Дэлхийн сая, сая жуулчдын анхаарал өнөөдөр Герман улсын Берлин хотноо төвлөрч, шинэ, шинэ брэнд бүтээгдэхүүнийг эрэн хайж байна. 1966 оноос эхлэн Герман улсын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард нээлтээ хийсээр 40 гаруй жилийг үдсэн “ITB Berlin-2015” үзэсгэлэнд дэлхийн 190 улсын 1096 аялал жуулчлалын байгууллага үйл ажиллагаагаа сурталчилж байгаагийн нэг нь Монгол Улс. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улс нүүдэлчдийн язгуурын соёлыг тээгчид буюу “Mongolia nomadic by nature” уриатайгаар анх удаа албан ёсны түнш орноор оролцож байна. Уг үзэсгэлэн нь оролцогчиддоо Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлах боломжийг олгодгоороо онцгой ач холбогдолтой.
Монгол Улс нүүдэлчин соёл ахуйгаа дэлхий дахинд сурталчилж чадвал сая, сая жуулчныг татах боломжтой хэмээн үздэг. Энэ зарчмыг барьж Монгол Улсын Засгийн газар хөтөлбөрөө боловсруулж, үзэсгэлэнд оролцогч аялал жуулчлалын компаниуд нүүдэлчдийн язгуур соёлыг тээгчид нь Монгол Улс юм аа гэдгийг тодотгон сурталчилж байгаа нь оролцогчдын сонирхлыг эрхгүй татаж байна. Мөн Герман улсад ажлын айлчлал хийхээр Улаанбаатар хотоос мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд оролцож үг хэлсэн нь “ITB Berlin-2015” үзэсгэлэнд хэчнээн өндөр ач холбогдол өгсний илэрхийлэл боллоо. Тэр хэрээр дэлхийн олон орны аялал жуулчлалын байгууллагын анхаарлыг татаж чадлаа.
Монгол Улсын төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Энэхүү нэр хүндтэй үзэсгэлэнгийн түнш орноор манай улсыг оролцохыг зөвшөөрсөнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Манай ардын үгэнд “Аавын бийд хүнтэй танилц, Агтны бийд газар үз” гэсэн сайхан үг байдаг. Чингис хаан, Атилла хаан зэрэг дэлхийн хамгийн том гүрнийг бий болгосон түүхтэй орныг үзье гэвэл, уудам тал нутаг, гайхалтай байгальд адал явдалтай аялал хийхийг хүсч байвал, эдийн засгийн өөрчлөлтийг хийж урагшлан хөгжиж байгаа улсыг үзье гэвэл Монголд ирээрэй. Би та бүхнийг өөрийн биеэр манай оронд тавтай морил гэж урьж байна” хэмээн тодотгосон юм.
Ирэх жил Монгол Улс 1 сая хүртэл жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Тэрхүү зорилгод хүрэхэд дээрх арга хэмжээ түлхэц болох нь дамжиггүй. Сатистик мэдээгээр Монгол Улс 2014 онд 392 мянган жуулчин, 2013 онд 417 мянган жуулчин хүлээн авчээ. Жуулчны тоо өнгөрсөн онд буурсан шалтгааныг Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төрийн бодлогогүй байсантай холбон тайлбарладаг ч олон шалтгаан бий аж. Дэд бүтцээ хөгжүүлэх, дээр нь жуулчдад үзүүлж харуулах бүтээлтэй болох гээд олон жилийн турш хөндөж ирсэн асуудлууд ч энэ үеэр сэргэж байгаа юм. Гэхдээ дэлхий глобалчлагдахын хэрээр ориг бүтээгдэхүүнээс таашаал авах хүсэл сонирхол сэргэсэн энэ үед нүүдэлчдийн соёл ахуй, онгон дагшин байгалийг Монгол Улсад л очиж үзэх боломжтойг сурталчилан таниулж буй нь бусад орноос эрс ялгарч байна.
“ITB Berlin-2015”-д оролцсоноор ямар ач холбогдолтой вэ?
Ийм асуултыг тавих уншигч олон болов уу?.
1.Дэлхийн 190 орны төлөөлөгчид оролцсон олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн зах зээлд 100 мянган худалдан авагч, 8000 хэвлэл мэдээллийнхэнд Монгол Улсаа сурталчилж, “Монгол Улс бол зайлшгүй зорин очих орнуудын нэг мөн” гэдгийг зарлаж байна.
2. Жилийн турш Монголын тухай мэдээлэл, сурталчилгааны баримтат киног хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний сувгуудаар дамжуулан дэлхийн 570 сая гаруй хэрэглэгчдэд хүргэнэ.
3. Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлнэ. “ITB Berlin”-д түнш орноор оролцсон улс орнуудын туршлагаас харахад жуулчдын урсгал даруй 15-30 хувиар нэмэгддэг судалгаа байна.
4. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болно.
5. 2014 онд Монгол Улсад нийт 393 мянган жуулчин зорин ирж, салбарын орлого 253.8 сая ам.долларт хүрсэн нь ДНБ-ий 5.29 хувийг бүрдүүлжээ. Тэгвэл уг үзэсгэлэнд түнш орноор оролцсоны дараа буюу 2016 онд манайд зорин ирэх жуулчдын тоог нэг саяд, улмаар 2020 он гэхэд хоёр саяд хүрнэ гэх өөдрөг мэдээ “даллаж” байна.
Аялал жуулчлалаар 6.5 тэрбум евро “босгодог”
“ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагч Герман орны хувьд 2014 онд 6.5 тэрбум еврогийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн борлуулсан ба жил бүр шинэ, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрч, шинэ зах зээл нээгддэг байна.
Босгосон мөнгөний хэмжээг Монгол Улсын төсөвтэй харьцуулахад бараг гурав дахин нугалах дайны болж буй юм. Дээр нь шинэ, шинэ зах зээл, шинэ, шинэ бүтээгдэхүүн бий болж байгаа нь аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг зөвхөн энэ салбараас “босгох” боломж байна вэ гэдэг нь эндээс харагдана. Тэр дундаа уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улс ойрын хугацаанд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, чадвал нэгхэн тулгуурт эдийн засгийн бодлогоо хоёр тулгууртай болгох “шаанс” байна.
Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй зэрэгцэн тус үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд “ITB Berlin-2015”-ыг сурвалжлахаар ирсэн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 300 гаруй сэтгүүлчид оролцлоо.
Энэ үеэр сайд Д.Оюунхорол Монгол Улсыг 2015 онд “ITB Berlin-2015” үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор урьж оролцуулж байгаад талархал илэрхийллээ. Ийм боломж олгосноор, нүүдэлчдийн язгуур өлгий нутагт XXI зуунд саатан морилох үүд хаалгыг нээж байгаа юм гэж онцлов.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж үлдсэн, гэхдээ орчин үеийн хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн хөгжиж буй Монголын тухай богино хэмжээний киног үзүүлсэн юм.
Г.ДАРЬ