Бэлгийн боолчлолоос Нобелийн шагналд хүрсэн эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.12.11-нд нийтлэгдсэн

Бэлгийн боолчлолоос Нобелийн шагналд хүрсэн эмэгтэй

Бэлгийн боолчлолоос Нобелийн шагналд хүрсэн эмэгтэй

Нобелийн шагнал гардуулах ёслол Энх тайвны шагнал гардуулах ёслолоор өчигдөр /2018.12.10/ Норвегийн Осло хотноо эхэллээ. Шагнал гардуулах ёслол уг шагналыг үндэслэгч Альфред Нобелийн /1883-1896/ таалал төгссөн өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд эхэлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Осло хотоос эхэлж, Стокгольмд биологи, анагаах ухаан, физик, хими болон эдийн засгийн салбарын шагнал гардуулах ёслолоор үргэлжилдэг.

Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Энх тайвны шагналыг ард түмнийг нэгтгэх үйл хэрэг бүтээх, цэрэг зэвсгийн тоог цөөлөх, энх тайвны төлөөх хөдөлгөөн өрнүүлж дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажилласан хүнд олгодог. Сүүлийн жилүүдэд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн эрхмүүд дунд улстөрчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид, улс төрийн идэвхтнүүд, хүмүүнлэгийн байгууллагууд янз бүрийн салбарт гаргасан гавьяа шагналынхаа төлөө хүртэж байжээ. Энэ жил Нобелийн Энхтайвны шагналын төлөө 217 хувь хүн, 112 байгууллага өрсөлдсөн байна. Тэдний дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын нэр дээгүүр бичигдэж байв.

“Исламын улс” террорист  бүлэглэлийн бэлгийн боолчлолд өртсөн 3000 Язид охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл Надя Мурад гэх 25 настай Ирак эмэгтэй энэ жилийн Нобелийн Энх тайвны шагналтан болсон тухай энэ оны аравдугаар сарын 5-ны Нобелийн хорооноос зарласан. Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад нь “Исламын улс” бүлэглэлийн барьцаанд байхдаа харгис тамлал, хүчирхийллийг өдөр бүр өөрийн биеэр амсаж байжээ. Тиймээс барьцаанаас суллагдсаны дараа дайн, зэвсэгт мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст нийгэм, дэлхий нийтийн анхаарлыг хандуулах, бэлгийн хүчирхийллийг дайн мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг эсэргүүцэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч болсон охид бүсгүйчүүд, хүүхэд багачуудад туслах хүмүүнлэгийн ажил эрхэлж эхэлсэн байна. Өдгөө 25 настай Надя нь 2014 онд 17 настайдаа шагнал хүртсэн Малала Юсафзайн дараах хоёр дахь залуу Нобелийн шагналтан болжээ.

Надя Мурад “Амьдралдаа хүчирхийллийн хар толботой үлдсэн дэлхий дээрх хамгийн сүүлчийн эмэгтэй нь би байгаасай гэж хүсч байна” хэмээн өөрийн бичсэн “Сүүлчийн эмэгтэй”  номондоо дурджээ.

 

Мөн Ардчилсан Конго улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквеге уг шагналыг Надя Мурадын хамт гардан авсан юм. Тэрбээр иргэний дайн олон жилийн турш өрнөсөн Конго улсад бэлгийн хүчирхийллийн золиос болж, ирээдүйн амьдралдаа хар толботой үлдсэн олон зуун охид, бүсгүйчүүд туслахад бүхий л амьдралаа зориулж буй нэгэн ажээ. Үүнээс гадна хүрээлэн буй орчин болон хүний эрхийг хамгаалах салбарын манлайлагчдад олгодог “Right Livelihood Award” шагналыг 2013 онд хүртсэн байна.

 

 

 

Норвегийн Нобелийн хорооны мэдэгдэлд, “Бэлгийн хүчирхийллийг дайн, зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглаж буй эмгэнэлтэй байдлыг зогсоохын төлөө тэдний гаргасан хүчин чармайлт, цэргийн гэмт хэрэгтэй тэмцэхэд оруулж буй тэдний хувь нэмрийг үнэлж уг шагналыг олгохоор шийдвэрлэв” хэмээн цохон тэмдэглэсэн байв.

 

Надя Мурад 1993 онд Иракийн баруун хэсгийн Кочо тосгонд төрсөн. Эхээс арваннэгүүлээ. Тосгоныхоо дунд сургуульд суралцаж төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд их сургуульд суралцах мөрөөдөлтэй байсан ч, дунд  сургуулиа төгсөх жил буюу 2014 онд тосгоныг нь “Исламын улс” бүлэглэл булаан эзэлжээ. Зэвсэгт бүлэглэлийнхэн Надягийн ээж, таван ахыг нь хороож, эгч дүүсийнх нь хамтаар барьцаалан Мосул хотод аваачиж бэлгийн боолчлолын золиос болгосон байна. Удалгүй Надягийн эгч дүүсийг Сири улсад худалдаалжээ. Надя ч мөн олон удаа бусдад зарагдаж явсаар 2014 оны сүүлчээр Иракийн Бахдида хотоос зугтаж Герман улсад дүрвэн ирсэн байна. Тэрбээр 2018 оны наймдугаар сард нутаг нэгт Абид Шамдин хэмээх залуутай гэрлэжээ. Түүний нөхөр Язид үндэстнүүдийн эрх ашгийг хамгаалах “Yazda” төрийн бус байгууллагад ажилладаг байна.

Иракийн шашны цөөнх гэгддэг "Язиди" үндэстнийг үргэлж ялгаварлан гадуурхдаг ба армийнхан болон террористууд тус үндэстний эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлэх, хөнөөх зэрэг харгислал үйлдэж, ялгаварлан гадуурхсаар иржээ.

2016 онд 23 насандаа НҮБ-ын хар тамхины худалдаа, гэмт хэрэг, дайн зэвсэгт мөргөлдөөний үеэрх хүний наймаатай тэмцэх хорооны Энхийн элчээр сонгогдсон юм.

2016 онд Андрей Сахаровын нэрэмжит “Чөлөөт санаа бодлын төлөө” шагнал хүртжээ. Мөн онд Европын парламентын Вацлав Гавелын нэрэмжит шагнал хүртжээ.

2017 онд Надя Мурад өөрийн амьдралын тухай “Сүүлийн эмэгтэй, Барьцаанд байсан миний түүх болон Исламын улстай хийсэн тэмцэл” номоо гаргаж байсан байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж