"Щелкунчик" эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

"Щелкунчик" эргэн ирлээ

Удахгүй болох шинэ жилийн баярыг бяцхан үрсийн хамт ид шидийн гайхамшигт ертөнцөд, үлгэрийн баатруудтай сонгодог хөгжмийн аялгуунд, бүжгийн хэмнэлээр аялахыг хүсвэл энэ сарын 15, 16-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг зориорой.

Германы зохиолч  Э.Т.А.Гофманны  тэртээ 1815 онд туурвисан “Самар цөмөгч” нэртэй дэлхийн шилдэг үлгэрээс  сэдэвлэн Оросын суут хөгжмийн зохиолч  П.И.Чайковский 1892 онд “Щелкунчик” балетыг бичсэн түүхтэй. Уг сонгодог бүтээлийг Орос, Америк, Европын орнуудын дэлхийд алдартай театрууд жил бүр зул сарын баяраар тоглодог.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид уг бүжгэн жүжгийг анх 1982 онд тайзнаа “амьдруулжээ”. Түүнээс хойш жил бүрийн арванхоёрдугаар сард үзэгчдэд шинэ жилийн бэлэг болгон “Шелкунчик”-ийг тоглодог уламжлал тогтсон юм.

Уншигч та бүхэндээ бүжгэн жүжгийн агуулгынх нь тухай товч мэдээллийг хүргэе.

ЩЕЛКУНЧИК

Хоёр бүлэг гурван үзэгдэлт

Бүжгэн жүжиг

Жүжгийн үйл явдал 18-р зууны сүүлчийн Германы нэгэн жижигхэн хотод болно.

Эхлэл

Зочид ирсээр байна. Хамгийн сүүлд хүүхэд бидний хүндэтгэн хайрладаг Дроссельмейер ирнэ.

Хүүхэлдэйн алдарт мастер эл эрхэм, өөрийн  урласан хөдөлгөөнт хүүхэлдэйнүүдээ  авчирна.

Сүлд модны наадам

Гэрийн эзэд болон зочид,  Дроссельмейерыг тэсч ядан хүлээнэ. Түүнийг ирүүт, цугласан багачуудыг зочдын өрөөнд оруулж ирнэ. Удалгүй баяр эхэлж, том багагүй хөгжилдөн бүжнэ. Дроссельмейер үлгэрийн ид шидтэн мэт хүүхэлдэйнүүдээ амилуулан бүжиглүүлнэ.

Тэдний дунд ханхүү, үзэсгэлэнт охиныг харгис  хулгана  хааны гараас хэрхэн аварч байгааг харуулсан хэсэг нь бүхний сонирхлыг татна.

Энэ үед, гэнэт  Дроссельмейер самар цөмж буй хүүхэлдэй Щелкунчикийг авчирна.

Щелкунчикийн эрэмдэг дүр төрх, хүүхдүүдэд огтхон ч таалагдахгүй боловч Машад энхрий дотно санагдана.

Машагийн ах, дүрсгүй хүү, Щелкунчигт дургүйцэн толгойг нь тасалж орхиход,  Дроссельмейер хүүхэлдэйг засаж Машад өгнө. Үдэш болж гийчид буцацгаана.

Хоёрдугаар бүлэг   

Асрагч эх Машаг өрөөнд нь оруулж, тавтай сайхан нойрсохыг ерөөгөөд тасалгаанаас гарч явна.

Удалгүй Маша нойрссон боловч, баяр дээр үзэж харсан бүхэн нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн учир зүүд болон үзэгдэнэ.

ЗҮҮД

Аймшигт хар хулганууд, сүлд модыг нь тонож дээрэмдэхээр дайрахад, эрэлхэг зоригт Щелкунчик өөрийн дайчин эрсийг манлайлан,  хулганын хааны их цэргийг ялна.

Щелкунчикийг ой гутам дүр төрхтэй болгон  хувиргасан шидэт хар хүч замхран арилж, үзэмж төгөлдөр хан хүү болон хувирахад Маша ч гоо үзэсгэлэнт гүнж болон  хувирлаа.

Хан хүү, гүнжийг дагуулан цасан охид амьдардаг шидэт ертөнцөд авчирна.

Гуравдугаар бүлэг

Машагийн амтат зүүд үргэлжилсээр…

Алсад үлгэрийн далай харагдлаа.  Маша, хан хүүгийн хамт, түүний эдлэн газарт ирэхэд, харгис хар хүчний үлдэгдэл болох сарьсан багваахайнууд манай баатруудад саад болохыг оролдох мөчид шидэт дохиур багваахайнуудыг үлдэн  хөөснөөр үлгэрийн ордныхон Маша, хан хүү хоёрыг баяр хөөртэй угтаж, баясгалант бүжгээ хийцгээнэ.

Төгсгөл

Өглөө

Машагийн унтлагын өрөөнд асрагч авхай алгуурхан орж цонхны хөшиг нээхэд, өглөөний нарны тунгалаг туяа, сацран гэрэлтэж охиныг сэрээнэ. Маша үлгэрийн мэт сайхан зүүднээсээ салж ядан байна. Асрагч эх, хүүхэлдэй  Щелкунчикийг элгэндээ чанга тэврэн суугаа, энхрий жаахан охиноо гайхан харж зогсоно.

П.БАТ-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж