Хотын дарга Су.Батболд ажлаа өглөө

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Хотын дарга Су.Батболд ажлаа өглөө

Хотын дарга Су.Батболд ажлаа өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд дөнгөж сая ажлаа хүлээлгэн өглөө. Ажлыг нь Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хүлээн авч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болж байна. Дараагийн хотын дарга томилогдтол тэрбээр хотын даргын үүргийг түр орлох аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга Су.Батболдыг агаарын бохирдлыг бууруулах зэрэг ажлыг дорвитой хийгээгүй гэж үзэн, хариуцлага тооцох саналыг өнгөрсөн сард гаргасан юм. Эл саналыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болж, хуралдаан зарлагдсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч байв. Төд удалгүй хотын дарга Су.Батболд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар Ерөнхий сайд саналаа татан авсан юм.

Ажлаа хүлээлгэн өгөхийн өмнө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд  “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелсэн.

Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.

Онцолход, МАН 2012 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Су.Батболдыг хотын даргаар томилж байв. Үндсэндээ 2.6 жилийн хугацаанд нийслэлийг удирдан ажилласан гэж хэлж болно. Энэ хугацаанд намынхантайгаа тэрсэлдэн байж, гаргасан шийдвэр нь зөвшөөрөлгүй газар барилга байшин барьж, хашаа хатгаж, явган хүний зам талбайг булаасан аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлж,  заасан хугацаанд зам, талбайг чөлөөлөхийг сануулж байв. Ийм зарчмаар “Туушин” зочид буудлаас эхлээд олон газрын нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж чадсан. Энэ шийдвэр нийслэлийн иргэдийн талархлыг хамгийн ихээр хүлээсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж