News агентлаг “76:1” булангаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг онцолж байна.
Дуламдоржийн Тогтохсүрэн 1968 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төржээ. Зургаан хүүхэдтэй айлын гуравдугаар хүү болон мэндэлсэн. Малчин айлд төрж, бор амьдрал дунд өссөн болохоор хөдөөгийн ард түмний ажил, амьдралыг хэнээс ч дутахааргүй мэдэх нэгэн. Д.Тогтохсүрэн багадаа хөдөөний хүүхдүүдийн адил хурга, ишиг хариулан, хонь, мал маллаж өсжээ. Түүний аав Б.Дуламдорж Улсын сайн малчин. Д.Тогтохсүрэнгийн хоёр дүү нь малчин. Нэг нь улсын сайн малчин, нөгөө нь аймгийн сайн малчин.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1986 онд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль
- 1991 онд Цагдаагийн дээд сургууль, хуульч
- 1997 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр
- 2002 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын магистр
Тогтохсүрэн эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Улаанбаатар хотод төрсөн. Багш, эрхзүйч, мэргэжилтэй. Төрийн байгууллагад 27 жил ажиллаж байна.
Ажилласан байдал:
- 1991-1996 онд Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Монгол ардын намын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга
- 2000-2008 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
- 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг дарга
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018 оноос Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажиллаж байна.
Тэрбээр 1991 онд Арвайхээр хотын АДХ-ны гүйцэтгэх захиргаанд ажилтнаар орж, 1200 төгрөгийн цалин авч байжээ. Ингээд 1993 онд Тамгын газрын дарга болж дэвшиж, 30 гаруйхан насандаа аймгийн ИТХ-ын даргаар сонгогджээ.
Д.Тогтохсүрэн нутгийн удирдлагаар 16 жил тасралтгүй ажиллах хугацаандаа Өвөрхангай аймаг 2002, 2006, 2007, 2008, 2010, 2014 онд улсдаа ажлаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлжээ. Тэр энэ бүх амжилтаа аймгийн маань ард иргэд, төрийн алба намайг өсгөж, бойжуулж, хөгжүүлж өдий зэрэгт хүргэсэн нь гэж хэлдэг.
Тэрбээр ямар ч асуудалд бодитой хандахыг илүүд үздэг бөгөөд эрсдэлийг сайтар тооцоолж шийдвэр гаргах нь түүний ажил амьдралдаа баримталдаг гол зарчим нь. Түүний хүндэлдэг улстөрч нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан. Жинхэнэ төрийн түшээ санагдаж, хүндэлж явдаг гэнэ.
Д.Тогтохсүрэн гишүүн хүүхэд байхын их даруухан, дөлгөөхөн хүүхэд байсан гэдэг. Одоо ч тэр зан чанараараа даруухан улстөрч. Тэр бусад ч шиг попордоггүй. Томоотойгоор нь далимдуулах гэсэн буруу нөхдийн явуургүй арга хаа нэг чих дэлсэвч тэгсгээд намжина. Бурууд хатуу, зөвд зөөлөн, үг нь жинтэй түүнийг тулхтай улстөрч гэж намын нөхөд нь тодорхойлох юм билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Би Д.Тогтохсүрэнтэй хамтран ажиллаад 20 гаруй жил болж байна. Д.Тогтохсүрэн аймаг орон нутагтаа тогтвортой ажиллаж, төрийн түшээ болсон. Аймгийн Засаг дарга байсан хүмүүс УИХ-д орж ирж байсан. Аймгийн удирдлагаар олон жил ажиллаагүй ч хөдөө орон нутгийн амьдралыг хуульд шингээхэд тэр хүмүүсийн туршлага маш их хэрэг болдог. Д.Тогтохсүрэнгийн туршлага үнэхээр хэрэгтэй байна” гэж хэлж байсан юм.
Тэрбээр 1998 оноос хойш хөдөө, орон нутагт тогтмол ажиллаж аймгийнхаа хөгжлийн төлөө мэддэг чаддаг бүхнээ зориулсан “шидэт” улстөрч гэж нутгийнхан нь түүнийг тодотгох юм билээ. Тогтвортой удирдлага орон нутгийн хөгжилд хөтөлдөг гэдгийг Д.Тогтохсүрэн аймгийн Засаг дарга байхдаа харуулж чадсан гэдэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргаар найм, Засаг даргаар найм, МАН-ын хорооны даргаар 16 жил ажилласан. Нэг аймгийг хамгийн олон жил удирдсан, хоёрт хамгийн их бүтээн байгуулалтын ажлыг хийсэн хүн хэмээн нутгийнхан нь мөн ам уралдан ярьдаг. Түүний удирдлага дор Өвөрхангай аймаг олон удаа улсад тэргүүлж, малынхаа тоогоор түрүүлж байв. Тоосонд булуулах зовлонг мэдэрсэн тэрбээр “Гэр хороолол” хөтөлбөрийг хэрэгжүүлж Арвайхээр хотод бүтээн байгуулалтын олон ажил хийснээс гадна гэр хороолол руу 10 гаруй км хатуу хучилттай авто замыг явган хүний зам, гэрэлтүүлгийн хамт тавьсан. Тэр Өвөрхангайд гэрэл нэмж, гэгээ оруулсан хүн.
Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Өвөрхангай аймагт ажиллаж, бүтээн байгуулалттай танилцах үеэрээ “Танай аймаг чинь чимээгүй байж байгаад мундаг зүйл хийсэн юм байна ш дээ” гэж хэлсэн гэдэг.
Д.Тогтохсүрэн гишүүн төлөвлөлт менежментийн хувьд маш чадамгай. Тогтвортой сууж, байнга уншина. Бичиг баримт боловсруулах чадвар өндөр хөгжжээ.
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж, улмаар УИХ-д Өвөрхангайчуудыг төлөөлөөд хоёр жил гаруй өнгөрч байна. Арвайхээрт дулааны цахилгаан станц барих асуудлыг тэр олон жил хөөцөлджээ. Орон нутгийн ард иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн биеэр оролцох шаардлага гарч байгаа учраас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хэмээн тайлбарладаг. Төрийн албаны талаар дуугардаг цөөн гишүүдийн нэг нь Д.Тогтохсүрэн. Тэр ч үүднээс тэрбээр Төрийн албаны шинэчилсэн хуулийн төслийг толгойлж боловсруулсан. Д. Тогтохсүрэн МАН-ын бүлэг дотроо намын даргынхаа итгэлийг хүлээж чадсан нэгэн. Удирдах зөвлөлийнхөө гишүүнээр багтаж чадсанаас гадна УИХ-дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй.
ШАГНАЛ
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- 2006 онд Төрийн хяналтын тэргүүний ажилтан
- Алтангадас одон
- Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан
- Байгаль орчин, хэмжил зүйн тэргүүний ажилтан
ГАДААД ХЭЛ
Орос
Холбоотой мэдээ