УИХ-ын дарга нэгэн бичлэгээс болоод гэмт хэрэгт орооцолдсон байж магадгүй болоод огцрох өргөдлөө өгөх шахалтад ороод байгаа билүү. Тэгвэл “Эргээд хар даа, Бразилын хямралыг сана! Зуун жил, арван жилийн өмнө биш ээ. Ердөө нэг жилийн өмнө буюу 2017 оны хавар "Globo” хэвлэл нэгэн дуут бичлэг нийтэлжээ. Уг бичлэгт тус улсын Ерөнхийлөгч Темер махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч JBS компанийн эзэн Жоэсли Батиста нарын яриа бичигджээ. Тухайлбал, Бразилын Ерөнхийлөгч уг бизнесменээс парламентын доод танхимын дарга асан Эдуард Куньяг найрч, төрийн өмчит "Petrobras” компанитай холбоотой авлигын асуудалд дуугүй болгох зорилгоор мөнгө өгөхийг гуйжээ. Батиста, Темер нарын уулзалт өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд болсон бөгөөд авлигын хэмжээ 630 мянган ам.доллараар яригдаж байсан тухай “RT” агентлаг мэдээлсэн байдаг.
Тус улсын парламентын доод танхимын дарга нь 2017 оны гуравдугаар сарын сүүлчээр авлига, мөнгө угаасан, мөнгөө гадаадад хууль бусаар хадгалсан хэргээр 15 жил дөрвөн сар хорих ял авч шоронд орсон. Гэхдээ тэр албан тушаалаа өгөхдөө “Надад Швейцарийн банкинд данс байхгүй. Ямар ч буруу зүйл хийгээгүй. Ерөнхийлөгч асан Д.Руссефф-ийг дэмжигчид түүнээс өшөө авахаар завдаж байна. Гэмт хэргийн үүр болсон Засгийн газрыг чинь зайлуулсанд надад талархах хэрэгтэй. Намайг Руссефийн Ажилчны нам огцрууллаа" гэсэн нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл, Бразилын ард түмний ой санамжид өөрийгөө Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах ажиллагааг санаачилсны өс хонзонгоор хилс хэрэг хүлээлгэсэн гэдэг ойлголт үлдээсэн.
Ингээд Парламентын доод танхимын даргаа ёстой л “ордны хуйвалдаан” гэгчээр “явуулчихлаа”. Дараа нь юу болсон бэ. Бразилын шинэ Ерөнхийлөгч Темертэй холбоотой авлигын гэмт хэргийн мэдээлэл улс орныг бүрхэв. Иргэд нь хэдэн зуун мянгаараа огцруулахыг шаардаж ээлжит бус сонгууль яаралтай явуулахыг шаардан жагсацгааж байв. Цагдаа нь Ерөнхийлөгчийнхөө авлига авсан нотолгоог бий гэдгийг мэдэгдэж, Ерөнхий прокурор нь хэргийн материалыг Дээд шүүхдээ шилжүүлжээ. Тэгэхээр нь Ерөнхийлөгч нь Ерөнхий прокуророо шинээр томилсон.
Харин зургадугаар сарын 20-нд Бразилын холбооны цагдаагийн газраас одоогийн төрийн тэргүүнийг авлига авсан гэх нотолгоо бий гэж мэдэгджээ. Мөнгийг парламентын гишүүн асан Родриго Рочу Лоуресээр дамжуулан Темерт шилжүүлсэн. Дээрх хэргийнхээ улмаас тус улсын төрийн тэргүүн Германд болсон Их 20-ийн уулзалтаас ч татгалзаж. Эдийн засаг нь хямарч ажилгүйдэл нь 11.5 хувь хүртлээ өсөв. Хөрөнгө оруулагчид ч үргэж, ДНБ-ийн хэмжээ 3.8 хувиар тасралтгүй буурсан.
Тухайн үед Оросын стратегийн судалгааны хүрээлэнгийн Латин Америкийн салбарын тэргүүн Дмитрий Бурых “Бразилын улс төрийн систем, намын аппаратын нэр хүнд бүрэн унасан гэнэ. Улс төрийн аль ч төлөөлөгчөөс алдаа дутагдал илрүүлж болохоор болсон бөгөөд Бразилын улстөрчид дотор шинэ удирдагч харагдахгүй байна” хэмээж байв. Тэрбээр “Бразил дахь улс төрийн эмх замбараагүй байдалд дэлхийд томоохонд тооцогдох нефть олборлогч "ExxonMobil”, эрчим хүчний "Chevron” компани, олон улсын "Koch Industries” корпораци, тэрбумтан Жорж Соросын бүтцийнхэн хамааралтай бөгөөд эдгээр нь интернэт идэвхтнүүд, хэвлэл мэдээллийг санхүүжүүлж байна” гэж мэдэгдсэн байдаг.
Бүр хачирхалтай буюу Монголд “сонирхолтой” нь юу гээч. Бурыхын хэлснээр “2015 оны эхнээс үүссэн авлигын дуулианаас болж Petrobras-ын хувьцааны ханш ¼-ээр унасан. Энэхүү хямд өртөгтэй үнэт цаасыг Соросын хяналтад байдаг компаниуд худалдан авсан. Энд зөвхөн бизнес л яригдаж байна. Тиймээс Бразилын хямрал АНУ-д хувьцааг нь худалдан авахад ашигтай байж. Яг энэ үеэр шинэ орд нээгдэж, концессыг Хятадын нэгэн төрийн өмчит компанид өгсөн. Эндээс л Америк, Бразилын харилцаа муудаж, Petrobras-ын авлигын дуулиан дэгдэж, энэ нь тус улсын дотоод байдалд одоог хүртэл нөлөөлж байна” хэмээн шинжээч тэмдэглэсэн байна. Ерөнхийлөгчтэй холбоотой дуулиан дэгдэхийн өмнөхөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг худалдааны хаалттай мэдээллийг олж авсан гэх мэдээлэл байгаа аж.
Тэгэхээр улс орны хямрал гадаадын улс гүрэнд ашигтайгаар, дотоодын иргэддээ халтайгаар тусдагийн жишээ энэ мөн. Тухайн үед тус улсын Засгийн газар ажлын байрыг улам хомсдуулж тэтгэврийн насыг тэлж энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад л ашигтайгаар туссан гэдэг.
Бразил бол Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай, 190 гаруй сая хүн амтай. Гэтэл авлига нь аль хэдийн тахлын хэмжээнд хүрч Ерөнхийлөгч асан Луиз Иначио Лула да Силва авлигын хэргээр шоронд хоригдож, түүний дараагийн ерөнхийлөгч Дилма Руссеф мөн авлигын хэргийн улмаас албан тушаалаа өгч, мөн дараагийнх ерөнхийлөгч Микел Темер тус улсын нийт хууль батлагчдын 60 хувьтай нь хамт шалгагдаж байна. Өнгөрсөн сард тус улсын шинэ Ерөнхийлөгчөө сонгосон. Анх удаа зэвсэгт хүчнээс Ерөнхийлөгч төрсөн нь 63 настай Болсонаро бөгөөд “Бразилын улс төрийг цэвэрлэнэ” гэсэн амлалт өгч сонгогдсон цэргийн дэглэмийг хүчтэй дэмжигч нэгэн.
Өнөөгийн Монголынхтой тохиолдлоор ч гэх үү, төстэй гэхэд дэндүү төстэй энэ үйл явц нэгийг бодогдуулах биз ээ. Гэхдээ дахин сануулахад газар зүйн байршил, улсын нийт хүн ам, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээрээ харьцуулахын аргагүй, зөвхөн авлигажсан төрийн хямралаараа л ижилсэх тул авах арга хэмжээ нь ч адил байх аргагүй буй за.
Холбоотой мэдээ