Илрээгүй нэг хэрэгтний ард 10 хохирогч байх магадлалтай
Хоёр гараа хамаг хүчээрээ атгаж, биеэ чангал. Ийм байдалтай хэдхэн минут болоход л таны биеийн булчин зангирч, цусны эргэлт удааширна. улмаар толгой дүүрч, орчин тойрноо мэдэрч чадахгүйд хүрнэ. Удах тусам энгийн үйлдэл хийх нь бүү хэл, сэтгэн бодоход ч хэцүү болно. Энэ бол хүчирхийлэлд өртсөн, өртөж буй хүний амьдралынхаа туршид мэдэрдэг зүйл. Хэн, юу хэлэх бол, дахин ийм байдалд орчих вий гэсэн байнгын түгшүүр тээж явдаг аж. Харамсалтай нь монголд ийм айдас, түгшүүртэй амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд дэндүү олон. Сүүлийн жилүүдэд жендерт суурилсан хүчирхийлэл буюу нийгмийн тэгш бус байдлаас болж хэн нэгний эрхийг зөрчсөн хүчирхийллийн талаар их ярьдаг болсон. Монголд анх удаа үндэсний хэмжээнд судалгаа хийж, эмэгтэйчүүдийн тал хувь нь амьдралдаа ямар нэг байдлаар жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байсныг тогтоосон.
Харин долоон эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа хамгийн багадаа нэг удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байдаг. Гэвч ийм төрлийн гэмт хэргийг бууруулах, цаашилбал таслан зогсоох ажил дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа нь харамсалтай.
ТОХИРОЛЦОО БОЛ ЭЦСИЙН ШИЙДЭЛ БИШ
Жендерт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн тохиолдлууд бол шүүхээр хамгийн бага шийдвэрлэгддэг хэргүүдийн нэг. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гэвч үүний дөнгөж 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна. Харин үлдсэн 49 хувьд нь хэрэгтэн ямар нэг шийтгэлгүй өнгөрсөн байх юм. Статистикаас харахад ийм төрлийн гэмт хэрэг манай улсад жилд дунджаар 300 гаруй гардаг байна. Харин хэргийн шийдвэрлэлт дунджаар 47 хувьтай байгаа нь дэндүү чамлахаар дүн.
Үндэсний статистикийн хорооноос явуулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан- 2017”гоос харахад хүнд хэлбэрийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дөнгөж 10 хувь нь л энэ тухайгаа бусдад мэдээлдэг бол эсрэгээрээ 90 хувь нь насан туршдаа сэтгэлдээ тээн, нууж явдаг аж. Гэтэл эрсдэл гарган цагдаагийн байгууллагад хандсан тэр цөөхөн эмэгтэйчүүдийн тал хувь нь шүүхийн шатанд хохирлоо барагдуулалгүй, буцдаг нь тун ноцтой асуудал. Үүнд гэр бүл, нийгэм, эдийн засгийн гээд маш олон хүчин зүйл нөлөөлж буй. Жендерт суурилсан хүчирхийллийг нэг үзүүрээс нь атгахад маш олон тийш салаалдаг, хоорондоо уялдаа холбоо бүхий торгон утастай зүйрлэдэг.
“Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид, ялангуяа хүүхдүүд ихэнхдээ ядуу, амьдралын боломж тааруу байдаг. Энэ эмзэг байдлыг нь ашиглаад хэрэгтнүүд мөнгөөр тохирч, ялаас мултардаг нь хүчирхийллийн хэрэг шийдэгдэхгүй байх хамгийн том шалтгаануудын нэг. Ээж нь охиныхоо өмнөөс тохиролцож, хэрэгтнүүдээс мөнгө аваад гомдлоо татсан тохиолдол олныг нэрлэж болно. Заримдаа хохирогч ганцхан өмгөөлөгчтэй байхад, шүүгдэгч тал бүхэл бүтэн хуульчдын багтай ажилладаг. Манай хуулийн цоорхой ихийг ч хэлэх үү, шүүгдэгч тал давуу талаа ашиглан ял завшдаг” хэмээн “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясах хэллээ.
Түүнээс гадна, хохирогчийг буруутгасан нийгмийн хандлага ч хэрэг шийдвэрлэлт муу байгаад буруутай. “Өөрөө богино банзал өмссөн байсан. Залуучуудтай их уулздаг” гэх зэргээр хүчирхийлэлд өртсөн нь хохирогчийн буруу мэтээр ханддаг байдал эмэгтэйчүүд, охидыг давхар яллаж байдаг. Ялангуяа, хуулийн байгууллагынхны ийм хандлага бүр ч их хор уршигтай.
“Монфемнет” үндэсний сүлжээний зохицуулагч Б.Энхжаргал “Хүчирхийллийн гэмт хэргийг зоосны хоёр талтай зүйрлэдэг. Тэр хүний амьдрал ганцхан хоромд, алга урвуулахын төдийд өөрчлөгдөх эрсдэлтэй. Хүчирхийлэгчийн ганцхан үйлдэл тэр хүний амьдралыг хар дарсан зүүд мэт болгон хувиргадаг, зарим тохиолдолд бүр амь насыг нь авдаг” гээд нэгэн түүх өгүүлсэн юм.
Нэг эмэгтэй цагдаад “Намайг нөхөр маань алах гээд байна” хэмээн тусламж гуйн очсон ч цагдаа “юу ч болоогүй байхад бүү сүржигнэ” гээд үл тоон явуулжээ. Гэвч хэдхэн цагийн дараа өнөөх эмэгтэй гэрийнхээ цонхноос үсэрч амиа алдсан байна. Хэргийг шалгахад нөхөр нь түүнийг байнга дарамталж, зоддог байсан бөгөөд хөлийг нь хугална гэсэн л бол хугалдаг, хүзүүг чинь бооно л гэсэн бол боодог харгис нэгэн аж. Сүүлийн өдрүүдэд нөхөр нь эмэгтэйг “ална” хэмээн сүрдүүлсээр байсан тул нөхрийнхөө занг мэддэг эмэгтэй цагдаад хандсан нь тэр аж. Эмэгтэйг нөхөр нь “Өөрөө үсэр, эсвэл би түлхлээ” гэж сүрдүүлсээр байгаад өөрөө цонхоор үсэрч, амиа алдахад хүргэсэн нь сүүлд охиных нь мэдүүлгээс ил болсон байдаг. Энэ бодит жишээ хуулийн байгууллагынхан ийм төрлийн гэмт хэргийг бууруулахдаа асар мэдрэмжтэй хандах ёстойг харуулж байна. Цаашилбал, шүүх хурлын танхимд ч гэсэн шүүгч нар өөрсдөө хохирогчийг буруутгах явдал маш олон тохиолддогийг өмгөөлөгч нар хэлж байлаа.
НАЙДВАР ХАМГИЙН СҮҮЛД ҮЛДДЭГ
Манай сонин өмнө нь “Намайг уучил, ахиж би хэзээ ч гар хүрэхгүй” гэсэн гарчигтай сурвалжилга “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн түр хамгаалах байрнаас бэлтгэн хүргэж байсан. Учир нь энэ үг хүчирхийлэгчдийн арьсаа хамгаалдаг, эмэгтэйчүүдийн насан туршдаа зовж амьдрах хамгийн том шалтгаан болсоор. Нөхөр, хадам, ах, эгч, заримдаа бүр хүүхдийнхээ хүчирхийлэл дор зовж амьдарч буй эмэгтэйчүүдийг “Орхиод явахгүй яасан юм” гэж амыг нь асуух хүн олон байдаг. Гэвч гэр бүл гэдэг маш олон хүчин зүйлээр холбоотой. Нөхрөөсөө саллаа гэхэд хүүхдүүдээ хэрхэн тэжээх вэ гэдгээс эхлээд олон бэрхшээл тулгардаг.
- Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн 376 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Гэвч үүний дөнгөж 51 хувь нь шүүхээр шийдэгдсэн байна.
- Хохирогчийг буруутгасан нийгмийн хандлага ч хэрэг шийдвэрлэлт муу байгаад буруутай.
- Долоон эмэгтэй тутмын нэг нь амьдралдаа хамгийн багадаа нэг удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байдаг.
Харин хүүхдүүдийн хувьд эцэг, эх нь зовж шаналах вий, эсвэл бусад хүн мэдчих вий гэдгээс маш их айдаг. Тиймээс ч гэмт хэрэгтнүүд энэ айдсыг нь ашиглаж, хэргээс мултрах, цаашилбал бусармаг үйлдлээ үргэлжлүүлсээр байдаг нь гачлантай. Хүчингийн гэмт хэргийн нэг онцлог нь хохирогч өөрийнхөө болон гэр бүлийнхээ нэр хүндийг бодоод барагтай л бол бусдад мэдээлдэггүй. Хүчирхийлэгчдийн 85 хувь нь ураг төрлийн холбоотой хүн байдаг учраас хохирогчид энэ талаар бусдад дэлгэхээс татгалздаг. Хүчирхийллийг тэвчих аргагүй болсон эмэгтэйчүүдийн тал хувь нь ямар нэг байдлаар гэрээ орхин, хамгийн багадаа нэг хоног явж байжээ (“Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлан- 2017). Гэсэн ч тэдний бараг дөрөвний гурав нь хамтрагчаа уучилсан, гэр бүлийнхээ төлөө гэсэн шалтгаанаар гэртээ эргэж очсон байна. Хохирогчид шүүхийн өмнө очихоосоо өмнө “Байдал дээрдэх байх, ахиж ийм үйлдэл давтагдахгүй байх” гэсэн найдвар тээсээр байдаг нь гэмт хэрэгтнүүдийг улам өөгшүүлсээр. Олон улсын судалгаагаар нэг хохирогчийн ард 10 хохирогч бий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нэг илрээгүй гэмт хэрэгтэн хамгийн багадаа 10 хүнийг хохироосон байх магадлалтай гэж тооцдогийг санууштай.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ