Мария Бутина хэмээх 30 настай Орос эмэгтэйг өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Засгийн газрын заавраар ажилладаг нууц ажилтан хэмээн АНУ-ын тал буруутган баривчилсан юм. Түүний хэргийг хэлэлцэх шүүх хурал арванхоёрдугаар сарын 12-нд буюу маргааш болно.
Өөрийгөө буруугүй, АНУ-д олон улсын харилцааны чиглэлээр сурдаг оюутан гэж мэдүүлсээр байсан Мария Бутина өчигдөр /2018.12.10/ хэд хэдэн болзолтойгоор зарим зүйлд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгээ ч мэдэгдсэн байна. АНУ-ын “ABC” телевизийн мэдээлснээр, Мария Бутина арванхоёрдугаар сарын 8-нд ийнхүү тохиролцож, гарын үсэг зуржээ.
Түүнийг таваас 15 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж магадгүй гэж яригдаж байсан. Харин одоогийн нөхцөл байдлаар түүнд ял оноох эсэх нь эргэлзээтэй болж, ял оноолгүй ОХУ-руу буцааж ч магадгүй болоод байгаа гэнэ. Бутинагийн өмгөөлөгч нар болон прокурорын газраас одоогоор ямар нэгэн албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Баривчлагдахаасаа өмнө Бутина ОХУ-ын улстөрч Александр Тошкины үүсгэн байгуулсан зэвсэг эзэмших хуулийг дэмжигч “Right to Bear Arms” хэмээх байгууллагад ажилладаг байсан байна. Александр Тошкин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины талын улстөрч ажээ.
Эх сурвалж: globalnews.ca
Холбоотой мэдээ