Ж.Бямбадорж: Хүний эрхийг хамгаалахад санхүү байхгүй гэж гоншгономооргүй байна

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Ж.Бямбадорж: Хүний эрхийг хамгаалахад санхүү байхгүй гэж гоншгономооргүй байна

Ж.Бямбадорж: Хүний эрхийг хамгаалахад санхүү байхгүй гэж гоншгономооргүй байна

Хүний эрхийн олон улсын өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдрийг /2018.12.10/ тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог болж байна. Ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссоос өөрийн байрандаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр монголд хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхах асуудал гарсаар байгааг холбогдох албаны хүмүүс онцолсон юм. Тэр тусмаа сэтгэл санааны хохирлыг барагдуулах болон хүний амь насыг үнэлэх үнэлэмжид анхаарлаа хандуулж, үүнийг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж онцоллоо. Тус комисст иргэд ажлын байрны дарамтын асуудлаар хамгийн их гомдол гаргадаг аж.

МОНГОЛД 23 МЯНГАН ХҮНД  НЭГ Л НИЙГМИЙН АЖИЛТАН НОГДОЖ БАЙНА

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Л.ОЮУНЧИМЭГ: 

– Олон улсын гэрээ конвенцийг дотоодын хууль тогтоомж, шүүхийн практикт, нэвтрүүлэх асуудал сул байгаа. 2008 оны дэд шүүхийн IX тогтоолоор шүүхийн практикт олон улсын гэрээг хэрэглэх тогтоол гарсан. Энэ бол Монгол улсын хууль байдаг. Тийм учраас олон улсын гэрээ конвенцийг дотоодод хуулийн хэмжээнд хэрэглэх асуудлыг анхаарч ажиллах шаардлагатайг олон улсын зүгээс ч тэр, манайхаас гаргаж байгаа илтгэлүүд дээр дурдагдаж байна. Өнөөдөр гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдээс гадна эрчүүдийн хүчирхийллийн асуудлыг ярих цаг нь болсон. Үүнд яригдах маш олон асуудал бий.

Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан шалгалт судалгаагаар эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн хэлбэр, эрчүүдийн хүчирхийлэлд өртөж буй байдлыг тодорхой хэмжээнд гаргаж чадсан. Ялангуяа хөдөө орон нутаг сумдын хэмжээнд хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг ил тод гаргахгүй бол тэнд хүчирхийллийн асуудал нуугдмал байдалтай, бие биеэ дамжсан хэлбэрээр яригдаж байгаа нь үнэн. Иймд хууль хяналтын байгууллагын мэдээлэл, илрүүлэлт чухал байна.

Өнгөрсөн жил 198 хүүхэд хүчирхийлэлд өртөж эрүүл мэндээрээ хохирсон бол энэ жил уг үзүүлэлт 345 болж өссөн. Энэ бол цагдаагийн байгууллагад хүүхдийг хамгаалах урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулагдсантай холбоотой илрүүлэлт өндөр байгаа юм. Тийм учраас гэнэт хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өссөн гэдэг асуудал биш. Илрүүлэлттэй холбоотой гэмт хэргийн тоо өссөн гэсэн үг. Тиймээс иргэд хандлагаа өөрчилж, хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай. Нэртэй байгууллага байдаг ч үйл ажиллагааг нь идэвхтэй биш зорилтот бүлэгтээ хүрч чадахгүйгээс л хүчирхийлэл өргөн цар хүрээг хамарч байна гэж хэлэхэд буруудахгүй. Өнөөдрийн байдлаар 23 мянган хүнд нэг нийгмийн ажилтан ногдож байгаа нь мэдээлэл ил тод болохгүй. Тиймээс орон тоо бүтэц, үйл ажиллагааны хувьд анхаарлаа хандуулах ёстой. Эмнэлэг, цагдаагийн байгууллагын мэдээллийн сүлжээг холбох, төрийн байгууллагуудын статистик үр дүнг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбох хэрэгтэй. Ингэснээр мэдээллүүд үнэн бодит болж олон нийтэд нээлттэй болж чадна.

Энэ үеэр  Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Монголд хүний эрхийг хамгаалах улс төр, эрх зүйн орчин нөхцөл бүрдсэн ч эдийн засгийн баталгааг 20 орчим жил бүрдүүлж чадсангүй. Янз бүрийн шалтаг тоочиж өдийг хүрсэн. Хөрөнгө санхүүгийн боломж хүрэлцэхгүй байна гэсэн шалтаг тоочиж гоншгономооргүй байна” гэдгийг онцоллоо. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТЫН АСУУДАЛ НЭМЭГДЭЖ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ИХ БАЙНА 

-Монголд хүний эрх алхам тутамд зөрчигдөж байна гэж иргэд бухимдлаа илэрхийлдэг. Өнөөдөр хүний ямар эрх хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Бид ярих, шүүмжлэхдээ сайн байна. Алхам алга. Эрүүл аюулгүй орчинд амьдарна гэдэг бол бодоход ерөнхий атал цаашид амьд явах уу үгүй юу гэдэг л асуудал. Энэ бол зөвхөн төв суурин газарт биш уул уурхайн салбарт байна. Эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгийн хөнөөлтэй зүйл нь Хүний эрхийн үндэсний комисс Женевийн илтгэлд тавьсан. Энэ бол гаднаас орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүн. Дэлхий ертөнц гаднаас хүнсний бүтээгдэхүүнийг ямар нэг хяналтгүйгээр жижиг цүнхэнд бариад ч оруулахаа больсон. Хүнсний бүтээгдэхүүнээр дамжсан бактерь хор хүний эрүүл мэндэд ямар аюултай болохыг дэлхий нийт мэддэг болсон учир хорьсон. Тийм учраас бид ямар ч судалгаа, шинжилгээгүй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж өөрсдийгөө хордуулах нь хэвийн боллоо. Тийм учраас энэ тал дээр хууль гаргаж тодорхой урьдчилсан шинжилгээнд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүний дээжийг судалж, хилээр оруулж ирэх шаардлага байна. Өнөөдөр монгол хүн өлсөөгүй. Гэтэл өлсөөгүй байж баталгаагүй хүнс хэрэглэснийхээ дараа нь эрүүл мэндээрээ хохирох асуудалд хүрмээргүй байна. Үүнд онцгой анхаарах ёстой.

-Энэ жил хүний эрх зөрчигдсөн талаар хэчнээн гомдол мэдээлэл ирсэн бэ. Монголд хүний эрх зөрчигддөг асуудал ямар түвшинд байна?

– Хүний эрх гэдэг бол хүн нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлдэг. Энэ нь алдагдвал хүний эрхийн зөрчил болж байгаа юм. Хүний нийгмийн харилцаа байгаа нөхцөлд хүний эрхийн зөрчил гардаг. Гэхдээ хууль зөрчсөн, төрийн эрх бүхий байгууллагуудаас үүдэлтэй бол таслан зогсоогдох ёстой. Өмнө нь эрүү шүүлтийн асуудал нэлээн яригддаг байсан бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал, хөдөлмөрлөх эрхэд халдсан, өмч хөрөнгө эзэмших ашиглах, халдсан асуудал зэрэг гомдол мэдээлэл илүү давамгайлж байна. Сүүлийн үед хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал их яригдах болсон. Иргэдийн зүгээс ажлын байрны дарамтын асуудлаар гомдол мэдүүлэх нь ихэсч байна. Энэ асуудал урьд өмнө нь байсан л байх. Гэхдээ иргэдийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой энэ асуудлаар  манай байгууллагад хандах болсон. Дөрвөн жил тутамд төрийн байгууллагын алба хаагчид асар их хэмжээгээр солигддог. Мөн бизнесийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн баталгаа сайнгүй байна. Эмэгтэйчүүд бэлгийн дарамтын асуудлаар их ханддаг. Хөдөлмөрийн зах зээл элбэг биш нөхцөлд бусдыг доромжилж дарамтлах нөхцөл их бий. Үүнээс гадна хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр цалинг нь өгөлгүйгээр ажлаас халдаг зөрчил буурахгүй байна.

-Хөдөө орон нутагт амьдарч байгаа малчид, уул уурхайд ажиллаж байгаа ажилчид маш хүнд нөхцөлд ажиллаж амьдарч, эрх нь ноцтой зөрчигдөж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Монгол улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Хүн амын дийлэнх хэсэг нь бэлчээрийн мал аж ахуйтай. Малчдын амьжиргааны эх үүсвэр бол мал. Гэтэл уул уурхайн ашигт малтмал, үйлдвэрлэл хөгжихийн хэрээр бэлчээр хумигдаж байна. Түүнчлэн орчинд нь агаар, хөрсний бохирдол ихсэж, усгүй болсноос нутгийн иргэдийн амьдрах нөхцөл эмзэг бүлэгт шилжлээ. Нүүрсний болон тоосжилт ихтэй нөхцөлд тэнд ажиллагсад,  түр хугацаагаар болон удаан хугацаанд хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн амьдрах эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна.

Монгол улс Нэгдсэн Үндэсний байгууллагаас батлан гаргасан хүний эрхийн үндсэн 18 гэрээний 17-д нь нэгдэн орсон үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байранд явдаг.  Гэсэн хэдий ч хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зэрэг ноцтой зөрчил буурахгүй байгаа бөгөөд энэ нь ч олон шалтгаантай. Энэ нь дан ганц  гэр бүлийн асуудал биш бөгөөд амьдрах орчин нөхцөл хангалтгүй, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж байгаа төр, нийгмийн байгууллага, иргэдийн үйл ажиллагаа хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж