Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр /2018.12.10/ телевизийн ярилцлагад орохдоо “давхар дээл”-ийн асуудлыг хөндөж, уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаахаар найруулсан “хэрэг”-ийн нэгээхэн хэсэг гэдгийг онцлов. Тийм ч биз, үгүй ч биз. Гэвч, нэг засгийн хувь заяанаас илүү нийт Монголын эрх ашиг талаас нь харвал “давхар дээл”-ийн асуудлыг зайлшгүй хуульчлах нь зөв байсныг өнөөдөр эмээлийн хоёр бүүрэг шиг болсон эрх баригчдын зөрчил дунд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа доголдоход хүрсэн нь ямар ч илүү, дутуу тайлбаргүйгээр нотолчихож байгаа юм.
“Хэрэг” хуучирдаггүй болохоор “давхар дээл”-ийн хуулийг ямар шалтгаанаар, яагаад санаачилсан хийгээд хэн, хэн хамжин унагаасан нь хэвлэлийн хуудсанд шарлан үлдсэн бөгөөд хэрэвзээ үүнийг олж мэдмээр байвал хэдхэн товчлуур дараад гүүглдээд үзэхэд л болчих асуудал. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гол зорилго бол парламентынхаа толгой дээр гарсан засаг, Засгийн газрынхаа ажил болгонд хуруу, хушуугаа дүрдэг парламент хоорондын зөрчлийг арилгаж, байр байранд нь тавих тухай л байсан. Үүнээс цаадах хөшигний ард чухамхүү ямар улс төр өрнөж байсан нь жижигхэн бөгөөд хоёрдугаар асуудал. Гол том зорилготой нь харьцуулбал шүү дээ.
Харамсалтай нь, МАН-ын цөөнх буюу М.Энхболд тухайн үед Н.Алтанхуягийн намынхантай нийлээд давхар дээлээр улстөржөөгүйсэн бол захын сайдад шантаажлуулаад суухгүй байсан нь лав. Үйлийн үр гэж энэ.
Өнөөдрөөс таван жилийн өмнө буюу 2013 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Ц.Элбэгдорж “УИХ, Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлна” гэж олон нийтэд амласныхаа дагуу тухайн оныхоо аравдугаар сард зөвлөх П.Цагаанаар дамжуулан УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.
“Давхар дээл”-ийг тайлах хууль бол ердөө л бие, биеийнхээ бүрэн эрхэнд халдсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд 2000 онд МАН-ынхан олонх байхдаа Үндсэн хуульд хийсэн “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч хийж болно” гэх заалтын гажуудлыг засах тухай л байсан юм. 1996-2000 оны парламентын үед УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсардаггүй, Засгийн газар парламентын гаднаас томилогддог байснаас болоод дөрвөн жил дөрвөн засаг солигдсон явдал бий.
Харин өнөөдөр зуун хувьд давхар дээл нөмөрсөн /Ерөнхий сайдыг эс тооцвол/ Засгийн газар нь УИХ-ынхаа үйл ажиллагааг бойкотлоод сууж байгаагаас харвал дордохын долоо гэж нэрлэгдсэн 2000 онд хийсэн Үндсэн хуулийг яаралтай өөрчлөхөөс өөр сонголтгүй болж. Учир нь, өнөөдөр засаг нь намтайгаа нийлээд парламентынхаа толгой дээр гарч, Монголын төрийн дээд байгууллагынхаа бүрэн эрхэнд нь бүдүүлгээр халдаад сууж байна.
Н.Алтанхуягийн буюу Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь давхар дээлтэй, Ч.Сайханбилэгийн засгийн 19 сайдын 10 нь давхар дээлтэй, Ж.Эрдэнэбатын засгийн 16 сайдын тав нь давхар дээлтэй байсан бол У.Хүрэлсүхийн засгийн 16 сайдын 15 давхар дээлтэй байна.
Засгийн газрын эрх мэдэл нь парламентдаа хэт нөлөөлөөд эхлэхээр сөрөг хүчнээ хүртэл худалдаад авчихдаг, УИХ-аа ямар ч чадамжгүй болгодог зэргийг нь болиулахын тулд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэрхүү хуулийн төслийг санаачилсан бөгөөд түүнийг нь зөвхөн Н.Алтанхуягийн засагтай нялзаах гэж үзвэл хэтэрхий гэнэн төсөөлөл болно.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилсан тэрхүү хуулийн төсөлд “давхар дээл”-ийг тайлах асуудал Н.Алтанхуягийн засгийн үед биш, 2016 оны долдугаар сараас хэрэгжүүлэхээр суулгаж өгснийг МАН-ын цөөнх /Сү.Батболд, М.Энхболд нар/ 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ хэмээн улстөржүүлснээр 2014 оны тавдугаар сард УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг хийх үед чуулганд оролцогч гишүүдийн 39 нь “давхар дээл”-ийг тайлахгүй гэсэн кноп дарсан юм. Товчхондоо, Ц.Элбэгдоржийн “давхар дээл”-ийг Н.Алтанхуягийн нам унагаасан хэрэг. Харин “давхар дээл”-ийг тайлах хууль УИХ дээр унасны маргааш тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга давхар дээлээ тайлахаа мэдэгдэж, мөн оныхоо арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад заналтайгаар гарын үсэг зурж байсан билээ.