Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн форум-2018 хурал өнөөдөр Туушин зочид буудалд болж байна. Тус хурлыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ.
Тэрбээр дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлт, үйлдвэрлэл, хэрэглээний хэт өсөлтөөс үүдэлтэй байгаль орчны бохирдол, доройтол, ядуурал зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх санхүүжилт, тэр дундаа ногоон хөрөнгө оруулалтын боломжит хувилбаруудыг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр бүхий л түвшинд анхаарал хандуулж байна.
Манай орны хувьд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй их эрсдэл учирч, байгалийн аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна. Түүнчлэн хотын төлөвлөлтгүй тэлэлт, дэд бүтцийн байгууламжийн хүрэлцээгүй байдал, техник технологийн хоцрогдлоос шалтгаалсан хот, суурин газрын агаар, орчин бохирдол үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа.
Бидний өмнө тулгамдаад байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн, байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан санал санаачилгыг бодлогоор дэмжин, уялдуулан зохицуулах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тэргүүлэх чиглэлийн нэг юм.
Яамны зүгээс байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, Засгийн газрын худалдан авалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх, банк санхүүгийн салбарт тогтвортой санхүүжилтийн зарчмыг нэвтрүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.
Үүний нэг жишээ нь манай Яам анхнаас нь бодлогоор дэмжиж ирсэн Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг өргөжүүлж, ногоон эдийн засгийг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Энэ хүрээнд Монголын Банкны Холбоо, Сангийн яамтай хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй, хэмнэлттэй “ногоон” төсөл, санаачилга, үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих “Монголын Ногоон санхүүгийн корпораци” байгуулах бэлтгэл ажиллагааг ханган ажиллаж байна гэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ
Холбоотой мэдээ