Жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдлөө

Хуучирсан мэдээ: 2018.12.10-нд нийтлэгдсэн

Жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдлөө

Жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдлөө

Идэр ес эхэлж, хүйтний эрч тасхийж эхлэхэд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснууд нам зогсчих юм биш биз. Цонх нь битүү цантсан, халаалт нь ажилладаггүй, хаалга нь хаагдсан бол нээгддэггүй, нээгдсэн бол хаагддаггүй автобусаар зорчигчид аргагүйн эрхэнд л үйлчлүүлж байна. Өдөржин хүйтэн автобус жолоодсон жолооч ч ууртай аж.  Хэд хоногийн өмнө 57 дугаартай “Улаан чулуут-МУИС” чиглэлийн автобусанд 20.30 цагийн орчимд дараах явдал болов.

Автобус баруун дөрвөн замын автобусны буудалд ирж зогсоход зорчигчид увж цувсаар орж ирэв. Олонх нь автобус хүлээжээ. Тэд “Яасан хүйтэн автобус вэ. Гадаа байгаагаас ялгаагүй юм биш үү” гэцгээн ам, амандаа бувтнана. Харин 60 гарсан болов уу гэмээр маск зүүсэн настан жолоочийн кабины дэргэд зогсон “Бусад чиглэлийн автобус яваад байдаг. Ганц танайх ирдэггүй. Их хүлээлээ” гэж учирлатал жолооч “Хүйтэнд хөлдөж үхэх гээд арай л гэж явж байна. Толь хаагаад юу ч харагдуулахгүй болчихлоо, хойшоо яваад өгөөч” гэж зандрав.

Настан бууж өгсөнгүй, “Учирлаж байхад уурладаг хэн бэ чи. Чамд загнуулах гэж суусан болж байна уу” гэж үг сөрөв. Жолооч “Зайлаад өгөөч ээ. Явж болохгүй байна, толь хаачих юм” гэж хашгирахад зорчигчид өнөөх настанд хандан “Та ийшээ суу. Цаад жолооч чинь олон хүний амь нас авч яваа хүн. Хэрүүл хийж яваад осол гаргавал яана. Ерөөсөө та л буруутай” гэж шуугилдаж эхлэв. Настан зогссон газраасаа хөдөлсөнгүй. Гэтэл жолооч автобусаа хэд, хэд хаазлан, тоормозыг нь гишгэн, зорчигчдыг хэдэн тийш савлуулав.  Эцэстээ кабинаасаа үсрэх шахам гарч ирснээ настныг гуд татан, хойш түлхлээ. Дээрэнгүй үйлдлийг нь зорчигчдын нэг хэсэг шүүмжилж, нөгөө хэсэг нь  настныг буруутгасаар хоёр тал болон хэсэг хугацаанд маргалдав. Харин настан жолоочийн талаар Нийтийн тээврийн 326352 дугаарт гомдол мэдүүлэхээр болсноор маргаан намжсан юм.

Автобусных нь паар халдаггүй, удаан хүлээлгэдэг, зарим жолооч харилцааны соёлгүй зэргээс болж, зорчигч, жолооч нарын дунд иймэрхүү маргаан гарах нь олонтаа. Зарим тохиолдолд барилцаад авах нь ч бий. Өнгөрсөн жилүүдэд гарч байсан зөрчил өнөө жил дахиад л давтагдаж байна. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх цаг нь болсон ч гэлээ паар нь халдаггүй, салхи сийгэдэг автобусныхаа өвлийн бэлтгэлийг хангахад шинээр автобус худалдан авах хэмжээний зардал шаардахгүй. Гэтэл жолоочтойгоо, зорчигчтойгоо хөлдөх шахам явж буй нь өвлийн бэлтгэлээ хангаагүйг л харуулж байгаа хэрэг билээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 88 чиглэлд 944 автобус өдөр бүр нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг байна. Иймээс Нийслэлийн Тээврийн газраас аян зарлаж, дулаан автобус үйлчилгээнд гаргахад анхаарахгүй бол ес эхлэхэд чөмөг царцааж мэдэхээр байна.

Уг нь нийтийн тээвэр нь хүлээлгэдэггүй, дулаахан, саадгүй зорчдог байсан бол айл болгон автомашинтай болж, түгжрэлд түгжрэл нэмэн, цаг, шатахуун хоёроо үрэхгүй л болов уу. Олон цагийн түгжрээнд нийтийн тээвэрт явж буй автобуснууд ч түлшийг хэдэн тонноор нь “идэж” байна.  Тэр хэрээр алдагдлаа өсгөдөг.

Шатахууны үнэ өссөнөөс нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын алдагдал долоон тэрбум төгрөгт хүрсэн тухай саяхан Нийтийн тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдэгдсэн. Нийслэлийн 2019 оны төсөвт энэхүү алдагдлыг нь нөхөх зорилгоор шаардлагатай хөрөнгийг ч суулгаж өгсөн. Нийтийн тээвэр нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчино гэдэг хотын даргын гаргасан журмыг хаа, хаанаа мөрдөөд, тээврийн замын цагдаа нь мөрдүүлээд хэвшчихсэн бол татвар төлөгчдийн мөнгөнөөс долоон тэрбум төгрөгийг ирэх жил автобус компанийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй л байсан болов уу.

Түгжрэлд нийтийн тээврийн компаниуд хэчнээн их түлш “цацдаг”-ийг холбогдох газрууд нь мөн гаргаж, тооцоолол гаргах цаг нь ч болжээ.

Хүйтэн тохьгүй автобусаар үйлчлүүлж байж, давхар алдагдлыг нь үүрэх нь зорчигчдын хувьд том шийтгэл шүү дээ, үнэндээ бол.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж