Монгол Улс, БНХАУ хооронд хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн анхдугаар хурал өчигдөр Аж үйлдвэрийн яаманд болсон байна.
БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад өнгөрсөн оны наймдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Худалдааны яам хооронд “Монгол Улс, БНХАУ хооронд эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах” тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан аж.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Монголын талаас Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, анхдугаар хуралдааныг хийсэн нь энэ юм байна. Тус ажлын хэсэг нь Эрээн-Замын-Үүдийн боомтыг түшиглэн чөлөөт бүсийн газар зүйн байршлыг тогтоох, дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудлыг судлах, БНХАУ-ын ажлын хэсэгтэй хамтарсан уулзалт зохион байгуулж, хил дамнасан чөлөөт бүсийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой. УИХ-ын намрын чуулганаар Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн баталж, Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, улмаар хил залгаа орнуудтай хил дамнасан чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд хөрш орнуудтай хилийн боомтыг өргөжүүлэн хөгжүүлэх, хилийн боомтын бүсэд чөлөөт бүсийг байгуулах нь хил орчмын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж холбогдох албаныхан үзэж байна.
Г.НАРАН