Чингэлтэй, Баянгол дүүрэг амны хөндийн эрүүл мэндийн сургагч багштай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Чингэлтэй, Баянгол дүүрэг амны хөндийн эрүүл мэндийн сургагч багштай боллоо

Чингэлтэй, Баянгол дүүрэг амны хөндийн эрүүл мэндийн сургагч багштай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ онд нийслэлийн төрийн өмчит бүх ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтанд хамруулсан. Энэхүү сургалтаар дамжуулж нийт 3100 багшийг “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагаар хангаж, ЕБС-ийн 2018-2019 оны сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийн сэдэв болгон багтаасан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг ажлыг өргөжүүлэн цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар зорьж, Нийслэлийн Засаг даргын А/1043 дугаар захирамжийн дагуу тус сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, дүүргийн болон өрхийн эмнэлгийн эмч, нийгмийн ажилтан, дүүргийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, боловсрол хариуцсан мэргэжилтэн, хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтэн нарыг хамруулж, сургагч багш бэлтгэнэ.

Эдгээр сургагч багшаар дамжуулан цэцэрлэгийн багш нарт “Амны хөндийн эрүүл мэнд” сэдвээр мэдлэг олгож, хүүхэд багачууд төдийгүй тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Тиймээс энэ сарын 07-нд нийслэлийн 23 дугаар дунд сургуульд зохион байгуулсан эхний сургалтанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн эмч болон ӨЭМТ-ийн эмч, нийгмийн ажилтан зэрэг нийт 90 хүн хамрагдсан байна. Тус сургалтыг нээж ЧД-ийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн салбар хариуцсан мэргэжилтэн Э.Навчаа, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар оролцжээ.

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-т зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг тус дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нар нээсэн бөгөөд нийт 105 хүнийг хамруулаад байна.

Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насныхан болон ЕБС-ийн сурагчдын дунд шүдний цоорол өвчин эрс нэмэгдэх болсон. Шүдний цоорол нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнөөс гадна 200 гаруй төрлийн өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй, хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болж байна.

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн 2017 онд хийсэн судалгаагаар, бага насны хүүхдийн 86 хувь нь шүд цоорох өвчин /ШЦӨ/-тэй байсан бол, 14 хувь нь эрүүл гэж гарчээ. Шүд цоорох өвчний тархалт сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд 86.2 хувь, сургуулийн насныханы дунд 86.1 хувьтай байсан аж.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт өндөр байгаа нь иргэдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, шүдээ зөв арчлах дадал заншил бүрэн төлөвшөөгүйн улмаас шүдний өвчин үүсч хүндрэх, шүдгүйдэлд хүрэх, үүний улмаас зажлах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямрах төдийгүй нийгэмд харилцах өдөр тутмын идэвхи алдагдаж, амьдралын чанар буурахад хүргэж байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж