Английн хатан хаан өнгөгүй эсвэл бүдэг ягаан өнгийн хумсны будгийг л таашаадаг тул өөр хурц, тод өнгийн будгаар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд хумсаа будах нь хориотой байдаг байна. Харин Меган Маркл өчигдөр /2018.12.10/ болсон “ Их Британийн загварын шагнал гардуулах ёслол”-д урьдчилан мэдэгдэлгүйгээр олны өмнө гарч ирээд зогсохгүй хумсаа хар өнгөөр будсан байжээ.
Хуримын даашинзыг нь урласан “Givenchy”-ийн дизайнер Клэйр Вэйт Келлер тус уралдаанаас шагнал авсан тул Меган Маркл түүнд баяр хүргэхээр өөрийн биеэр ирэхдээ “Givenchy”-ийн өөр нэгэн хар даашинзыг өмсөн, хумсны өнгөө хослуулан будсан нь энэ байв.
Хумсны будгийн өнгөний тухай цаасан дээр бичигдсэн хууль байхгүй ч хатан хаан тод өнгийн хумсны будгийг таашаадаггүйг бүгд мэддэг тул бичигдээгүй хууль мэтээр үйлчилсээр ирсэн байна. Кэйт Миддлтон ч бас хумсаа зөвхөн өнгөгүй эсвэл бүдэг ягаан өнгийн будгаар буддаг аж.
Ер нь хар өнгийн хумсны будгаар дэлхийн аль ч орны хааны гэр бүлийн эмэгтэйчүүд хумсаа будах нь тохиромжгүй, ёс зүйгүй хэрэг гэж үздэг. Хатан хаан Элизабет II ч бас 1989 оноос хойш бүдэг ягаан өнгийн нэг л брэндийн будгаар хумсаа будаж байгаа аж.
Хар өнгөөр хумсаа будсан нь Меган Марклын хувьд хааны гэр бүлийн гишүүдийн ёс жаягийг зөрчиж байгаа анхны тохиолдол биш юм. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн аравдугаар сард Харри ханхүүгийн хамтаар Номхон далайн орнуудад албан ёсны айлчлалд оролцох үеэрээ гуяа гаргасан, хан боргоцойн зурагтай даашинз өмссөн байжээ. Мөн долдугаар сард оролцсон төрийн өндөр түвшний үйл ажиллагааны үеэр мөрөө ил гаргасан даашинз өмссөн байв.
Харри ханхүүтэй гэрлэж, албан ёсоор хааны гэр бүлийн гишүүн болоод удаагүй байгаа Меган Марклд ордны ёс жаяг, хувцаслалт, биеэ авч явах соёлын тухай олон бичигдээгүй хууль байдаг нь төвөгтэй санагддаг тухай яриаг нэгэн ярилцлагынхаа үеэр цухуйлгаж байжээ.
Эх сурвалж: People.com
Холбоотой мэдээ