Бодлого боловсруулагчдад хандсан Төв банкны ерөнхийлөгчийн үг

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Бодлого боловсруулагчдад хандсан Төв банкны ерөнхийлөгчийн үг

Бодлого боловсруулагчдад хандсан Төв банкны ерөнхийлөгчийн үг

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр /2018.12.10/ эдийн засгийн талаар мэдэгдэл гаргаж, өнгөрсөн хоёр жил төв банкнаас авч байгаа хэрэгжүүлсэн бодлого, үр дүн, учирч болох эрсдэлүүдийн талаар дурдлаа. Улс төрийн хэрүүлд онцгой ач холбогдол өгдөг улстөрчид болоод олон нийтийн сүлжээний идэвхтнүүд эдийн засгийн энэхүү тоонуудыг төдийлөн тоосонгүй. Угтаа энэ тоонууд улс орны эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийн илэрхийлэл байлаа.

Тэрбээр мэдэгдэлдээ “Төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхдөг байсан үйл ажиллагааг зогсоосон нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж эхэлсэн нь улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулалт сэргэхэд гол түлхэц болсон”-ын хамгийн эхэнд онцолжээ.

Төв банкны тухай хуулийг шинэчлэн батлуулж, ингэснээр, төсвийн ужгирсан алдагдлыг он дамжин санхүүжүүлэхгүй байх, Мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын бодлогын аливаа шийдвэрийг харилцан зөвлөлдөж, хамтын зарчимд тулгуурлан гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн гэж Монголбанкны өнөөгийн удирдлагууд тайлбарладаг. Монголбанкны ерөнхийлөгчийн илгээлтдээ “Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг санхүүгийн системийг шинэчилсэн, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, инфляцийн түвшин энэ 2018 оны аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа”-г дурджээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг илгээлтээр дамжуулан эдийн засгийн 6.4 хувийн өсөлтийг бүрдүүлэхэд нийт дотоод эрэлт 14.6 хувиар өсч байгаа нь дунд хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа бодлого боловсруулагчдад хандан, хэд хэдэн асуулт тавьжээ.

-Дотоод эрэлтийн энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу?

-Дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу?

– Гадаад орчинд үүсээд буй эрсдэлүүд энэхүү дотоод тэлэлтийг цааш үргэлжлүүлэх бололцоог бидэнд олгох уу?

-Эсвэл 2013-2016 оны хүндрэлийг дахин давтах уу?

Эдгээр асуултыг бодлого боловсруулагчдад тавихын зэрэгцээ хамгийн эрсдэл багатай хувилбарыг сонгохыг зөвлөсөн байна.  Учир нь дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж гадаад өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй байгаа аж.

Монгол Улсын гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.4 тэрбум ам.доллар. Энэ эдийн засгийн түүхэнд хамгийн дээд түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм байна. Гэвч, энэ бол тайвшрах тоо биш бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад валют хүрэлцээтэй бус хэвээр байгаа гэнэ. Тухайлбал, Монгол Улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийн дарамтаа бууруулах шаардлагатай байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэл өндөр байгаа аж. Мөн  2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус үүлэн чөлөөний нарыг ашиглан ургацаа хурааж, өвөлдөө бэлтгэх нь ирээдүйд тустайг бодлого боловсруулагчдад хаяглажээ.

Эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах,  хөрөнгө оруулагчдын  эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байгааг Засгийн газарт сануулж байна. Учир нь “Эрдэнэс Тавантолгой компанийн IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухлыг онцолсон байна.

УИХ, Засгийн газар нь хоёр тийшээ харчихсан бодлого боловсруулагчдад хандан Монголбанкны ерөнхийлөгчийн өгч буй нэг сануулга нь “Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна” гэх үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж