Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал богино болон дунд хугацаандаа эерэг байгаа ч эдийн засгийн бүтэцтэй холбоотойгоор эмзэг хэвээр байгааг Дэлхийн банкны орон хариуцсан ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг “Санхүүгийн салбарын комплаенс 2018” форумын үеэр онцоллоо.
“Blue Sky” зочид буудалд болсон тус форумыг “Санхүүгийн зохицуулах хорооноос санаачлан, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын даатгалын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулжээ.
Энэхүү форумаар комплаенсын зохистой тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоод хяналтын хөтөлбөр боловсруулах, баталж мөрдөх арга зүйн талаар дэлгэрэнгүй хэлэлцэж буй юм.
Комплеанс нь хэрэгжүүлж буй байгууллага, компаниудын болон түүний ажилчдын үйл ажиллагаагаа ёс зүйтэй, үнэнч шударга, хууль журмын дагуу явуулахад туслах үндсэн үүрэгтэй аргачлал ажээ.
Форумыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн нар нээж үг хэлэв. С.Даваасүрэн комплаенс нь санхүүгийн байгууллагын засаглал, дотоод хяналт мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зах зээлд төлөвшүүлэхэд ихээхэн нөлөөтэйг онцолж, үүний дотор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, зогсоох тогтолцоог үр дүнтэй бүрдүүлэхэд чухал шаардлагатай үйл явц болохыг онцлов.
Форумд санхүүгийн бүхий л салбарын буюу гадна, дотны 250 гаруй зочин төлөөлөгч оролцож, санхүүгийн салбарын комплаенсын өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал, комплаенстай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт болон Ази, номхон далайн бүсийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын явц зэрэг томоохон асуудлаар санал солилцож байна.
Энэ үеэр Олон Улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакэр (“Олон улсын эдийн засаг ба Монгол Улс”), Дэлхийн банкны орон хариуцсан ахлах эдийн засагч Ш.Алтанцэцэг (“Эдийн засгийн төлөв байдал болон гадаад дотоод эрсдэл”), Азийн хөгжлийн банкны эдийн засагч Л.Амар (“Санхүүгийн салбар дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга зам”), Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд (“Мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал, чиг хандлага”) нарын илтгэгчид илтгэл тавив. Бид форумд оролцогчдын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.
ХӨТӨЛБӨРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХИЙН ТУЛД МОНГОЛ УЛСЫН БАРИМТЛАХ БОДЛОГО ТОГТВОРТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Нэйл Сакэр: -Хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг байгууллагууд өнөөдрийн яригдаж буй комплайнсыг хэрэгжүүлэх нь маш чухал. Мэдээж хэрэг Засгийн газрын мөнгөний бодлого, макро эдийн засгийн томоохон хөтөлбөрүүд үүнд нөлөөлнө. Гэхдээ зохицуулагч байгууллагууд хяналт шалгалтаа сайжруулж, комплаенсыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалах хэрэгтэй. Энэ нь маш чухал юм. Олон Улсын валютын сангийн хөтөлбөрийг 2019 онд үргэлжлүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Их хурлаас баримтлах бодлого тогтвортой байх хэрэгтэй. Банкны салбарыг улам чадавхижуулах хэрэгтэй. Одоогийн байдлаар банкны хүү өндөр гэж харагдаж буй ч энэ нь эргээд эдийн засагт эерэг дүр төрх байгааг харуулж байна.
КОМПЛАЕНС НЬ ЗАСАГЛАЛЫН БАС НЭГ ЧУХАЛ ХЭЛБЭР ЮМ
С.Даваасүрэн: -Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль батлагдсанаас хойш 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бидэнд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зайлшгүй шаардлага бий учраас комплаенс форумыг зохион байгуулж байна. Комплаенс нь засаглалын бас нэг чухал хэлбэр юм. Тиймээс компаниуд засаглалаа хэрхэн сайжруулах тухай асуудал энд яригдаж байна. Авлига, терроризмтой холбоотой мөнгөний гарал үүслийг шинжлэх тухай асуудал, компаниуд өөрсдөө үүнийг хэр зэрэг таньж мэдэж, чадвартай ажиллах вэ гэх мэтчилэн өргөн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах юм. Өнгөрсөн хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооноос Азийн хөгжлийн банкны Мөнгө угаах, терроризмтой тэмцэх бүлэгтэй нэлээд хамтарч ажилласан. Мөн ОУВС-гийн боловсруулсан аргачлалын дагуу улсын хэмжээнд 900 гаруй тусгай зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд энэ чиглэлийн ямар эрсдэлүүд байна вэ гэдгийг таньж шинжиллээ. СЗХ-ноос мөнгө угаах, терроризмтой тэмцэх хүрээнд журам боловсруулсан, одоо аргачлал боловсруулж байна.
БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭНҮҮДЭЭ ҮР ДҮНТЭЙ БАЙХААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ
Ш.Алтанцэцэг: –Өнөөдөр манай эдийн засагт дотоод болон гадаад эрсдэлт хүчин зүйлүүд байсаар байна. Дотоод талаас бодлогын зохицуулалт, бодлогын тодорхойгүй байдал нөлөөлж буй бөгөөд энэ нь эргээд Засгийн газраас түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжиж буй реформууд, тэдгээрийг хугацаанаас нь өмнө зогсоох эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байгаа юм. Хоёрдугаарт, 2017, 2018 онд авч хэрэгжүүлсэн төсвийн зардлыг хянах, төсвийн сахилга батыг үргэлжлүүлэх бодлогоо үргэлжлүүлээсэй гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засаг өөрөө уул уурхайд суурилсан учраас ялангуяа уул уурхайн салбараа улам эрчимжүүлэх, идэвхжлийг нь сайжруулах чиглэлийн бодлогоо тодорхой улам идэвхтэй хэрэгжүүлээсэй гэсэн байр суурьтай байна. Жишээлбэл: Монгол Улсын түүхий эдийн экспортын өмнөд хил дээрх ганц гарц дээр байнга асуудал үүсдэг. Энэ мэт бүтэц, зохицуулалтын шинж чанартай арга хэмжээнүүдээ нэлээн тогтвортой, үр дүнтэй байхаар авч хэрэгжүүлээсэй гэж бодож байна.
Үндсэн болон салбар хуралдаануудаас гаргасан санал, дүгнэлтүүдийг нэгтгэн, санхүүгийн салбарын дотоод хяналтын уламжлалт арга ажиллагааг комплаенсын орчин үеийн жишигт нийцүүлэх шинэчлэх, олон улсын стандарт, хэм хэмжээг нэвтрүүлж мөрдүүлэх, энэ талаар Санхүүгийн зохицуулах хороо мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, сургалт, арга зүйгээр хангах, сурах бичиг, гарын авлага болон холбогдох баримт материал боловсруулах, зохицуулалтын журам, заавар батлан мөрдүүлэх зэрэг тодорхой ажил, алхмуудыг тусгасан зөвлөмж гаргах юм байна.