“Б.Махбалд хамгийн хөнгөн ял оноохыг зөвшөөрөхгүй”

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

“Б.Махбалд хамгийн хөнгөн ял оноохыг зөвшөөрөхгүй”

“Б.Махбалд хамгийн хөнгөн ял оноохыг зөвшөөрөхгүй”

Зам, тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нар архи уун зодолдож, нэгнийхээ аминд хүрсэн аймшигт хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулж, хохирогч Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг, өмгөөлөгч нар  нь өнөөдөр /2018.12.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “ Хүүгийнхээ ясыг өндөлзүүлээд хурал хийхээс аргагүй боллоо. Хуулийнхан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн. Бодсоноор болсонгүй. Бидний санаснаар болохгүй байна.

Хуулийн байгууллага энэ хэргийг татаж аваад их тодорхой нэмэлт байцаалт хийгээд сайхан сэтгэгдэл төрүүлж байсан. Үнэн зөвөөр шийдэх нь үү гэж бодож байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд итгэл алдарлаа. Үнэн зөвөөр шүүх нөхцөл үүссэнгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсангүй. Зарим нотлох баримт байхад лавшруулж, мэдээлэл авсангүй. Бидний сэтгэлд хүрэхгүйгээр хэргийн материал бүрдүүлээд прокурорт өглөө. Прокурор бидэнд мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Прокурор зүйчлэлийг нь буулгаад, хөнгөрүүлээд, хамт хэрэгт авагдаж байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалыг хамгийн зөөлөн зүйл ангиар ял оноосон байна.

Энэ хэрэг бол албан тушаалын хэрэг. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан. Энэ бодол санааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэл нотлоод өгсөн, саяхан. Сайдын өрөөнөөс эхэлсэн архидалт өдөржингөө үргэлжилж амь насыг хөнөөсөн. Ажлыг нь авахын тулд амь насыг хөнөөсөн гэдгийг дэд сайд нь нотлоод өгчихсөн байхад цагдаа, прокурор хэрэгссэнгүй.

Хэргийг хөнгөн маягаар шийдэх гээд байна. Тийм учраас энэ мэдээллийг аргагүйн эрхэнд хийлээ. Миний хүү хуульч хүн байсан, үнэнчээр ажиллаарай л гэж хэлдэг байсан. Үнэнч шударга, ажил бүрт идэвхтэй оролцдог, хүнд тустай тийм л  хүн байсан. Шударга тал нь дийлсэн хүн. Тийм ч хүмүүжлээр хүмүүжүүлсэн.

Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөлгүй тоглоом болгоод өнгөрөх гэж байгаад харамсаж байна. Үнэн зөвийг нь олохын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Хууль зүйн сайдад хугацаатай шаардлага хүргүүлнэ. Цагдаагийнхан хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,  прокурор дээр очихоор зүйл ангийг нь буулгаж байна” гэлээ.

Талийгаачийн гэр бүлийн зүгээс  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид  хандан  тус хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслалцаа үзүүлэх  хүсэлтийг  14 хоногийн хугацаатай хүргүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Хэргийг дүүрэг болон нийслэлийн прокуророор дамжиж хоёр байгууллага хянасан. Прокуророос  гарсан шийдвэртэй санал нийлэхгүй байна. Хэтэрхий хайнга хандаад байна. Өнгөрсөн аравдугаар сард “Ажил албан тушаалтай нь холбогдуулж талийгаачийн амь насанд халдсан  байж болзошгүй нөхцөл байгаа учраас хэргийг илүү нягт нямбай шалгах ёстой” гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас гомдлыг шийдэх боломжгүй  гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа  дахин гомдол  гаргахад  гомдлыг шийдээгүй байж хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан. Хэргийг шүүхэд шилжүүлж байгааг өнөөдөр Ерөнхий прокурорын хэвлэлд ярилцлага өгсөн ярилцлагаас олж уншлаа. Нэг талаас төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт явуулах үүрэгтэй, нөгөө талаас хохирогчийн эрхийг хамгаалах функцтэй үүргээ хэрэгжүүлж байгаа прокурорын байгууллага хууль зүйн хүрээнд ажиллаж чадсангүй. Хэт яарсан, шийдвэр гаргасан нь хохирогчийн эрхийг дахин хохироох үндэслэл болж байна.

Прокурорын байгууллага анх Эрүүгийн хуулийн  10.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар ердийн хүн амины хэрэг гэж үзэж байсан бол шалгалтын явцад мөрдөн байцаах албанд хэрэг шилжсэнээс хойш 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгээр буюу хэргийг хүндрүүлж шалгасан. Гэхдээ ажил албан тушаалтай холбоотой үндэслэлээр биш өөр үндэслэлүүдээр шалгасан. Мөрдөн байцаалт дууссаны дараа хүндрүүлж шалгаж байснаа өөрчлөөд ердийн хүн амины хэрэг гэж үзээд шүүхэд шилжүүлсэн байгаа юм.

“Хэргийн зүйлчлэлийн асуудлыг өөрчилсөн нь буруу. Үүн дээр хүндрүүлэх ёстой” гэсэн бидний гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байхдаа хэргийг шүүх рүү шилжүүлсэнд гомдолтой байна. Талийгаачийн хувьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулж түүний амь насанд нь санаатай халдсан болзошгүй нөхцөл байдал илэрсэн. Мөрдөн шалгалтаар илрүүлсэн асуудал биш анхнаасаа ойлгомжтой байсан. Хэргийн өмгөөлөгчийн хувьд прокурорын байгууллага энэ чиглэлээр тодорхой ажиллагаанууд хийсэн юм бол нотлох баримтын эцсийн үр дүнг үндэслээд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн үзэх бүрэн боломжтой үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг дөрвөн сарын хугацаанд хангалттай явуулсан. Цугларсан баримтыг дүгнэх, зүйлчлэлийг өөрчлөх эрх нь зөвхөн прокурорын байгууллагад л бий.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр  зүйлийн нэг дэх  хэсэг буюу  ердийн хүн амины хэргийн ял шийтгэл 8-12 жил хорих ял. Харин 10.1 дүгээр зүйлийн  хоёр дахь хэсэг хүндрүүлэх нөхцөл буюу хүний амь  насанд санаатай халдсан бол 12-20 жил  хорих эсхүл бүх насаар нь  хорих ял оноодог. Ял шийтгэлийн хувьд асар их ялгаатай”  гэв.

Тэрбээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэрэгт холбогдох хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн  нь үнэн үү?

-Үнэн. Б.Махбалаас гадна хоёр хүн шалгагдаж байсан ч тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг өчигдөр /2018.12.10/ Нийслэлийн прокурорын газраас гардаж авсан.

-Тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгааныг юу гэж тайлбарласан бэ?

-Хэргийн мэдээ баримттай холбоотой асуудал учраас ямар нэгэн тайлбар хэлмээргүй байна. Ямартай ч хяналтын прокурорын гаргасан шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа учраас доторх баримтын талаар зарламааргүй байна.

-Тэгэхээр анх бүлэг хэрэг гэж яригдаж байсан бол одоо нэг хүний хэрэг болж таарч байна уу?

-Хэрэгт нэг л яллагдагч яригдаж байна. Хоёр хүнд холбогдох хэрэг үүсгэн шалгаж байсан. Прокурор тэр хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хэргийн анхнаас яригдаж байсан яллагдагчийн хувьд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүллээ. Хэргийг шүүхэд шилжүүлсэн эдгээр шийдвэрүүдийн аль алийг нь бид  хүлээн зөвшөөрөхгүй.

Зам тээврийн хөгжлийн яамны байранд үйлдэгдсэн хүн амины хэргийн хохирогч болох талийгаач Т.Гомбосүрэнгийн гэр бүлийн хүн,өмгөөлөгчдийн хамт өнөөдөр /2018.12.11/ хэвлэлийн хурал хийж байна.

Posted by News.mn on Monday, December 10, 2018

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж