Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “ОХУ-Украины нөхөрлөл, хамтын ажиллагаа түншлэлийн гэрээ”-ний хугацааг дуусгах тухай хуульд гарын үсэг зурсан хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас өчигдөр /2018.12.10/ мэдээлжээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар 1997 онд гарын үсэг зурж, 1999 оны дөрөвдүгээр сарын 01-ээс хүчин төгөлдөр болсон тус гэрээнд бие биеийнхээ хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, маргааныг эв зүйгээр шийдвэрлэх тухай асуудлыг тусгасан аж. Мөн хоёр тал гэрээг цуцлах хүсэлгүй байгаа бол гэрээний дуусах хугацааг арван жил тутамд автоматаар сунгагдсанд тооцохоор тохиролцсон байдаг.
ОХУ, Украины хооронд зөрчил маргаантай асуудал дэгдсэнээс үүдэн гэрээг эцэс болгох буюу хугацааг нь дахин сунгахгүй байх тухай хуульд гарын үсэг зурснаар ирэх 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн хорь орчим жил хүчинтэй байсан хоёр улсын гэрээ хүчингүй болох юм. ОХУ-тай хийсэн “Нөхөрлөл, хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээг” хүчингүй болгосон явдал нь Украины Европ буюу барууны баримжаатай болох бодлого, чиглэлийнх нь нэг хэсэг хэмээн Ерөнхийлөгч Петр Порошенко хэлжээ.
Гэрээний хугацааг дахин сунгахгүй байх тухай хуулийн төслийг өнгөрсөн пүрэв гаригт /2018.12.06/ Украины парламентаар хэлэлцүүлсэнд олонхын санал авч дэмжигдсэн байна.
ОХУ, Украины харилцаа 2014 онд болсон Крымийн хэрэг явдлаас хойш хурцадмал байдалд ороод байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сард Керчийн хоолойд Украины цэргийн хөлөг онгоцнууд ОХУ-ын хилийг зөрчсөн гэх үндэслэлээр гал нээсэн нь асуудлыг улам дэвэргэсэн юм. Украины талаас цэргийн хөлөг онгоцнууд нь Крымийн хойгийн ойролцоо, Керчийн гүүрэн доогуур гарахдаа дохио өгч, мэдэгдсэн гэх боловч ОХУ-ын зүгээс дохио хүлээж аваагүйгээр барахгүй хөлөг онгоцнууд хил нэвтэрч болохгүй гэсэн тэдний анхааруулгыг нь үл хайхарсан тул гал нээж, хөлөг онгоцнуудыг нь хүчээр зогсоон, дотор нь явсан цэргүүдийг баривчлахаас өөр аргагүйд хүрсэн гэж байгаа юм.
Цэргийн хөлөг онгоцнууд Оросын эргийн хамгаалалтынханд саатуулагдахаасаа өмнө Азовын тэнгис дэх Украины гол боомтууд болох Одессагаас Мариупол руу явж байсан билээ. Угтаа бол хоёр улсын 2003 онд хийсэн гэрээн дээр Азовын тэнгист аль аль нь чөлөөтэй зорчиж болохоор заасан боловч 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн авсныхаа дараа хар тэнгисээс Азовын тэнгис рүү орох цорын ганц гарц болох Керчинскийн хоолойг дамнуулан гүүр барьсан нь нөхцөл байдлыг ээдрээтэй болгожээ. Киевийн мэдэгдсэнээр ОХУ тус гүүрэн дор усан онгоцнууд явахаас сэргийлж, хаалт хамгаалалтыг гаргасан аж.
Хоёр орны харилцаа хурцадмал хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан Украин дайны тухай хуулийг баталж, арван мужид арваннэгдүгээр сарын 26-аас эхлэн 30 хоногийн турш байлдааны бэлэн байдлыг зарласан юм. “Дайны тухай хууль баталсан нь дайн зарлаж байгаа хэрэг бус, харин Украины батлан хамгаалах чадварыг бататгаж байгаа хэрэг юм” хэмээн Петр Порошенко хэлжээ.
Эх сурвалж: Синьхуа
Холбоотой мэдээ