Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн өнөөдөр болсон “Тогтвортой санхүүгийн форум 2018”-ын “ТоС хөтөлбөр банкны салбараас хүрээгээ тэлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо)-ноос зохион байгуулсан тус форум нь тогтвортой хөгжил, тогтвортой санхүүгийн асуудалд анхаарал тавьдаг бодлого тодорхойлогчид, банк санхүүгийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болоод байгаль орчин, нийгмийн мэргэжилтнүүдийг оролцуулдаг үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ юм.
Хэлэлцүүлэгт Хорооны дарга, доктор С.Даваасүрэн санхүүгийн салбаруудад тогтвортой санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан, бизнесийн байгууллагууддаа нэвтрүүлэх хэлбэрээр ажиллах шаардлагатайг онцолсон юм. Мөн тэрээр тогтвортой санхүүгийн зарчмыг даатгал, хөрөнгийн зах зээл, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн салбарт хэрхэн нэвтрүүлэх нь зүйтэй талаар болон Санхүүгийн зохицуулах хороо үүнд ямар үүрэгтэй оролцох талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэлээ.
Үнэт цаасны салбарын хувьд томоохон бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн эх үүсвэр татах гарц нь болж, олон нийтэд хөрөнгө оруулалт хийх хэрэгсэл нь болж байдаг учраас уг зах зээлд нэвтэрч буй компаниудад ёс зүй, засаглал, нийгмийн хариуцлагын тогтолцоогоо өндөр түвшинд хангаж ажиллах шаардлага тавигддаг. Тиймээс энэ чиглэлд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Харин даатгалын салбарын хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллөөр нь ялгамжтай бодлого баримтлах боломжтой бол бичил санхүүгийн салбарын тухайд жижиг, дунд бизнес эрхлэгчид болон жижиг зээлдэгчдэд голчлон үйлчилгээ үзүүлдэг учраас эдгээр санхүүгийн байгууллагуудаар дамжуулан байгаль, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх бичил бизнесүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг олгох тал дээр ажиллах нь зүйтэйг онцоллоо.
Түүнчлэн Доктор С.Даваасүрэн тогтвортой санхүүжилтийн хүрээнд зайлшгүй яригдах ёстой асуудал нь санхүүгийн үйлчилгээний хүртээмж болох талаар дурдлаа. Сүүлийн жилүүдэд Хорооны баримталж буй бодлого, үйл ажиллагаа нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байна. Тухайлбал, "Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030", “Хорооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 2018-2020”, “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсын мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” зэрэг бодлогын баримт бичгүүдэд санхүүгийн үйлчилгээний хүртээмж, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн бодлогын зорилтууд багтаж байна.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ