүмүүжлийн ажлыг сайн явуулдаг ч шат нь стандарт бус хүүхдүүд явж байхдаа бүдрэх аюултайгаас гадна барилга нь маш хуучин. Мөн анги дүүргэлт ихтэй хүүхэд унтаж байхад бусад хүүхэдтэйгээ агаараа булаацалдах зэрэг ачаалалтай ажиллаж байдаг. Цэцэрлэгээ засч янзлан анги танхимыг томсгож хүүхдэд илүү тав тухтай байдлыг бий болгох ёстой хэмээн боддог гэж эцэг эхийн төлөөлөл Ж.Батжаргал ярьсан юм.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 28 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний 10-аад цэцэрлэг нь засвар хийх шинэчлэн өргөтгөх шаардлагатай байгаа юм байна.
Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг нь ердийн ангиас гадна 24-ийн цагийн үйл ажиллагаатай хоёр анги ажиллаж байна. Долоо хоногийн таван өдөр өдөржингөө хүүхдийн инээд хөөр, хөл хөдөлгөөн болдог энэ цэцэрлэгийг нэн яаралтай анхааралдаа аван засч янзлахгүй бол нэг л өдөр хүүхдийн дээрээс тааз нурах аюултайгаас гадна хүүхэд бэртэж гэмтэхгүй байхын аргагүй гэж үзэж байна. Хэрвээ энэ байдлаараа удаан үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжгүй болвол 200 гаран хүүхэд цэцэрлэгт явж чадахгүйд хүрч болзошгүй байгааг шат шатны хариуцсан байгууллага албан тушаалтнууд анхааралдаа авах хэрэгтэй байна.
Б.СОНИНБИЛЭГ