Нийгмийг цочроосон аймшигт хэргүүд гарах үед бид бүх анхаарлаа түүнд хандуулж, хэрэг үйлдсэн этгээдийг харааж зүхэн түүнийг л үгүй хийчихвэл муу муухай бүхэн арилчих юм шиг ханддаг. Гэтэл тэр гэмт хэрэгтэн нэг л өдөр харгис хүчирхийлэгч болчихдог уу гэвэл үгүй.
Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн тогтож эхлэх үеэс л түүнийг ирээдүйд хэн болгох вэ гэдэг томоохон үүрэг хариуцлага эх эцгийн өмнө тулж ирдэг.
“Хавиргатай гэдсэнд багтаж байхад нь хүмүүжүүлэхгүй бол
Ханат гэртээ багтахгүй хүн болно” гэх Монгол ардын зүйр цэцэн үг ч үүнтэй холбоотой гарсан биз.
Бидний өвөг дээдэс хөл хүнд эмэгтэй хүнд улай үзүүлдэггүй, уйлуулж зовоодоггүй олон ёс жаягийг мөрддөг байсан нь ирээдүйн зөв хүнийг бий болгохын эхлэлийг тавьдаг байж.
Харин өнөөдөр бид уламжлалаа мартаж, интернэт гэх хязгааргүй мэдээллийн далайгаас хүүхэд хөгшид хэн ч байсан дуртай контентоо ямар нэгэн цензургүйгээр шууд үзэж, аллага хүчирхийллийг өдөөсөн компьютер тоглоомуудыг насны ангилалгүйгээр тоглоомын төвүүдэд тоглуулж, хүүхдээ төрүүлсэн л бол болоо гэж зоргоор нь орхих нь элбэг болж.
Үүнээс л бидний зэвүүцэн жигшээд буй алуурчин, дээрэмчин, хүчирхийлэгчид төрөн гарах эх үндэс нь тавигдаж байна.
Бидний жишиг болгон гарах дуртай гадны өндөр хөгжилтэй орнуудад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргүүд мөн л адил гардаг.
Гэхдээ ялгаатай нь тухайн гэмт хэргийн хохирогчийн нүд хальтрам зургийг ил тодоор нийтлэн шуугиан дэгдээн мэдээлж, гэмт хэрэгтнийг ард иргэд нь жигшин зэвүүцэхээсээ илүү нийгмийн сэтгэлзүйд чиглэсэн хүчирхийлэл бол буруу юм гэдгийг ойлгуулахыг зорьсон сурталчилгаа, богино хэмжээний кино, зурагт хуудас зэргийг ихээр хийдэг аж.
Энэхүү ажил ч тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, хүчирхийллийн эсрэг хүн бүр дуу хоолойгоо нэгтгэх ёстой, хамгийн том өөрчлөлтийг та өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг хүмүүс ихээр ойлгодог гэнэ.
Хүчирхийлэлтэй хүчирхийллийн замаар биш оюун санаанд нь өөрчлөлт хийх замаар тэмцэх нь хавьгүй үр дүнтэй байдаг учраас дэлхийн улс орнууд энэ чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж, “Хүчирхийллийн эсрэг” шилдэг сурталчилгаа болон зурагт хуудсуудыг хийх уралдаан хүртэл зохиодог байна.
Ингээд энэ төрлийн хамгийн шилдэг сурталчилгаа болон зурагт хуудсуудыг хүргэе.
1. НҮБ-ын хүүхдийн сан- Чили улс
Нэг минут ч хүрэхгүй үргэлжлэх энэ видеонд бяцхан хүүгийн сэтгэл дэх айдсыг маш тод томруунаар харуулж, чадсанаар хамгийн шилдэг бүтээл болсон гэх үнэлгээг авчээ.
2. Хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх үндэсний хороо- Авсрали улс
Энэхүү видеонд томчууд бидний хийж буй үйлдэл бүр хүүхдүүдэд үлгэр дуурайлал болж байдгийг харуулжээ. Та хүүхдээ хэн болгохыг хүсч байна, өөрөө яг тийм л бай.
3. Хүүхэд хамгаалах сан- Мексик
Энэ зурагт хуудаст мөн л ирээдүйн хүчирхийлэгчийг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож буй харуулна. Хүчирхийллээс хүчирхийлэгч л төрнө. Хэрвээ та болон таны ойр орчимд хүчирхийлэл байгаа бол та өөрийгөө өөрчлөх хэрэгтэйг санаарай.
4. Хүүхдийн эрхийг хамгаалах сан –Тайланд
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд насан туршдаа тэр хар дурсамжаасаа салж чаддаггүйг дүрсэлсэн энэхүү зурагт хуудас хүчирхийллийн хор уршиг ямар урт настайг, хор хөнөөл нь насан туршид дагаастай байдгийг ойлгуулж чадсан хэмээн үнэлэгддэг байна.
5. Тэвчээрээ алдвар илүү ихийг алдана
Хүүхэддээ уурлан гар далайхаасаа өмнө та “Энэ зөв үү” гэж өөрөөсөө нэг асуугаарай. Хүүхдүүд олон янзын ааш гаргаж, эрхэлж уурлаж таныг бухимдуулж байлаа ч та бол насанд хүрсэн хүн гэдгээ ухамсарлаж, тэвчээр гаргах хэрэгтэйг сануулсан зурагт хуудас.
6. Хүүхэдтэйгээ зүрх сэтгэлээрээ ойлголц, гараараа биш
Энэхүү зурагт хуудасны агуулга “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэх монгол зүйр үгтэй дүйнэ.
7. Энэ зураг аймшигтай харагдаж байж болох ч
Хүүхдийн хүчирхийлэл үүнээс ч илүү аймшигтай -Испани улс
8. Таны хөрш айлд хүчирхийлэл болж буйг мэдсээр байгаа хэрнээ таслан зогсоох ямар нэгэн үйлдэл хийхгүй бол та ч гэсэн хүчирхийлэгч.
9. Өөрийгөө хамгаалах чадваргүй цорын ганц хохирогч бол хүүхэд. Түүнийг хамгаалахад таны оролцоо хамгаас чухал.
Н.ЦЭНДСҮРЭН