УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдаас санал оруулсны дагуу Засгийн газрын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Засгийн газрын огцруулж байгаа үндэслэлийг Ц.Цогзолмаа сайд та өөрөө юу гэж дүгнэж байгаа вэ.
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:
-Шударга ёс, ардчиллын үнэт зарчим гэдэг маань бүх иргэнд жигд үйлчлэхийг хэлнэ. Би ёс зүйн хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Гэтэл нэгийг нь огцруулж, нөгөөг нь чөлөөлж байна. Би өөрийнхөө гаргасан шийдвэрт ёс зүйн хариуцлагаа хүлээхээ мэдэгдсэн учир Засгийн газрын тэргүүний оруулж ирсэн түвшинд шийдэж өгөөсэй. Хүссэн, хүсээгүй ард иргэдийн хүлээж байгаа шийдэл нь үйлдлээр нь харагдаад явна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Г.Занданшатар сайд УИХ-ын дэгийн хуулийн дагуу хэлэлцэж байгаа асуултад хариулна гэлээ. Засгийн газрын гишүүд гишүүнийхээ хувьд чуулганы хуралдаанд оролцож болохгүй байж болно гэж Г.Занданшатар сайд тайлбарлалаа. Тэгвэл Ц.Цогзолмаа гишүүн УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьсаныг та юу гэж тайлбарлах вэ.
Ийнхүү гишүүд асуултдаа хариулт авсны дараа холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Ц.Цогзолмаа сайдын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Уг Ц.Цогзолмаа сайд ажлаа үр дүнтэй хийж байгаа, харамсалтай байна. УИХ-д ажлаа тайлагнаж байх ёстой Засгийн газар УИХ-ыг бойкотлоод, байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй байх нөхцөлд хүргээд байна, Г.Занданшатар сайд аа. Ерөнхий сайдад “УИХ-ын гишүүдийн ажлаа Засгийн газрын гишүүд хиймээр байна” гэдгийг дамжуулж хэлж өгөөрэй. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажлаа хий гэдэг даалгаврыг сайд нартаа өгөөч ээ.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-Таныг шударга байлаа гэж дүгнэж байгаа боловч салбарын хувьд, Засгийн газрын хувьд хохирол гэж харж байна. Би тантай хамт соёлын салбарын ажлын хэсгийг ахлаад явсан. Таныг би алдаагаа өөрөө засаад яваасай гэж бодож явсан. Засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа явдалд салбарынх нь өмнөөс харамсч байна.
Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Ц.Цогзолмаа сайдыг огцруулах асуудлаар санал хурааж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ асуудлыг одоо чуулганы хуралдаанаар эцэслэн санал хураах юм.
Байнгын хорооны хуралдаан ийнхүү өндөрлөлөө.
Холбоотой мэдээ