Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан ховор зүйлс

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан ховор зүйлс

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан ховор зүйлс

Халхын Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий нээж, сүүдэр гийсний 140 жилийн тохиож байна. Түүнийг Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүдийн нэг, анхны Ерөнхий сайд гэдгээр нь монголчууд мэдэх билээ. Харин Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэрэл зураг,  тэмдэглэл, эдэлж хэрэглэж байсан зүйл нь төдийлөн эл байдаггүй.

Түүхэн нэрт зүтгэлтэн энэ хүний мэндэлсний ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран үзэсгэлэнг дэлгэжээ.

Монголын Үндэсний музейд  өчигдөр /2018.12.10 /-өөс  олны хүртээл болсон “Монгол Улсын Анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” нэртэй эл үзэсгэлэнд архивын баримт бичиг, гэрэл зураг, баримтат кино, эд өлгийн гэх мэт 150 орчим ховор үзмэрийг дэлгэжээ. Эдгээрээс Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Хиагтын гурван улсын гэрээнд оролцож буй Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх барих сайдуудад, Бүгд ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн болон бусад сайдуудад илгээсэн шифрлэсэн цахилгаан /1914.12.16/, МУ-ын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга,  гарын үсэг болон нэрийн хуудас /1913-1914/  гэх мэт ховор эд өлгийн зүйлсийг нэрлэж болно.

Үзэсгэлэн таван үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд Сайн ноён хан Т.Намнансүрэн 1911 оноос өмнө Бүгд Ерөнхийлөн сайд болохоос өмнөх үйл явдлын баримт бичиг, Сайн ноён хан Засаг хошууны газрын зургийг дэлгэн харуулснаар эхэлж байв. Хоёрдугаар хэсэгт Сайн ноён хан 1912 оноос Бүгд Ерөнхийлөн захирах яамны сайд болсон тухай түүхэн баримтыг дэлгэсэн бол гуравдугаар хэсэгт Т.Намнансүрэнгийн гадаад харилцаанд оролцож явсан үйл хэрэг, байгуулсан хувь нэмрийг харуулсан баримт бичиг, гэрэл зураг, дөрөвдүгээр хэсэгт 1915 оны Хиагтын гэрээ байсан бол хамгийн сүүлд Т.Намнансүрэнгийн гэргийтэйгээ хамт ОХУ-д айлчлахдаа хамт авхуулсан гэрэл зураг болон түүний хүү Авидыгэрэл, дүү Т.Довчинсодном нарын түүхэн ховор гэрэл зургийг үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ сарын 16-ны өдрийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнг сонирхох залуус олон байв.

Сайн ноён хан Т.Намнансүрэн 1878 оны хоёрдугаар сард Алтан ургийн сурвалжийн язгууртан тухайн үедээ нутаг усандаа "Догшин цоохор ноён" хэмээн алдаршсан сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд мэндэлж, 1919 оны дөрөвдүгээр сард 41 насандаа учир битүүлгээр таалал төгссөн билээ. Түүний амь насыг ямар учир шалтгааны улмаас хэний явуулгаар хэн бүрэлгэсэн бэ гэдэг нь өнөө хүртэл бүрхэг. Сайдын төрсөн хүү Н. Авидыгэрэл нь хожим Түвд рүү гарсан гэхээс өөр сураг,  түүхэн баримт байдаггүй гэж зарим судлаачид үздэг.

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга. Өндөр 40 см, диаметр 40 см

1911.12.01 Очир дара Богд гэгээнийг Эрдэнийн суурин залах өдрийг тогтоосныг зарлан мэдэгдсэн бичиг 

Сайн ноён хан Т.Намнансүрэн ОХУ-д айлчлах үеэр Өндөр Гонгор бие хамгаалагчаар нь дагалдан явжээ

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан ногоон сарьсан эмжээртэй, зулгандаа өнгийн утсаар зүү ороож оёсон, хар булигааран монгол гутал. 

1918 он Сайн ноён хан аймгийн цэргийн цалинг бодсон данс

Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн дүү, Онгийн хүрээний хувилгаан багш Т.Довчинсодном 

Хүү Н. Авидыгэрэл

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж