Сэтгэлгээгээ өөрчилье…

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Сэтгэлгээгээ өөрчилье…

Шүүх эмнэлэгт шинжээч ажилтай хууль сахиулагч иргэн, хамтран амьдрагч бүсгүйтэйгээ нийлж төрсөн охиныхоо аминд хүрсэн аймшигт хэрэг Монголчуудыг цочроов. Гэр бүлийн боловсрол, төлөвлөлт, хүүхдийн эрх хамгаалал зэрэг олон сэдвийг хөндсөн эл явдлын эсрэг Монголчууд үйл хэрэг, үзэл бодол, санал санаачилгаараа нэгдэж чадлаа. Энэ өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо манлайллын хөтөлбөрт хамрагдаж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид ч хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ДС дэх монгол сургууль дээр очиж гэрэлт зул өргөлөө. Энэ үеэр Вашингтон хот дахь Монгол сургуулийн багш н.Отгонжаргал ингэж ярилаа. “ Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн асуудлаар  дуу хоолойгоо нэгтгэхээс өөр аргагүй байгаа учраас Монголд болсон цагаан цуглааныг дэмжиж байна. Гэхдээ зүгээр нэг шоу үзүүлж лаа асаагаад өнгөрөх биш  нийгэм төр засаг минь үүнийг хараач, бидний сэтгэл их өвдөж, санаа зовж байна гэдгээ илэрхийлэхийг хүслээ. Америкчууд хүүхдийг яаж хайрлаж дээдэлж халамжилдагийг  бид харж байна. 380 сая хүн амтай энэ улсаас маш ихийг сурмаар. Энд  хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалахыг тод заагаад өгчихсөн тогтолцоо нь  маш сайн. Тэгэхээр монгол хүүхдүүдүүийг ингэж амьдруулахын тулд  хувь хүн бүр гэр бүлийн хэмжээнд хийгээд эхлээсэй гэж бодож байна”.

Үүний дараа манлайлагч залуус хэлэлцүүлэг өрнүүлснийг товчлон хүргэж байна.

Н.Гансүх: Хүүхдийн эрх гэж хангалттай ярьдаг. Гэвч бид хамгаалж чаддаг уу. Хүүхдийн яаралтай түргэн тусламжийн дуудлагын багагүй хувийг эм,  химийн бодист хордох , угаартах, түлэгдэх гээд зэрэг хамгаалал муугаас хохирсон тохиолдлууд эзэлдэг. Энэ юуг харуулж байна вэ?

Б.Амарсанаа: Энэ хууль 1996 онд хэрэгжиж эхэлснээсээ хойш бусад хуулийг дагаж зургаан үг үсгийн гэмээр жижигхэн өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд хамгаалалтад авах тухай заалт нэмэгдсэн. Эрх баригчид өөрсөддөө ач холбогдолтой хэрэгтэй хуулийг хэдийд ч яаж ч өөрчилж чаддаг шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл болоод хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг бид яаралтай бөгөөд нэн даруй эрс шинэчилж өөрчлөхгүй бол хүч их сул байна.

Б.Гүнсэн: Хэрвээ бид хүүхдээ хэрхэн хамгаалах шийдэл хайж байгаа бол эрхзүйн орчин онцгой шаарлагатай. Хууль сахиулах байгууллага, сайн дурынхан, иргэд гээд тал бүрийн оролцоо чухал. Хүүхдүүд хоорондоо муудалцаж байхад бид хажуугаар зөрөөд гардаг. Энэ асуудалд бид оролцох ёстой.

Л.Болормаа: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэж байгаа. Яг энэ цаг мөчтэй холбогдуулаад хүүхэд хамгаалах асуудлыг нарийчлан сайн тусгаж өгөх шаардлагатай: АНУ-д аав ээж хүүхдээ зодож байвал хөрш нь цагдаад мэдэгддэг. Гэтэл манайхан  эр эмийн хооронд илжиг бүү жороол гэсэн хандлагатай суудаг.

Г.Баяр-Эрдэнэ: Хуулиас гадна хүүхдийн төлөө байгууллагуудын чадавхи сул байна. Хүүхэд бүрт хүрч ажиллаж чаддаггүй. Хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулж явахад энэ тухай ярилцах мэргэжилтэн олдоогүй, томоохон хүүхдийн байгууллагаас шүү. Дээрээс нь иргэдийн оролцоо бүхнээс чухал. Улаанбаатар хотод “Хүүхдэд ээлтэй хөрш болцгооё” уриалга гарсан байна.  Бид өөрсдийн нийгмээ өөрсдөө л хамгаалахгүй бол хуулийн хүчний байгууллагын чадавхи болоод тогтолцоо асуудалтай байна.

Э.Жавхлан: Үүссэн нөхцөл байдлаас өмнө гэр бүл төлөвлөлт, боловсролтой холбоотой асуудлыг сөхөх хэрэгтэй. Төлөвлөөгүй гэр бүл, хүсээгүй жирэмслэлтээс хүүхэд олноор төрдөг. Тэгээд нэг хүүхэдтэй дээрээ салъя гэсэн хандлагатай залуус маш их болжээ. Тиймээс  гэр бүл төлөвлөлт, тогтвортой байдал,  хүнлэг ёс зүйтэй иргэнийг бий болгож төлөвшүүлэхэд далайцтай бөгөөд хүртээмжтэй ажлуудыг зохион байгуулах ёстой.

Б.Мягмардорж: Бага ч гэсэн эерэг талаас нь харахыг хичээвэл тэр залуу хүүхэн хоёр маш ихээр харамсаж байгаа. Ийм алхамд хүрэхгүйн тулд учраа олохгүй яваа гэр бүлүүдэд энэ талын боловсрол, мэдээлэл маш чухал. Хүүхдээ яаж хүмүүжүүлэх вэ, уйлсан үед нь яаж аргадах нь зөв бэ, үгэндээ хэрхэн оруулж зөв байлгах гэх мэт.

О.Батсайхан: Аав ээжийн үүрэг хамгийн чухал. Жишээ нь, сургуулийнх нь автобусанд өөрсдөө суулгаж өгдөг. Хүүхэд ирэхгүй бол сургуулиас нь утасдаж асуудаг байх хэрэгтэй.  Өндөр хөгжилтэй оронд ганцаараа яваа хүүхэд ховор шүү. Харин бид жаахан биеэ даагаад ирэхээр нь ганцааранг нь явуулчихдаг.

П.Золзаяа: Гэр бүлээ батлуулахаас нь өмнө сэтгэлзүйч ярилцдаг,  эцэг эх болоход бэлэн эсэхээр сорил аваад сургалт өгөх нь зөв амьдралын эхлэл болов уу гэж бодож байна.

Н.Рэгдэнгарав: Эцэг эх байхын үүрэг хариуцлагыг ухаарч ойлгох, үүнийгээ умартвал юу болох вэ гэдгийг ухаж ойлгох ёстой. Хуулийг хэрэгжүүлэгч гол механизм нь гэр бүл өөрөө юмаа.

Б.Сайнбаяр: Ийм төрлийн хэргийг гэр бүлийн асуудал гээд орхичихдог нь хүчирхийллийг өөгшүүлж байна. Хууль маань ийм байна уу, цагдаагийн байгууллагынхан хэрэг гэж үзэхгүй байна уу?

Б.Мөнгөнзаяа: Энэ талаар хүүхэд хамгааллын ажилтантай ярилцаж байсан. Аав нь хүүхдээ зодоход цагдаад ирдэг, араас нь гэрийнхэн нь ирээд хохиролгүй гомдолгүй гэж бичиж өгөөд авдаг. Тэгэхээр энд өргөдөл гомдлын зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Б.Ербахыт: Би нэг жишээ дурдъя. Гэр бүлийн хүчирхийллийн асуудалтай эхнэр нөхөр хоёрын хэрэг нэг цагдаа дээр зургаа удаа ирж. Яагаад ийм удаан ингэж явж байгааг асуухад цагдаа, манай хуулинд энэ хоёрын асуудлыг зохицуулах заалт байхгүй гэсэн. Хууль хэтэрхий ерөнхий байна. Ялангуяа хариуцлагын асуудлыг тодорхой болгож өгөхгүй үйлдэгдэж буй хэргүүдийг үнэн зөвөөр шийдэхэд маш төвөгтэй.

Л.Цэвээнжав: Бид хууль гэж ярихаасаа эхлээд хүнлэг байдал, хүчирхийлэлгүй монгол, хөршийн хариуцлагын асуудалд анхаарах нь илүү үр дүнтэй санагдаж байна. Бүх талын оролцоо, санаачилга, сэтгэлээр хүчирхийлэлд өртөөд байгаа хүмүүсийг хамгаалалтдаа авч болмоор. Ганц удаа зул асааж хэлэлцэхдээ биш чадах бүхнээ тохирох газар нь очиж хиймээр байна.

П.Гандолгор: Манай охин “Матилда”-г уншсан байна. Энэ зохиолд  Матилдаг аав ээж нь ерөөсөө хайхардаггүй тухай өгүүлдэг. Эцэст нь тэд эцэг эх байх эрхээ хасуулдаг. Тэгээд охин маань “Миний хоёр найз яг ийм байдалд амьдардаг. Аав ээжийнх нь эрхийг нь хасаад гоё гэр бүлд амьдарч болох уу” гэж асуусан. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй. Тэгэхээр хүчирхийлэлд өөрсдөө автчихсан хүүхэддээ хүчирхийлэл үзүүлээд байгаа эцэг эхээс татгалзах хуулийн заалт  хэрэгтэй юм болов уу. СӨБ, ЕБС-ийн наснаас нь чамд ийм ийм эрх байгаа,  чи өөрийгөө хамгаалахын тулд энэ утас руу ярьж болно гээд хүүхдийн хэлээр ярьж мэдээлэл өгдөг механизмыг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Д.Баттуул: Хуулийн заалтыг маш тодорхой болгохын зэрэгцээ мөнгөтэй нь холбоод өгөх хэрэгтэй. Тэр аав, ээж хоёр зоддогийг хөршүүд нь мэддэг л байсан. Тэгэхээр хүчирхийлэгч этгээдэд өндөр  торгууль ногдуулж мэдээлсэн хүнд урамшуулал олгодог байх хэрэгтэй. Одоо бол мэдээлэх сэтгэлзүй алга байна.

М.Энхбадрал: Би арай өөр өнцгөөс харж байна. Манай нийгэм дэх хамгийн том хүчирхийлэл бол үл тоомсорлох хэлбэр. Би хувийн хэд хэдэн сургуульд очиж хичээл заахад хүүхдүүдтэй ерөөсөө ойлголцохгүй байсан. Хүүхдээ нийгмээсээ тасалж эргээд энэ нийгэмд амьдрах чадваргүй болгож байна. Энэ бол нэг удаагийн асуудал биш. Бидэнд энэ хуулийн төслийг нь олж аваад хаана нь ямар ямар асуудал орох хэрэгтэй байгааг нухацтай хэлэлцэх боломж бий.

Х.Дашзэвэг: Хүүхдийг хамгаалдаг, өөрийгөө илэрхийлдэг, асуудлаа хэлдэг  хүүхдэд ойр байгууллага байх хэрэгтэй. Төр хүүхдийг хамгаалж чадахгүй байгаагаа удаа дараагийн үйлдлээр харууллаа. Тэгэхээр монголд үй олноороо байгуулагдсан ТББ-д эрхийг нь олгох хэрэгтэй. ТББ  сайн ажиллаж байгаа жишээ байна. Тэд нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг гурван минутын дотор ачдаг.  Гэтэл гэртээ гурван өдөр, гурван сараар зодуулж дарамтлуулж байгаа хүүхдийг төр олж харахгүй л байна шүү дээ. Хувийн хэвшлийнхэн сайн ажиллаж чадна. Тэд урамшуулал авна, дээрээс нь эцэг эхчүүдэд төлбөрөө төлж сургалт өгнө.

С.Санасэр: Өндөр хөгжсөн нийгэмд хүн завгүй ажиллахын зэрэгцээ хүүхдээ яаж хүмүүжүүлэх тухай сургалтад батлагдсан байгууллагаар нь төлбөрөө төлөөд сурдаг. Ийм хариуцлага давааг давж гардаг систем тогтчихсон. Төрийн оролцоо их чухал байдаг аж. Хүүхэд ингэж хандахаас өөр аргагүй онцгой субьект юм.

А.Түвшинбаяр: Манай өнөөгийн нийгэм аймшигтай балмад хүнийг бий болгодогт асуудал байна. Бага наснаасаа зөв төлөвшил байдлыг олж аваагүйгээс үүдэлтэй үйлдэл. Нөгөө талаас үүний төлөө зоригтой дуугарч чаддаг баймаар.  2013 оны 5 сард аав нь таван настай хүүгээ заазуурдсан хэрэг гарсан. Тухайн үед нийгэм бас цочирдож баахан эсэргүүцсэн. Тэгвэл үүнээс хойш ямар ахиц өөрчлөлт гарсан юм бэ. Бид төрд татвар төлдөг. Төр эргээд иргэнээ хамгаалах ёстой шүү дээ.

Н.Баттулга: Манайхан ямар нэг асуудлыг дандаа өөрсдөөсөө холтгож булзааруулж ярьдаг. Тэр хүүхдийнхээ амийг нь хөнөөчихсөн хүний тухай ярьж байгаа ч бидний ярианаас хүүхдийн эрх маш олон төрлөөр зөрчигддөг нь харагдлаа. Жишээ нь бид орой 2-3 цагийг хүүхэддээ зарцуулж чаддаг билүү. Тэгэхээр бид ч гэсэн тодорхой хэмжээгээр зөрчдөг. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид хүүхдийн эрхийг зөрчдөггүй байхын тулд олонх болох ёстой. Жишээ нь бид Америкт ирээд бид нийтээрээ хотын соёлд нэгдэж байна. Эргэж очоод нөгөө л байдгаараа явна. Олонхоороо хүүхдийн эрхийг дээдлээд эхэлвэл жишиг тогтоно. Тэгэхээр нийтээрээ хүүхдийн эрхийг дээдэлдэг болохын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэйг уриалж байна.

Б.Сайнбаяр: Энэ хэлэлцүүлгээс их олон үнэтэй санаа гарлаа. Онцолж хэлэхэд сэтгэлгээгээ өөрчилье. Бид нийгэмдээ зөв мэдлэг, мэдээллийг хангалттай түгээж чадвал хандлага хийгээд сэтгэлгээ  өөрчлөгдөнө.

Эх сурвалж: www.manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж