ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр нэр дэвшигч нар өөрсдийн ном бүтээл, эмхэтгэл зэргийг бүрэн эхээр нь дэлгэн үзүүлж байгаа юм. Нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр академич нар ирж сонирхлоо.
Үзэсгэлэнд зорьж ирснээр та бүхэн нэр дэвшигч эрдэмтэнтэй биечлэн уулзаж тухайн эрдэмтэн Монголын болоод дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хэрхэн хувь нэмэр оруулсан талаар нь танин мэдэж авах боломжтой юм. Энэ удаа нийгмийн ухааны салбараас 3, Физик, математик, химийн салбараас 2, Геологи, газарзүйн салбараас 1, Биологийн салбараас 1, Техник, технологийн салбараас 2, Анагаах ухааны салбараас 3, Хөдөө аж ахуйн салбараас 2 эрдэмтэн нэр дэвшиж байна.
Үзэсгэлэн өнөөдөр, маргааш 2 өдөр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт 10-17 цагийн хооронд дэлгэгдэх бөгөөд сонирхсон хүн бүрт нээлттэй.
Эх сурвалж: ШУА