Африкийн орнуудаас араас нь бид явж байна
“Адагт үлдсэн тэрбумтан” номын зохиолч оксфордын их сургуулийн Африкийн эдийн засгийн судалгааны төвийн захирал Пол Коллиэр нэг тэрбум орчим хүн амтай 58 улс орны хоцрогдож үлдсэний шалтгааныг олон жилийн турш судалжээ. Тэрээр энэхүү судалгааныхаа үр дүнд дөрвөн төрлийн занга байгааг илрүүлсэн байна. Үүнд мөргөлдөөний занга, байгалийн баялгийн занга, жижиг улсын муу засаглалын занга, далайд гарцгүйн дээр муу хөрштэй байх занга багтжээ. Эдгээр занганууд Африкийн хөгжлийг гацааж орхисон байна. Хоцрогдож үлдсэн орнууд энэ мэт байдлаар зангад орж, хөгжиж чадахгүй ядуурал нь улам гүнзгийрсээр. Дээрх зангануудаас манай улсад гурав нь хөгжлийн гацаа үүсгэх хэмжээнд ирсэн байна.
Байгалийн баялгийн занга уул уурхайн томоохон төслүүдтэй хамт нутагшиж, эдийн засагт голланд өвчин, Баялгийн хараалын шинж тэмдэг илэрч, энэ нь ужгирах болсон. Улсын төсөвт үлэмж нөлөө бүхий эрдэс баялгийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтын эсрэг ажиллагаа үндэсний үзэлтэй хүч хавсран зарим төслүүдийг замын дундаас буцахад хүргэж байна. Ордыг үнэгүйдүүлэх, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг тогтворгүй болгох зэрэг улс орны эдийн засагт хор, хохиролтой шийдвэр гарсаар байгаа юм. Байгалийн баялгийн занга нь хуулийг засварлах, хууль зөрчих, авлигал өгөх, хуулийн цоорхойг ашиглах байдлаар илэрдэг байна. Ийм “технологи” хоцрогдсон орнуудыг хорлох “эм” болж, хөгжиж буй орнуудын хөгжлийг царцаасан хамгийн том жишээ Африк болж байгаа юм. Баялгийн занганд орсон улсад баялгийн жинхэнэ эзэд болсон ард түмэн нь байнга л хохирч үлддэг төдийгүй баялгийн хуваарилалт шударга бусаар явагдаж, эндээс нийгмийн цөөн хэсэг л хүрдэг нийтлэг дүр зураг байна.
Манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн таван жилийн хугацаанд тасралтгүй буурч, хөрөнгө оруулалтын орчин муудсан. Хөрөнгө оруулагчдын эрх ашиг хөсөр хаягдсан төдийгүй энэ оны аравдугаар сарын байдлаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлд 125 өргөдөл, гомдол ирсэн байна.
Нийтлэлийнхээ эхэнд дурдсан зангануудаас жижиг улсын муу засаглалын занга манай улсад хэрхэн бодитой оршин тогтнож байгааг тоохгүй өнгөрч боломгүй. Улс төрийн өнөөгийн хямрал, намуудын хагарал, эрх мэдлийн төлөөх ичгүүр сонжуургүй улайрах тэмцэл муу засаглалын зангад бид орчихсон явааг илтгэх аж. Африкийн орнуудад нүүрлэсэн занга гэгч улс төр, уул уурхай, нийгмийн уур амьсгалыг бүхэлд нь эзэмдэж, хоцрогдсон орнуудын зам руу хөл тавихад хүргэсэн байна.
Мөргөлдөөний занга манайд одоохондоо алга гэж дүгнэх гэсэн боловч цахим ертөнцөөр өрнөж байгаа нэгнээ дайрсан, давшилсан, хамаг муугаар хэлсэн болгон 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуунд дахин уриалан дуудах нь холгүй байна. Нийгмийн уур амьсгал мөргөлдөөний занганд орооцолдож, хүмүүсийн шударга бусыг үл хүлээн зөвшөөрөх тэвчээр алдарч эхэллээ. Үүнийг хүмүүсийн бухимдал, уур хилэн илтгэнэ. Оксфордын их сургуулийн Африкийн эдийн засгийн судалгааны төвийн захирлын оношилсон дөрвөн занганаас гадна өөр занганууд монголд байгааг зарим судлаач тогтоосон байна.
Манай улсад хуурмаг ардчиллын занга, эрх мэдлийн хэт төвлөрлийн занга, орон нутаг эрх мэдэлгүйн занга, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн занга, дэд бүтцийн занга, намын занга, хэт цөөн хүн амын занга хөгжлийг “чөдөрлөж” байгаа ажээ. Африкийн орнуудыг өмнөө сөгдүүлсэн зангануудаас далайд гарцгүйн дээр муу хөрштэй байх занга байхгүй биш байна. Тухайлбал, гуравдагч зах зээлд бараа, бүтээгдэхүүн, түүхий эдээ хүргэхэд заавал хөршөөрөө дамжих, улмаар зөвшөөрөл авахад хүрч буй. Далайд гарцтай орнуудтай харьцуулахад, барагцаагаар арав дахин их тээвэрлэлтийн зардал гардаг гэдгийг олон улсын байгууллагын судалгаанд дурджээ. Нөгөө талдаа манай хоёр хөрш хоёр том далай гэж үздэг. Энэ утгаараа авч үзвэл дөрвөн төрлийн зангануудаас хамгийн эрсдэл багатай ч эдийн засгийн ашигтай нөхцөл бидэнд байна.
ХӨГЖЛИЙГ ГАЦААСАН ЗАНГАНААС ГАРАХЫН ТУЛД ХУВИЙН ХЭВШИЛД БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА
Хөгжлийг гацаасан зангануудаас зарим улс мултарч гарахын тулд хувийн хэвшилдээ илүү боломж олгож эхэлсэн байна. Бүхнийг төр мэднэ гэсэн ойлголтыг халж, засаглалын чанараа сайжруулахын тулд өмчийг хувьчилж, ардчиллыг тэлэх арга хэмжээ авах болжээ. Хувьчлал үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөх хөгжлийн хамгийн сайн үзүүлэлт гэдэгт хөгжиж буй орнууд ач холбогдол өгч байна. Төрийн эрхийг хязгаарлаж байж, эдийн засгийн эрх чөлөө бий болно гэж занганд нэрвэгдсэн орнууд үзэж эхэлсэн байна.
Африк, Латин Америкийн орнууд занганаасаа сугарч гарах гэж хамаг тэнхээгээ барж байхад манайх оксфордын их сургуулийн Африкийн эдийн засгийн судалгааны төвийн тодорхойлсон дөрвөн занга руу татагдан оржээ. Эцсийн бүлэгт амьдралыг тоогоор хэмждэг. Үндэсний статистикийн хорооны энэ оны аравдугаар сарын дүн мэдээгээр, Монгол Улсын хэмжээнд ажилгүй 27 мянган иргэн байна. Занганд өртсөн орны хөдөлмөрийн зах зээл доройтсоор байгаа нь энэ.
Баялгийн менежментийн түүх урьд нь тааруу байсан хэдий ч зарим улс орон сайн хэрэгжүүлж чадсан байдаг. 1970-1998 оны хооронд баялаг ихтэй, хөгжиж буй 65 улс орноос зөвхөн дөрвөн улс ДНБ-ий 25 хувиас илүү хэмжээтэй урт хугацааны хөрөнгө оруулалтыг татаж, ДНБ-ий дундаж өсөлт нь дөрвөн хувиас давсан байдаг. Эдгээр нь Ботсван, Индонез, Малайз, Тайланд. Энэ орнууд байгалийн баялгийн занганаас хөрөнгө оруулалт, сайн засаглалын үр дүнд гарч чадсан билээ.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ