Британийн алдарт “Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дууг “Universal Music Group”-ээс хамгийн олон хүнд хүрсэн XX зууны алдартай дуу, мөн бүх цаг үеийн хамгийн алдартай Классик Рок дуугаар албан ёсоор шалгаруулсныг өчигдөр /2018.12.10/ зарлажээ.
“Queen” хамтлагийн 1975 онд гаргасан “Дуурийн шөнө” цомогт багтсан “Bohemian Rhapsody” дуу нь өчигдрийн байдлаар цахим орчин дахь дуу хөгжим дамжуулах бүх сувгуудаар нийт 1,6 тэрбумын хандалтыг аваад байгаа юм.
“Bohemian Rhapsody дуу бол түүхэн дэх хамгийн гайхалтай хамтлагийн хамгийн шилдэг дуу юм” хэмээн “Universal Music Group”-ийн захирал Люшин Грэнж хэлжээ. Анх тус дууг гаргахад нь хэтэрхий урт /6 минут үргэлжилдэг/, хачин үг хэллэгүүд ихтэй хэмээн шүүмжилж байжээ. Тус дуу нь бүрэн хэмжээний жүжиг шиг бөгөөд маш олон янзын хөгжмийн урсгалын элементүүдийг өөртөө агуулсан байдаг. Түүнчлэн дууны үгэнд өгүүлэгдэх үйл явдлыг “Фауст” –тай адилтган ярих нь ч бий.
Энэ онд нээлтээ хийсэн “Queen” хамтлагийн тухай өгүүлэх “Bohemian Rhapsody” кино нь тус дууг өнөө цагт алдаршуулахад ихээхэн үүргийг гүйцэтгэжээ. Нээлтээ хийснээсээ таван долоо хоногийн дараа дуу хөгжмийн тухай хийгдсэн дэлхийн хамгийн алдартай кино болоод зогсохгүй дэлхий даяар 600 сая ам.долларын ашиг орлого олсон аж. Тус киноны гол дүр буюу Фрэдди Меркуригийн дүрийг бүтээсэн жүжигчин Рами Малек нь ирэх оны нэгдүгээр сард болох “Алтан бөмбөрцөг” болон Оскарын кино наадамд нэрээ дэвшүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Ройтерс