“Санхүүгийн салбарын комплаенс 2018” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Санхүүгийн салбарын комплаенс 2018” форум боллоо

“Санхүүгийн салбарын комплаенс 2018” форум боллоо

Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны, үнэт цаасны болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлийн мэргэжлийн холбоодтой хамтран “Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумыг зохион байгууллаа.

Форумыг нээж УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нар үг хэллээ.

Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-үүдэд тусгагдсан Хорооны зохицуулалттай зах зээлүүдийн нийт санхүүгийн салбарт эзлэх хувийг 10-15 хувьд хүргэх зорилтод форумын үндсэн сэдэв болох комплаенсыг хэрэгжүүлэх нь чухал нөлөөтэйг дурдсан бол Хорооны дарга, доктор С.Даваасүрэн комплаенсын үйл ажиллагааг санхүүгийн салбаруудад нэвтрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвх чармайлт, хамтын хүчин зүтгэл чухал болохыг онцлов. Тэрээр энэхүү форумыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, баримтлах бодлого, чиг хандлагаа тодорхойлдог байх зорилт тавин ажиллаж байгаагаа мэдээллээ.

“Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумын эхэнд Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Олон улсын валютын сан ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх болоод комплаенсын үйл ажиллагааг нэвтрүүлэх ажлууд нь зөвхөн санхүүгийн салбар төдийгүй цаашлаад макро эдийн засгийн түвшинд ач холбогдол өндөртэй болохыг оролцогчдод тайлбарласан юм. Мөн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг “Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон гадаад дотоод эрсдэл”-ийн талаар илтгэж, богино болоод дунд хугацаандаа эдийн засгийн төлөв байдал үргэлжлэн эерэг байх шинжтэйг онцоллоо. Гэвч бүсийн болон бусад гадаад эдийн засгийн нөлөө хүчтэй хэвээр байх төлөвтэйг дуулгасан юм.

Мөн форумын нэгдсэн хуралдаанд Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар болон Санхүүгийн мэдээллийн албаны дэд дарга Т.Дуламсүрэн нар өөрсдийн илтгэлийг танилцууллаа. “Санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам” сэдэвт илтгэлдээ Л.Амар санхүүгийн салбаруудад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа хэрхэн явагдаж болох талаар тайлбарлан, сэргийлэх арга техникүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан бол Т.Дуламсүрэн Ази номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын явцыг мэдээлсэн юм. Түүнчлэн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог танилцуулж, Хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзориг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Хорооноос явуулж байгаа үйл ажиллагаа, бодлого, зорилтын талаар форумд оролцогчдод дэлгэрэнгүй тайлбарлав. Дараа нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Сэргэлэнбаатар санхүүгийн гэмт хэргийн нөхцөл, хандлагын талаар илтгэж, тулгамдаж байгаа зарим асуудлаар танилцуулга хийв.

Нэгдсэн хуралдааны хоёрдугаар хэсгийн үндсэн илтгэлийг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун тавив. Тэрээр “Санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлдээ санхүүгийн салбаруудад Хорооноос хийсэн эрсдэлийн үнэлгээг танилцуулж, салбар бүрийн онцлог, тулгамдсан асуудлын талаар ярив. Илтгэлтэй холбогдуулан явуулсан панель-хэлэлцүүлэгт Монголын хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо (МХЗХҮХ)-ны тэргүүлэгч Б.Насанжаргал, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (МББСБХ)-ны ерөнхийлөгч А.Алтансүх, Монголын даатгалын холбоо (МДХ)-ны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ)-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо (ҮХХЗНХ)-ны үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн П.Одгэрэл нар оролцож, салбар бүрт тулгарч байгаа сорилт, бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаарх санал, байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгээр төрийн зохицуулагч байгууллагаас мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, сургалт, арга зүй, нэгдсэн удирлагаар хангаж, хууль тогтоомж, журам дүрмийг мөрдүүлж ажиллах шаардлага байгааг онцолж байв.

Үдийн хойно “Санхүүгийн салбарын комплаенс 2018” форум салбар хуралдаануудаар үргэлжлэв. Салбар хуралдаануудаар Үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбаруудад комплаенсыг хэрхэн нэвтрүүлэх, зах зээл болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогт хэрхэн нийцүүлэх, холбогдох журам, дүрмийг батлах асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээний сэдвээр ажил хэрэгч яриа өрнөлөө. Салбар хуралдаануудаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн, форумын хаалтын нэгдсэн хуралдаанд эцэслэн хэлэлцэв.

“Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумд нийт 250 орчим зочид, төлөөлөгчид оролцсон бөгөөд нэгдсэн болон салбар хуралдаануудаар хэлэлцсэн комплаенсийн зарчмуудыг нэвтрүүлэхтэй холбоотой санал дүгнэлтүүдийг нэгтгэж, санхүүгийн салбарын дотоод хяналтын уламжлалт арга ажиллагааг комплаенсын орчин үеийн жишигт нийцүүлэн шинэчлэх, олон улсын станндарт, хэм хэмжээг нэвтрүүлж мөрдүүлэх, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, сургалт, арга зүйгээр хангах, сурах бичиг, гарын авлага болон холбогдох баримт материалыг боловсруулах, зохицуулалтын журам, зааврыг батлан мөрдүүлэх зэрэг тодорхой ажил, алхамуудыг тусгасан зөвлөмж гаргахаар боллоо.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж