Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн болоод Хүний эрхийн олон улсын өнөөдөр /2018.12.10/өдөр тохиож байна. Энэ өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Хүний эрхийн Үндэсний комисс”-той хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэхүү арга хэмжээнд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ийн Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, гишүүн Н.Ганбаяр, гишүүн Л.Оюунчимэг болон Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Цэнгэлсайхан нар оролцсон юм.
Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж: “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Олон улсын Хүний эрхийн энэ өдрийг дэлхийн олон оронд өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Энэхүү тохиолыг тохиолдуулан ХЭҮК цаашид Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна. Энэ нь манай байгууллагуудын хамтын ажиллагааны шинэ ажил, шинэ алхмын эхлэл юм" гэв.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл: “94 жилийн түүхтэй Монголын Эмэгтэйчүүдийн холбоо Хүний Эрхийн Үндэсний комисстой хамтран хүний эрх зөрчигдөж буй олон асуудалд хамтран ажиллахаар болж байна. Өнөөдрийн бидний оршин буй нийгэмд алхам тутамд, ямар нэг хэмжээгээр хүний эрх зөрчигдөх тохиолдлууд цөөнгүй ажиглагддаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өвлийн хүйтэнд эмэгтэй хүн, эмнэлгийн хашаан дотор гадаа төрсөн асуудал. Энэ нь тухайн хүнд Үндсэн хуулиар олгогдсон “Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд аж төрж, амьдрах эрх” нь зөрчигдөж байгаагийн тод илрэл юм. Энэ мэтчилэн охид, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн эрх зөрчигдсөн асуудлуудад бид дэс дараатайгаар анхаарлаа хандуулж ажиллах болно.
Мөн ХЭҮК-той хамтран ажилласнаар хүний эрхийг хамгаалах, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрхийг нэн тэргүүнд хамгаалахад ахиц дэвшил гарна гэж үзэж байна. Манай улсад хүний эрхийг хамгаалах тогтолцоо бий болсон ч хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах зөрчлүүд буурахгүй байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хамтран ажиллаж үр дүнд хүрэх нь чухал байна" хэмээн хэлсэн юм.
Холбоотой мэдээ