Монголчууд хямраагүй юм биш үү

Хуучирсан мэдээ: 2015.03.04-нд нийтлэгдсэн

Монголчууд хямраагүй юм биш үү

Хямралд толгойтой бүхэн хяргуулж байгаагаа гайхан, бүсээ чангалахад хүрснээ халаглан дуу алдах боловч монголчууд цамаан зангаа гээгээгүйг нь харахад манай улсын эдийн засаг тийм ч аймаар хүндэрчихээгүй бололтой.

Хоёр жил дараалан их наядын алдагдал хүлээсэн улсын төсвийн онгорхой цоорхойг нөхөхийн тулд Засгийн газрын тэргүүн эрч хүч нь ид амтагдаж байх үедээ хавтгайрсан халамжуудыг танах бодлогоо УИХ-д танилцуулсан билээ. Ерөнхий сайдын бодлогыг саарал ордонд төдийгүй гудамжинд алхаж байгаа иргэдийн олонх зөвшөөрөөгүйгээр барахгүй зарим нь амьдрал хүнд байгаагаараа айлган жагсч байсан нь саяхан. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг л нэмэхгүй бол хэцүүдэх нь хэмээн бухимдлаа илэрхийлж, долларын ханшийн өсөлтөд төр засгаа буруутган шүүмжлэх атлаа дэндүү цамаархах монголчуудыг хямарсан гэж тодорхойлж болмооргүй юм шиг. Учир нь сар шинийн баяраар зассан тавгийн идээгээ хог дээр чулуудчихдаг “цамаан” ард түмэн монголчуудаас өөр бий бил үү.

Ядуу хүний хүүхэд, нохой эрх, цамаан байдаг гэдэг. Яг л үүн шиг ядуугаа гайхах мөртлөө монголчууд бид ямар үрэлгэн бас баян хүмүүс вэ?

Сар шинийн баяр өнгөрөв үү, үгүй юу эмэгтэйчүүдийн баяр ярин хөөрцөглөх монголчууд цагаан сараар зассан тавгийн идээгээ хог дээр чулуудахдаа юман чинээ эмзэглээгүй бололтой, Улаанчулуутын хогийн цэг дээр тавгийн боов их хэмжээгээр аваачаад хаячихсан зураг сошиал ертөнцөөр “тэнэж” байна. Үүнийг олонх нь наанаа буруутган шүүмжлэх хэдий ч цаанаа тавгийнхаа боовыг яах вэ гэдгээ мэдэхгүй байгаагаа  фээсбүүк, твиттерт бичсэн байх юм. Энэм бүхний дараа ингэн байж боов худалдан авч таваг засах хэрэг байна уу гэж асуувал илүүц болохгүй биз.

Нөгөө талаар тэрхүү зургийг хархан хэн боловч арай ч дээ, бас баярхаж, тансаглалаа гэхэд тавгийнхаа идээг хог дээр чулуудах хэмжээний “тэнэг” болчих гэж хэмээн ам  хэлээ уралдуулах. Гадныхан боов үйлдвэрлээд Улаанчулуутын хог дээр хаячихаагүй нь  тодорхой. Ийм байж  ядуу, тарчиг амьдарч байна гэх монголчуудын үг үнэндээ үнэмшилгүй сонсогдож байна.

Дэлхий дээр олон тэрбум хүн идэх хоол, уух усгүй амьдарч байна. Дайн дажины хөлд нэрвэгдэн  өлөн зэлмэн, идэх хоолгүй амьдарч байгаа тэдний дэргэд бид өлсөхийн зовлон мэдрээгүй  ард түмэн. Гэхдээ тийм байлаа ч   хоолоо хог дээр чулуудах хэмжээний баян улс мөн бил үү?

Идэхгүй хаях л байсан юм бол ийм их боовоор таваг засч, олон мал алж, нядлах хэрэг юун. Ингэж цамаархан бусдыг дууриан тансаглах шаардлага ч үгүй баймаар. Ядахнаа л өлөн зэлмүүн хүмүүс, өлссөн нохой шувуунд өгөөд хооллочихвол буян болдоггүй юм гэхэд бузар болохгүй нь лав. Монголчууд ийм л үрэлгэн бас цамаан болохоороо ядуу амьдардаг биз.

Нэг айл дунджаар 15 боовоор таваг засдаг гэвэл 10 сая 500 мянган боовыг сар шинээр хэрэглэдэг бөгөөд үүнд чамгүй мөнгө зарцуулдаг. Мөн 350-420 мянган ууц тавьдаг гэхээр сар шинийн баярт монголчууд чамгүй мөнгө зарцуулдаг нь тодорхой. Гэвч мөнгөөрөө худалдаж авсан идэх хоолоо  энэ мэтээр хог дээр хаяад байвал эдийн засгийн хямралаас мөддөө гарахгүй биз. Тэвчиж, хэмнэж, танаж байж л хямралаас гарах болохоос дээр дооргүй баярхаад, төр нь ч, иргэн нь ялгаагүй тансаглаад байвал эдийн засгийн хямралын тухай ярих ч хэрэггүй юм. Тэгээд ч эдийн заяа гомдоно гэж зүйр үг бий.  Идээгээ ингээд хог дээр хаячихаж байгаа биднийг эд хөрөнгийн заяа нь хаях нь тодорхой шүү дээ.

Ингэхэд өдөр болгон шахуу хямарч байгаагаа халаглах монголчууд бид харин ч тавгийнхаа боовыг хаях хэмжээний тансаг амьдарч байгаа бус уу.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж